Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
“Ардын эрх” сонин 2000 дахь дугаараа толилуулж байна
2012 оны 09 сарын 26
Өдөр тутмын сонины  2000 дугаар гэдэг бол найман жилийн нөр их хөдөлмөр, сэтгүүлч сурвалжлагч нарын цаг нартэй уралдан  бүтээсэн оюуны өв хөрөнгө юм.  2000 өглөөг хамт угтаж 2000 оройг хамтдаа үдсэн хамт олондоо чин сэтгэлээсээ энэ  өдрийн баярын мэнд хүргэе. Мөн өнгөрсөн он жилүүдэд бидэнтэй хамт байж, улс орны амьдралд болсон үйл явдлуудаар хамтдаа “амьсгалсан” уншигчдадаа талархал илэрхийлж байна.

“Ардын эрх” өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа өдөр тутмын 14 сонины анхдагчдын нэг болж гарахдаа нийгэмд  шинэ үзэл санаа, шинэ хандлага төлөвшүүлэгч байж, олон нийтийн эрх ашгийг дээдлэх хэвлэл мэдээллийн үүргийг гүйцэтгэхийг ямагт хичээж ирснийг сонины маань хуудсууд гэрчилнэ. Тухайн үедээ нийгмийн анхаарал татсан олон чухал сэдвүүдийг “Ардын эрх” анх хөндөж байсныг дурсахад таатай байна.  Уул уурхайн олборлолт хайгуулын 200 гаруй лиценз эзэмшдэг нэгэн хувь хүний тухай эрэн сурвалжилсан нийтлэл 2004 онд “Ардын эрх” сонинд гарч, бид тухайн үедээ шүүхийн хаалга татахад хүрч байсан ч энэ нь уул уурхайн салбарт олон асуудал байгааг, энд олон нийтийн хараа хяналт, ил тод байдал хэрэгтэйг Монголын хэвлэлд хамгийн анх зарласан хэрэг байлаа. Төрийн ил тод байдал,төсвийн хяналт, албан хаагчдын хөрөнгө орлогийн мэдүүлэг,  засаг захиргааны шинэ бүтэц зэрэг олон асуудал  “Ардын эрх”-ийн байнгын сэдэв байсан. Үүн дотроос онцгойлон “Ардын эрх” сонин ардчилсан үнэлэмжид үргэлж үнэнч байж, мэдээлэл  нийтлэлдээ хүний эрх , нийтийн эрх ашгийг ямагт бусдаас дээгүүр тавьж байснаараа бахархаж байна. 2008 оны долдугаар сарын 1 –ний үйл явдлын дараах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байр суурь Монголын  ардчилал ямар эмзэг хэврэг байгааг, нийгэмд ардчилсан үнэлэмж суулгах ямар хэрэгтэйг харуулсан.  Төр гэдэг бол захирах биш харин  үйлчлэх үүрэгтэй, ард түмэн өөрсдөө байгуулсан хэрэгсэл, төр иргэдийнхээ эсрэг буу шагайх эрхгүй гэдгийг олон нийт ойлгож ухаарахад бидний оруулсан хувь нэмэр бий гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид ч энэ үзэл бодлоо нийгэмд түгээх зорилгоосоо ухрахгүй байх болно.

“Ардын эрх” сонин дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хэвлэлийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахаар зорьсны үр дүн нь www.news.mn сайт юм. 2007 оноос үйл ажиллагаагаа эхлэн одоо Монголын хамгийн олон уншигчтай мэдээллийн сайт болсон www.news.mn нь манай “Ардын эрх” сонины  хамт олны бүтээл юм. Нэг редакцид суурилан өдөр, цаг тутмын хоёр мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргах нь ачааллын  хувьд хүнд байсан ч бид үүнийг хийж чадсан.

Дэлхий дахин  гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, мэдээллийн технологид ар араасаа хувьсгал гарч, ертөнц даяараа  тоон системд шилжлээ. Мэдээ мэдээлэл өнөөдөр алт, зэс, нүүрснээс дутахгүй баялаг болж,  үүний хэрээр хэвлэл мэдээллийн зах зээл өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий байна. 21 зууны монгол иргэн дэлхийн иргэн байхын тулд мэдээллийн энэ их хурдаас хоцрохгүй байх ёстой. Дэлхийтэй нэг хэлээр ярихын тулд бидэнд дахин бас дахин өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага гарч байна.

“Ардын эрх” сонин өдөр тутмын сонины бизнест дэлхийд  нэр хүндтэй брэндтэй хамтарсан шинэ бүтээгдэхүүн  гаргахаар зорьж байгаагаа дуулгахад таатай байна. “Төрийн бус түмний хэвлэл” тодотголтой 2000 дугаараа гаргасан  “Ардын эрх” сонин дахин өнгө төрхөө өөрчилж, дэлхийн брэндтэй хамтарсан хэлбэрээр 2013 оны эхний улиралд уншигчдынхаа гарт очно. Шинэ мэдлэг чадвар,  өндөр хариуцлага  шаардсан нөр их ажил өмнө хүлээж байгаа ч энэ төслийнхөө амжилтад эргэлзэхгүй байна.

Дахин шинэ хэлбэрээр гарах “Ардын эрх” сонины 2001 дэх дугаар хүртэл бэлтгэл ажилд зориулан нэг улирлын завсарлага авч байгаагаа эрхэм уншигчдад  дуулгах нь энэхүү зурвасын хамгийн хүнд хэсэг байна. Өдөр тутмын сонин хэдийгээр заримдаа зогсолтгүй эргэлдэх стресс ачаалал байдаг ч биднийг бусадтай холбож байдаг амьд хэлхээ холбоо, зүрх сэтгэлийн сэжим юм. Та бүхэн “Ардын эрх” сонины сэтгүүлч сурвалжлагч,  тоймчдын бүтээлийг урьдын адил www.news.mn сайтын хуудаснаас унших болно. Мөн “NEWS” агентлагийн шинэ салбар “News Production”  уран бүтээлээ  “Ардын эрх”-ийн олонд танигдсан нийтлэлч, тоймчидтой хамтран хийх юм. Тэгэхээр бидний зүрх сэтгэлийн сэжим тасрахгүй гэдэгт итгэж болно. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье.   

"News" агентлагийн захирал,
“Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Б.ТЭМҮҮЛЭН


Анхны "Ардын эрх" 1924 он               Шинэчлэгдсэн "Ардын эрх" 2004.12.01
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Ардын эрх: 2000
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ: