Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Цагдаагийн хэлтсийн дарга нарыг томилж эхлэв
2012 оны 11 сарын 02
Өчигдөр нийслэлийн дүүр­гүүдийн цагдаагийн хэлтсийн ал­ба хаагчид хөл толгойгоо олохгүй бужигнаж өнжив. Хэлтсүүдийг хоёр хувааж, дарга нарыг нь томилсноос тэр. Хэлтсийн дарга нараас гадна тасгуудын дарга нарыг ч томилж эхэлжээ. Нэг хэлтэс  Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хэв журмын тасаг гэсэн хоёр тасагтай болж буй аж. Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хуучин бүтцээр Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах тасаг нь харьяалагдаж буй гэнэ. Ийнхүү хууль зүйн салбарын шинэтгэлийн хүрээнд цагдаагийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт эхэллээ. Уржигдар ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байхаар Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг  хийж эхэлжээ. Өчигдөр ч ЦЕГ-ын даргын зөвлөл бүтэн өдөржин хуралдаж өнжсөн бөгөөд бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан шинэ томилгоонуудыг ар араас нь хийж байгаа гэнэ. Олон тушаал зэрэг гарч байгаагаас ЦЕГ-ын дарга амжиж гарын үсэг зуран, тушаалаа албажуулж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл ч байв.

Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайн­жаргалаас мэдээлэл авахаар хандахад, “Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх гээд амжсангүй, маргааш албан ёсоор  мэдээлэл өгнө” хэмээв.

Юутай ч өчигдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн хэлтсийг 12 болгон өргөтгөсөн бөгөөд дарга нарыг нь томилжээ. Зарим дарга нарын тушаал гарч, ажлаа хүлээж авсан бол зарим нь шийдвэр сонсчихоод тушаалаа хүлээж суулаа.

Баянзүрх дүүргийн цагдаа­гийн нэг хэлтсийн даргаар  хэд хоногийн өмнө татан буугдсан Хөдөлгөөнт эргүүлийн газрын дарга асан хурандаа Б.Эрдэнэ­ном, нөгөө  хэлтсийн даргаар нь Улсын мөрдөн байцаах газар мөрдөн байцаагч хийж байсан Пүрэвсүхийг томилж, тэд ажлаа хүлээж авчээ.

Хан-Уул дүүргийн хоёр цагдаагийн хэлтсийн нэгнийх нь даргаар тус хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаа хошууч Ц.Амгалан-Энхийг дэвшүүлэн томилсон байна. Харин нөгөө хэлтсийн даргаар нь УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Р.Отгонжаргалыг томилжээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёр хэлтсийн даргын нэг нь НПГ-ын хяналтын прокурор бат  Г.Бат-Оршихын төрсөн дүү Г.Батсуурь, нөгөө нь  Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Ө.Бакыт болжээ.

Сүхбаатар дүүргийн цагдаа­гийн нэг хэлтсийн даргаар Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн дарга  А.Дамбийнямыг томилсон гэх мэдээлэл байгаа бол хоёр дахь хэлтсийн дарга нь Завхан аймгийн цагдаагийн хэлтсийн дарга А.Батбаяр болж байна.

Чингэлтэй дүүргийн цагдаа­гийн хэлтэс мөн хоёр хуваагдсан бөгөөд даргаар нь Хөдөлгөөнт эргүүлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга байсан Г.Эрхэмбаяр, ЭЦГ ажил­лаж байсан Г.Эрдэнэбаатар нарыг томилжээ. 

Баянгол дүүргийн цагдаа­гийн хэлтэс  мөн л хоёр хуваагдсан бөгөөд нэг дарга нь  Н.Амар­заяагийн оронд хориод хоногийн өмнө томилогдсон Л.Батбаяр хэвээр үлдэж байгаа бол нөгөө даргаар нь  Хөдөлгөөнт эргүүлийн газар  хэлтсийн даргын алба хашиж байсан Батцэрэнг томилжээ.

Хэд хоногийн өмнөөс цагдаа­гийн байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр яригдаж, бүтцээ хүлээсэн хүмүүс ажилгүйшахам сууж байсан. Тэгвэл өчигдрөөс цоо шинэ бүтцийн эхлэл тавигдаж, алба хаагчид бужигналдаж эхэллээ. Дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүүхдийн ахлах, архины ахлах, олон нийттэй харилцах ахлах гэх мэтчилэн найман ахлах байцаагч байсныг  цөөрүүлж, 1-2 ахлахтай байхаар бүтцийг өөрчилж байгаа сурагтай. Харин нийслэлийн нэг сая 300 мянган хүнд бүгдэд нь хүрч үйлчилж, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй цагдаагийн тоог нэлээн сайн нэмэгдүүлж байгаа гэнэ.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...