Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Харшлыг эмчлэхгүй удах нь астматай болгодог
2012 оны 06 сарын 22
ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднааханд Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч. Тэрээр харшлын эмчээр 25 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө хүүхдийн харшлын эмч бэлтгэх ажилд хүчин зүтгэж, хүүхдийн эмч нарт энэ өвчний талаар хичээлийг зааж байна.

Урин дулаан цаг ирж буй энэ үед ургамлын тоосонцрын харшил, нарны харшил эрс нэмэгддэг. Тиймээс энэ өвчний тухай Н.Раднааханд эмчээс асуулаа.

ХАРШЛЫН ӨВЧИН ДОЛООДУГААР САРААС ИДЭВХЖДЭГ

-Дулааны улиралд хүмүүсийг зовоодог өвчний нэг бол харшил. Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөр өвдөхөд хоёр, гурав хоноод эдгэрдэг бол энэ өвчин бараг эдгэрдэггүй. Жил бүр л хүмүүсийг зовоосоор байдаг. Тийм болохоор харшлын өвчин юунаас үүсдэг, хүмүүсийн олонхи нь энэ өвчнөөр яагаад өвдөөд байдаг тухай асуултаар ярилцлагаа эхэлье?
-Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд харшлын өвчин багасах улирал бараг байхгүй болсон. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтрах нь багасангуут зун болж зүлэг ургаж, модод нахиалж эхлэхэд ургамлын харшил эхэлдэг. Гэхдээ хүмүүсийн харшил хамгийн их хөдөлдөг хугацаа бол долоодугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх хугацаа юм. Энэ үед харшилтай хүмүүс эм тариагаа хэрэглэж занших хэрэгтэй.

-Насны хувьд авч үзвэл...?
-Ямар ч насны хүнд ургамлын харшил үүсч болно. Манай эмнэлгээр нэг настай хүүхдэд ч ургамлын харшилтай гэж оношлогдож байсан. Ихэвчлэн цэцэрлэгийн ахлах анги, сургуулийн наснаас эхлээд цааш үргэлжилдэг. Ялангуяа, хотын оршин суугчид, оюуны хөдөлмөр эрхэддэг хүмүүст элбэг тохиолддог. Тиймээс харшил хөдлөхөөс өмнө эмчилгээгээ эхэлбэл үр дүнтэй байдаг учраас мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч зуны эмчилгээнд орох хэрэгтэй гэдгийг хэлье.

ХАРШЛЫН ӨВЧИН ХАЛДАХГҮЙ, УДАМШДАГ

-Мод ногоорч, зүлэг ургах нь тавдугаар сарын дундаас эхэлдэг байтал яагаад долдугаар сарын дундаас харшил ихэсдэг юм бол?
-Зуны харшлын хөдлөлийг оргил үеэр нь хаврын, зуны, намрын гэж гурван үе болгон хуваадаг. Ялангуяа, долдугаар сарын дундаас шарилж луульны тоосоо гүвэх үе эхэлдэг. Шарилж луульны тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхилагдсан газар ургадаг болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэдэг. Энэ нь зүлэг ногоогоо тайрч янзалдаггүй хотынхонд тохирсон ургамал болохоор арчилгаа голдоггүй. Тиймээс бусад ургамлыг бодвол их хэмжээгээр тархан ургаж харшил үүсгэдэг.

-Нэг гэр бүлийн хэд хэдэн хүн адилхан харшилтай байх юм. Харшлын өвчин халддаг уу, удамшдаг уу?
-Харшлын өвчин халдахгүй. Хүүхэд эхээс төрөхдөө эцэг, эхийнхээ харшламтгай байдлыг удамлан төрдөг. Тэр харшламтгай байдал нь хожим харшлын өвчин болж илэрдэг. Гэхдээ сайн хамгаалж чадвал бага зэргийн харшлын урвал илрээд, намдах нь ч бий.

-Тэгвэл бага насны хүүхдийг харшилтай байж болох анхны шинж тэмдгийг яаж мэдэх вэ?
-Хүүхэд төрөхдөө хөөнгө том, насандаа тохирохгүй илүүдэл жинтэй байх, арьс нь нурамтгай эсвэл толгой нь хагтах, хацар нүүрээр нь улайлт туурах зэрэг шинж илэрдэг. Мөн ханиад хүрэхээрээ цээж барих, удаан ханиах, шөнө их ханиах, гүйж тоглохоороо ханиах зэрэг шинж ажиглагдана. Тиймээс хүүхдээ харшилгүй байлгаж, хамгаалахын тулд гэртээ амьтан тэжээхгүй байх, эцэг, эх нь тамхи татахгүй, бас гэртээ тоос татах хивс дрож, зөөлөн буйдан, үстэй тоглоом бага байлгаарай.

ХҮҮХДЭД Ч БАС ТОМЧУУДТАЙ АДИЛХАН ЗОВИУР ИЛЭРНЭ

-Харшлын шинж тэмдэг ихэвчлэн биеэр юм туурах, нус гоожих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүүхдэд ч бас ийм шинж илрэх үү?
-Адилхан. Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох, нуухтах зэрэг шинж илэрнэ. Гэхдээ нүд, хамрын зовиур ихэвчлэн хамт явагддаг.

-Хамар, нүдээр илрэх харшлыг манайхан ханиадтай андуурдаг. Үүнээс болж янз бүрийн эм уух, өвчнөө хүндрүүлэх асуудал гардаг. Энэ үед эмчид хандахгүй, өвчнөө зөв оношлуулахгүй яваад байвал ямар нэг хүндрэл үүсэх үү?
-Харшлаа ханиад гэж буруу эмчлүүлэх, эмчлэхгүй удах, дан ганц хамрын дуслаар аргацааж удах зэргээс манайхны хэлдгээр астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин болдог. Бас өвчлөөд удаагүй, зөв эмчилж байхад ч багтрааны шинж илэрдэг тал бий. Энэ нь тухайн хүний хэт мэдрэг байдлаас шалтгаалж, их шарилжтай газар ажиллах, машины цонхоо онгойлгож хол газар өвс ногоон дундуур удаан давхих зэрэгт амьсгал давчдан багтрааны шинж үүсдэг.

-Зарим хүн "Шарилжны харшил эдгэх биш" гэж ярьдаг ч гэсэн сайн болгоныг авч хэрэглэдэг. Энэ нь мэдээж хүний биед хор нөлөөтэй биз?
-Ургамлын харшил бол улирлын чанартай. Бүх ургамлын харшил аваагүй зөвхөн шарилжны харшил авсан бол долдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл хоёр сарын хугацаанд шарилжгүй газар амрах, нутаг солих зэргээр шарилжнаас хол байж чадвал ганц ч эм хэрэглэхгүй эрүүл байх боломжтой. Хэрэв тэгж чадахгүй бол орчин үеийн хоргүй сайн эмийн ачаар мөн зовиургүй байж болно. Харин эмчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хэрэглэсэн болгон хортой байдаг. Зарим хүн кеналог-40, дексаметазон, преднизолон гэх мэт дааврын бэлдмэл хэрэглэж өөрийгөө хордуулдаг. Гэтэл зарим нь ганцхан нафазолин дусаасаар хамрын салстаа гэмтээх нь ч бий. Бас зарим нь ганц мэддэг хлорфенаминаа уусаар байгаад түүндээ дасал болж үйлчлэхээ больчихсон байдаг. Үүнээс мөн л гаж нөлөө илэрдэг.

ХАРШИЛТАЙ БОЛ УГААСАН ХУВЦСАА Ч ГАДАА ХАТААХ ХЭРЭГГҮЙ

-Харшлын өвчнийг сэдрээгээд байгаа шарилж, лууль хотын гудамж, талбайд хаа сайгүй л ургаж байгаа шүү дээ. Үүнтэй яаж тэмцэх вэ?
-Айл өрх, албан газрууд шарилж луулийг цэцэглэж үрээ цацахаас нь өмнө тайрч хаях хэрэгтэй. Зарим айл, албан газар шарилжаа устгаад зарим нь ургуулаад байвал тоос нь салхиар дамжин хаа ч хүрч харшил үүсгэж болно.

-Харшилтай хүмүүс эмнээс гадна ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Цонхныхоо салхивчийг өдөржин хааж, хүн, машины хөл хөдөлгөөн зогссон шөнө дундын үед онгойлгож, үүрээр хаах хэрэгтэй. Дээр нь гэр бүлийн гишүүд гадуур явж ирээд хувцсаа сольж, гэрийн хувцас өмсөн, толгойгоо угааж занших ёстой. Харшил хөдөлсөн үедээ харшил их үүсгэдэг архи, шар айраг, дарс, халуун ногоо, самар, жимс, далайн хоол зэрэг хоол хүнсийг аль болох бага хэрэглэ. Ургамал болгон өөр хоол хүнстэй солбих урвалаар харшил хөдөлгөдөг. Тухайлбал, хус, улиас, бургас модлог ургамлын тоосонд харшилтай бол алим жимс, самар, жимсний харшилтай байдаг. Харин намар болж шарилж, лууль хагдарч унасны дараа цонх болон гэрийн доторхи тавилгаа маш сайн цэвэрлэж ургамлын тоосноос салах хэрэгтэй. Угаасан хувцас, ор хөнжлийн даавууг гадаа хатаахад ургамлын тоос тунадасжин тогтох тул гадаа хатаах хэрэггүй.

-Энэ өвчинд нэг төрлийн эмийг удаан хугацаанд уувал дасал болдог гэж та хэллээ. Тэгвэл ургамлын тоосны харшилтай хүмүүс ямар эм уувал үр дүнгээ өгөх вэ?
-Манайд сүүлийн үед нойронд гаж нөлөөгүй, 24 цагаа барьж үйлчилдэг эм үйлдвэрлэж байгаа. Тэр тусмаа гуурсан хоолойн багтрааны үед амьсгалын замаар сорж хэрэглэдэг эм хүрэлцээтэй байгаа. Хамрын харшлын үед дааврын бэлдмэлийг ууж тарьж хэрэглэснээс хамартаа шүрших хэлбэрээр нь хэрэглэвэл маш өчүүхэн тунгаар хамгийн их үр дүнтэйгээр эмчлэгддэг. Ер нь хүмүүс харшлын эмчийн хяналтад орж, сорил тавиулж харшилтай ургамлаа тодорхойлуулаад, харшлаа хэдийнээс хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэж, тухайн үедээ ямар эм хэрэглэхээ мэдэж авсан тохиолдолд харшил даамжрахгүй.

Э.БЭРЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...