Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
ТҮК-иудийн хувьчлалыг яагаад цуцлав?
2013 оны 2 сарын 19
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг баталж, төслийг ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болсон.

Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн хог цэвэрлэх, тээвэрлэхэд ямар өөрчлөлтүүд орох мөн ТҮК-иудийн хувьчлалыг ямар шалтгаанаар цуцалсан тухай Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

-Ямар учраас ТҮК-иудийн хувьчлалыг цуцалсан бэ?


-Нийслэлийн  зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний газруудыг 2007-2008 онуудад хувьчилсан юм. Хувьчлах явцад зарим дүүргийн ТҮК-д давуу эрх олгосон.  Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн ТҮК-д Энхтайвны гүүрний доорхи нийтийн эзэмшлийн талбайг хувьчилж өгсөн байдаг юм. Мөн нийслэлийн өмч хувьчлалын комисс тухайн үедээ төрийн өмчийн хороотой зөвшилцөж, зөвшөөрөл авалгүйгээр ТҮК-иудийг хувьчилсан байдаг юм. Мөн нийслэлтэй гэрээ хийхдээ зургаан ТҮК нь заавал биелүүлэх хэд хэдэн заалттай гэрээ байгуулсан. Гэвч эдгээрээс зарим заалтыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн өмч хувьчлалын комисс хуралдаад, ТҮК-иудийн хувьчлалыг цуцалсан. 

-ТҮК-иуд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад байгаа гэсэн. Яг ямар үндэслэлээр гомдол гаргасан бол?


-“Нэгэнт өмчилж аваад байсан хувийн өмчийг хууль бусаар төр буцаан авсан” гэх  үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна лээ. Үнэндээ хувьчилж болох, болохгүй объектууд гэж байдаг. Иргэдэд үйлчлэх ёстой байгууллагыг хувьчлаад өгчихөөр хувьчилж авсан тухайн байгууллага нь ашиг хараад ажлаа чанартай хийж өгдөггүй юм байна. Төр бол иргэдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдруулахын төлөө хэзээ ч ашиг харахгүй шүү дээ. Харин хувийн компаниуд төсөвлөсөн 100 төгрөгнөөс 50-ыг нь халааслаад, үлдсэн мөнгөнд нь тааруулж ажиллаад байдаг тогтолцооны гажуудал байсан юм.

-ТҮК-иудийн хувьчлалыг цуцалснаар ажилчдыг нь халсан уу?
 

-Нэг ч ажилтанг ажлаас нь халаагүй. Хувьчлагдсан ТҮК-иудад ажиллаж байсан ажилчдыг дүүргүүд нь хариуцан ажиллуулж эхэлсэн. Төсөв санхүүг нь дүүргээс шийдээд цалинжуулж байгаа.

 -ТҮК-иудыг төр мэдэлдээ буцаан авснаар ажилчдын цалин нэмэгдэх үү?


-Өмнө энэ ажлыг дүүргүүдээс мөнгө аваад хувьчлагдсан буюу хувийн байгууллагууд цэвэрлэгээг хийдэг байсан. Харин одоо дүүргүүд энэ асуудлыг өөрсдөө хариуцан хийж эхэлнэ гэсэн үг.Нийслэлийн засаг дарга шар хантаазтангууд болон ачигч, жолоочдын цалинг 80 хувиар нэмж 900 орчим мянган төгрөгт хүргэх чиглэл өгсөн.

-Нэг ажилтан өдөрт хэдий хэр талбайг цэвэрлэдэг вэ?


-Нормын дагуу бол нэг хүн өдөрт 7000 метр квадрат талбайг цэвэрлэх ёстой. Урьд нь бол ажилчид яг хариуцаж авсан газраа цэвэрлэдэггүй, дутуу цэвэрлэдэг гэх мэт гажуудлууд байсан.

-Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүснээр ямар дэвшил гарах вэ?


-Хот тохижилтын газраас хотын төвийн замыг буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг замыг тусгай зориулалтын техник хэрэгслээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн угааж эхэлнэ. Замыг гурван өдөрт нэг удаа угаана, харин бусад өдрүүдэд тусгай техникээр хогийг соруулж цэвэрлэж байх юм. Энэ бол гадаад улсын жишиг.

-Хичнээн машин оруулж ирэх вэ?


-Сайн чанарын зам угааж, цэвэрлэдэг долоон машиныг эхний ээлжид оруулж ирнэ. 

-Хог тээвэрлэх байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулна гэсэн. Шалгаруулалтыг хэрхэн явуулах вэ?


-Хог тээвэрлэлтийг ТҮК гэгч монополь байгууллага хариуцдаг байсан бол харин одоо сонгон шалгаруулалтад тэнцсэн олон аж ахуй нэгж, иргэд хог тээвэрлэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхлээр хог тээврийн үйл ажиллагаа сайжрана.

-Хог хаягдлын менежментийг сайжруулахад урьдчилсан байдлаар хэдий хэмжээний хөрөнгө төгрөг төсөвлөсөн бэ?


-Нийтдээ 85 тэрбум төгрөгийг 2016 он хүртэл төсөвлөөд байгаа. Энэ мөнгийг ирэх онуудын улсын болон нийслэлийн төсөвт үе шаттай суулган, ажлуудаа хэрэгжүүлэх юм. Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл нь  2013-2014, 2014-2016 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.

Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...