Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
С.Шаарийбуу Ерөнхийлөгчид ханджээ
2013 оны 1 сарын 12
Малайзын харгис хэрцгий алуурчдын гарт долоон жилийн өмнө учир битүүлгээр амиа алдсан манай улсын иргэн Ш.Алтан­туяагийн аав С.Шаа­рийбуу Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржид хан­даж ил захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүмүүний амьдрал жаргал зовлонгийн дэнсэн дээр савлаж байдаг. Азгүй надад хэтэрхий хүнд зүйл тохиолдсон нь харамсаад баршгүй. Тийм ээ! Малайз улс, Нажибын Засгийн газраас Монгол Улс, манай ард түмэнд “Уучлаарай” гэдэг үгийг албан ёсоор хэлүүлэхийг хүлээсээр, үүний төлөө долоон жил явлаа бид.

Шударга шүүх, авцаа өгцөөгүй байдал, улс төрийнхөнд бие сэтгэл, ажил үйлсээ үнэлүүлдэггүй газар гэж хаа ч байдаггүй юм байна. нөгөө бидний тахиж шүтэж, шагшин магтаж, үлгэр авч дууриаж, үг үйлээр нь дагаж яваад байгаа ардчилал нэвт шингэсэн орнуудын үнэн нүүр царайг би биеэрээ үзлээ. Өнгөн дээрээ их хөгжил гял цал юм харагдавч, үнэндээ бол элдэв муу муухай нь байж л байх юм билээ. Наад захын жишээг хэлэхэд таксины жолооч хэлсэн мөнгийг нь өгвөл тухайн газарт чинь хүргэж, эс тэгвэл хотоор тойрч тойрч хаа ч хамаагүй төөрүүлж хаяна Цагдаа таньд үзлэг хийж байна гээд хурууныхаа салаанд жаахан цаасанд боосон хар тамхи хавчуулснаа гаргаж ирээд л “Өө, энэ Монголыг хараач” гэж гөрдөн хэрэгт холбогдсон хэсэг хүний дунд аваачиж нууцаар зургийг чинь авчихаад тэдний хамсаатан болгочихдог юм.

Манайхан тэнд англи хэл сурч байна гэдэг. Ганц нэг нь хэл сурч байгаа байх аа. Олонхи нь дэмий тэнэж, архагууд нь ядарсныгаа дээрэмдэж, эсвэл тэндхийнхний золиос болж явах юм билээ. Тэр оронд монголчуудын гэх ямар ч төлөөлөл байхгүй болоод удаж байна. Орных нь хүнийг манай тал олж сонгож тавих ёстой ч сайн хүн олдохгүй байгаа гэсэн. Өргөмжит консул гэж байсан хүнээс ирүүлсэн нэгэн албан мэдэгдэлдээ “Би Санжийн Баярын даалгаврыг биелүүлж байсан. Одоо боллоо, би гаръя” гэсэн байдаг юм. С.Баяраас тухайн үед “Та ямар даалгавар өгч байв” би асуулгасан. Тэрээр өдөр тутмын сониноор “Би тэр хүнийг огт танихгүй” гэж хариулсан. Гэтэл танихаар барах уу даа. Түүнийг сайн ажилласан гэж төрийн одонгоор шагнуулаад явуулсан шүү дээ. Яагаад түүний тухай дурьдана вэ гэвэл, тэр хүн хэргийг өөрсдийн талд ашигтай болгоход манай эрх мэдэлтнүүд, гол албаныхантай тохирох, зуучлах ажлыг гардан хийсэн “гавьяатай” нэгэн.

Ер нь иргэнийхээ төлөө манайхан юу хийж, хэрхэн ажилладаг, тусгаар улсад хүний эрх гэдэг хүчтэй зүйл байдаг гэж би боддог байлаа. Одоо л нэг ачийг нь үзэж, хүчийг нь харна даа гэж горьдсоор, хүлээсээр долоон жилийн нүүр үзэж, зуугаар тоологдох өргөдөл бичиж, олон яам, хүний эрхийн байгууллагын хаалгыг хоёр зуу гаруй удаа татлаа. Дөрвөн Засгийн газрын нүүр үзлээ. Эхний үед “Бид тулгамдаж байна, харзная” гэдэг байлаа. Тэр нь ч үнэн байсан. Эрх биш улс юм болохоороо дипломат нэг хэвийн үгтэй нот бичиг хэдийг явуулсан. Тэгээд л таг болсон. Гэтэл уг бичигтээ “Шударга шүүх үнэнийг шийдэх байх гэдэгт найдаж байна” гээд “үргэлжлүүлэн “Манай өргөмжлөлт консул Датук Сайед Абдул Алхабшийн эрх ямбыг эдлүүлж байхыг хүсье” гэж бичсэн байдаг юм.

2008-2012 онд Тайлан­дын вант улсад Элчин сайдаар томилогдсон Л.Даш­пүрэв гэгч Малай­зад итгэмжлэх жуух бич­гээ барилгүй дөрвөн жил болоод ирсэн. Тэнд олон монголчууд сурч, ажиллаж амьдарч, зарим нь хар тамхи, хүний наймааны золиос болж байхад яагаад тэднийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой Элчин сайд ард түмнийхээ мөнгөөр цалинжиж зүгээр явж байгаад ирнэ вэ. Биднийг чимээгүй байхад иргэнийг нь хөнөөж, бусдаар нь тоглож байгаа улс ашгүй дээ л гэж харж сууна биз дээ. Нөгөөтэйгүүр, хэргийг захиалсан, гүйцэтгүүлсэн Малайзын одоогийн Ерөнхий сайдын багын анд, улстөрийн зөвлөх Багиндаг цагаатгахад нөлөө үзүүлэх утгатай албан тоотыг Монголын тал явуулсан байдаг гэвэл та итгэх үү. Үгүй байлгүй дээ!

Тэр бүү хэл, энэ олон жилд манай талаас албаны хүн очиж, Малайзын хууль, шүүхийн байгуул­лага, гадаад яамтай нь албан ёсоор уулзаж байсангүй. Тайланд дахь ЭСЯ-ны ганц нэг ажилтан очсон боловч миний өмгөөлөгчтэй уулзахаас хэтэрсэнгүй. Тэр ч бүү хэл шүүх хуралд иргэнээ өмөөрч үг хэлээч гэж хүсэхэд зугтаагаад “00”-ийн өрөөнд орчихсон байсан гээд л бод доо. Түүнээс хойш иргэний асуудал хариуцсан ажилтаны орон тоог хассан тул одоо хүн хүчгүй болжээ. Ингэж л эзэнгүйдүүлж, хардаж хэлбэл манайхан Нажибын Засгийн газарт “Сүх далайтал үхэр амьдрах” боломж олгож, магадгүй тохиролцож байсан гэмээр зүйлүүд бодогддог юм. Арай ч тэгээгүй байлгүй дээ. Бурхан минь. Арга ядахдаа би 2010 оноос Хууль зүйн яам, Хүний эрхийн комисс, Хүүхдийн эрхийг хамгаалах газар, Гадаад харилцааны яам юу хийж болох талаар ажлын төлөвлөгөө хийж хүргүүлсэн. Жил болсоны дараа араас нь хөөцөлдвөл төлөвлөгөөтэй танилцсан хүнгүй, зарим нь уг бичгийг хайгаад ч олохгүй байлаа. Эцэст нь “Уучлаа­рай! таньд үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэсэн бичиг хийж өгсөн дөө. Монгол хүн ийм л үнэтэй байна уу даа. Уг төлөвлөгөөнд ажлын хэсэг томилон Малайзын холбогдох газруудтай нь уулзаж, гацсан харилцааг хөдөлгөх аргаа олооч гэж хүссэн юм. Малайзын талд энэ тухайгаа мэдэгдсэн боловч хариу алга. Ажлын хэсгийн очоод хийх ажлыг бэлтгэлийг хангах зорил­гоор нэг хүн явуулъя гэтэл явуулах хүн олддоггүй бололтой. Саяхан би Тайландад суугаа Элчин сайдтай уулзлаа. Түүнийг томилсон зарлиг нь очоогүй болохоор яаж ч болохгүй байна гэнэ. Тэр Элчин сайд томилогдоод хагас жил болох гэж байна. харилцаагаа хурдхан сэргээх нь иргэдэд маань л хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд миллиард хүн амтай Энэтхэг улс иргэнийхээ төлөө яаж санаа тавьж байгааг эрхэм Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд та бүгд харж л байгаа шүү дээ. Цөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, нэг гэлтгүй иргэнийхээ төлөө анхаарч баймаар юм. Хүний эрхийн комисс хоёр хоногийн өмнө тайлангаа тавилаа. Иргэдийнхээ төлөө ихийг хийж түүнийгээ тайлагнасан байх гэж найдна.

Долоон жил энэ хэр­гийн араас хөөцөлдөхдөө би мөн ч олон дарга, сайд, Их хурлын гишүүдийн нүүр харлаа, уулзлаа. Тэнд хэнбугай сууж байдгийг сайн мэдэх болсон. Юу ч гэж хэлэх вэ дээ! Хөөрхийс! Тун удахгүй Малайзад “зуун жил” эрх барьсан намынх нь сонгууль болно. Ийм үед нь улстөржүүлж, Нажиб /анддаа/ даргад гай болоод яах вэ гэсэн бодолтой байж таарахгүй. Харин ч асуудлыг улам хурц ярих ёстой бус уу.

Эцэст нь би саналаа хэлж, хүсэлтээ хүргүүлье гэж зорилоо.
1.Монголчуудаа! Би та бүхнээс Энэтхэгчүүд шиг жагсаад өгөөч гэхгүй. Харин гадаадын сайтуудад саналаа байр­шуулж, Малайзынханд бага ч болов шахалт үзүүлж өгөөч гэж хүсч байна.

2. Би энэ асуудлаа шийдэх олон боломжийг эрэлхийлсэн боловч төдийлөн үр дүнтэй зүйлд хүрсэнгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө ! Би таньд ард түмний төлөөлөгч, шударга үнэний төлөө тэмцэгч, ард түмэнтэйгээ амь нэгтэн гэдгээр тань хандаж байна.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон иргэн С.Шаарийбуу

Эх сурвалж: "Зууны мэдээ"


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...