Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ахмадууд хөдөлмөр эрхэлнэ
2013 оны 2 сарын 3
Насаараа төрийн алба, нийгмийн бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулаад, тэтгэвэртээ сууж байгаа ахмад настан болон тэтгэвэрийн насны ажил хийх боломжтой хүмүүсийг нийгмийн бүх салбарт “ашиглах” буюу тэдний туршлага, мэдлэгээс хуваалцах шинэ санаачлагыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам санаачилжээ. Үүний хүрээнд “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт (02.01) Дархан-Уул аймагт болж өндөрлөлөө. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ахмад настнуудын төлөөлөл оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, НҮБ-ийн төлөөлөгч зэрэг олон хүмүүс оролцсон.

Тус яамнаас хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан ахмад настан, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдийн зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн эхнийх нь ахмадуудын зөвлөгөөн юм байна. Өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа ирээдүйн хөгжилд оролцуулах, тэдний зөвлөгөө, тусламжийг нийгмийн бүх салбарт ашиглаж, хүн амын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилготой зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ зөвлөгөөний эхэнд онцолсон.

Дэлхий дээр 10 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай байдаг бөгөөд Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь өндөр настан буюу 60-аас дээш насны ахмадууд байдаг аж. Хүн амын дундаж насжилт ихэсч, хөдөлмөрийн чадамжтай ахмадуудын тоо нэмэгдэж байгаа энэ үед шинэчлэлийн Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд болон ажлын чадвартай ахмадуудыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу боловсон хүчинд өвлүүлэн үлдээх нь чухал гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үзэж байгаа аж. Дэлхийн олон оронд энэ туршлагыг хэрэгжүүлдэг юм байна. Тиймээс тус яам Монголын ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, гэрээгээр ажиллуулах зэргээр мэдлэг туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Зөвлөгөөнөөр ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл урт наслах, нийгэм, олон нийт, гэр бүлийн ээлтэй орчинг бүрдүүлэх замаар ахмад настнуудын  хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого, тэтгэврийн даатгалын шинэчлэл, ахмад настны  нийгмийн халамж үйлчилгээ, хүүхэд, гэр бүлийн төлөвшилд ахмадын үүрэг зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм. Мөн ахмадууд өөрсдөд болон тухайн орон нутгийн ахмадуудад тохиолддог хүндрэлтэй, тулгамдаж буй асуудал болон зөвлөгөө зааврыг төлөөлөгчидтэй хуваалцан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын гишүүд, бусад холбогдох албаныхантай санал солилцсон. Бүтэн өдрийн турш чуулсан зөвлөгөөний дараа ахмадууд бичгээр 40 орчим, өөрсдийн биеэр 63 асуултад хариулт авахыг хүссэн юм. Харин С.Эрдэнэ сайд энэ асуултад өөрийн биеэр хариулж, бичгээр хүргүүлнэ гэдгээ ахмадуудад амалсан юм.

Зөвлөгөөний үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Зөвлөгөөний гол зорилго нь юу вэ. Энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ахмадын улсын зөвлөгөөний гол зорилго нь өнөөдрийг харж хийж байгаа зүйл биш. Монгол Улс НҮБ-ийн Хүн амын сантай хамтарч хийсэн судалгаагаар 2025 оноос эхлээд насжилтын асуудал үүсч, 2030 онд идэвхжиж, 2040 оноос оргил үедээ хүрэхээр судалгаа харагдаж байгаа. Хүн амын насжилт идэвхжихээр эдийн засгийн сөрөг үр дагавар нэмэгдэж, хурдац нь саарда зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Энэ бол дэлхийн хөгжилтэй улс оронд бий болсон сөрөг үзэгдэл. Монголын хувьд хүн амын насжилтын тааламжтай цаг үе. Ийм цаг үед ахмад настнуудын талаар авах арга хэмжээ, төрийн бодлогыг зөв тодорхойлж, бий болох насжилтын сөрөг үр дагаварыг даван туулах бэлтгэл ажлыг хангах үүднээс ахмадын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний ач холбогдол нь Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичигт ахмад настнуудын талаар авах төрийн бодлогыг хэрхэн тусгах талаар чиглэл, зөвлөмж гаргахаар зорьж байна. Ахмадуудын нийгмийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж, бодлого чиглэлээ зөв тодорхойлоход гол зорилго нь оршиж байгаа.

-Ахмадуудын хөдөлмөр  эрхлэлтийн талаар ярилцаж байна. Энэ зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулж байна. Ийм хуультай улс орнууд байдаг. Тухайлбал, Англи, Америк, Япон зэрэг орнуудад ахмад настны хөдөлмөрийг дэмждэг тусгай хууль, тогтоомж байдаг. Энэ хүрээнд ахмад настны хөдөлмөрийн тодорхой түвшинд үнэлж, энэ хуулийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг тодорхой татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтууд байдаг. Ахмадууд зөвхөн тэтгэврээр амьдрах биш, насан туршдаа хуримтлуулсан дадлага туршлагаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжид зөвлөгөө өгөх, туршлагаас хуваалцах маш олон боломж байгаа. Үүнийг дэмжсэн хуулийн төслийг яаралтай гаргах шаардлагатай байгаа юм. Хуулийн зүйл заалт, эрхзүйн зохицуулалт зэргийг хийхээр ажиллаж байна.

-Монгол Улсын хувьд ажилгүйдлийн тоо ихэссэн, залуучууд ажилгүй байгаа ийм цаг үед ахмад настнуудыг ажлын байраар хангах боломж бий юу?


-Хөдөлмөрийн насны  залуучуудад ажлын байр хүрэлцэхгүй, хомсдолтой байна гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийхэд, ажиллах хүчний хомсдол маш их яригдаж байна. Ажлын байр маш их байгааг олон нийтэд ил зарлагдаж байгаа. Харамсалтай нь ажиллах хүчин хомсдож эхэлсэн. Орлогоороо амьдрах үзэл буурч, бэлэнчилсэн, хөнгөн хялбар аргаар амьдрах гэсэн хандлага газар авсан байдал ажиглагдаж байна. Нөгөө талаас ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн ажлын онцлог өөр. Олонхи нь насан туршдаа хуримтлуулсан дадлага туршлага зөвлөгөө, тухайн үйл ажиллагаа явуулахад нь маркетинг, менежментийн чиглэлээр ажиллах нь илүү байна гэж харж байгаа. Баялаг бүтээхэд ахмадуудын оролцоо муу байна. Бүх өндөр настан, ахмадуудыг ажил хий гэж байгаа юм биш хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа ахмад настнуудын эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх нь чухал байгаа юм.

-Ахмадууд тэтгэврийн зөрүү буюу тэтгэвэрийн хэмжээ тэгш бус байдагт шүүмжлэлтэй хандаж байна. Цаашид тэтгэвэрийг нэмэх үү?

-Тэтгэвэрийн хэмжээг автоматаар нэмдэг байдлыг халах хэрэгтэй. Хуучин тэтгэвэрийг ийм төгрөгөөр нэмэх гэж байна гэж зарлаад, тэтгэвэр нь нэмэгдэх гэсээр байтал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, тэтгэвэр нэмсний үр дүн гардаггүй байсан. Тэгэхээр энэ жилээс Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтарч судалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулж, Засгийн газар тэтгэвэр нэмэх эсэхийг шийддэг хууль хэрэгжиж байгаа. Тиймээс удахгүй дээрхи хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч судалгаа хийнэ. Үүнээс үндэслэж Засгийн газар дараагийн алхмаа хийнэ.

Ш.ЧИМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...