Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Архигүй Монголын ирээдүй
2013 оны 3 сарын 1
Архи, архидалт гэдэг сэдэв Монголын нийгмийн хамгийн эмзэг цэг болсоор удлаа. Монгол Улс сүүлийн тав орчим жилд 173,5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75,5 сая литрийг гаднаас импортлон оруулж  ирсэн нь 2,8 сая хүн амтай улсын хувьд дэндүү ахадсан өндөр үзүүлэлт гэдэг нь тодорхой. Дотоодод үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 55,1 хувийг пиво, 33,9 хувийг архи, 10,6 хувийг спирт, 1003,5 мянган литр буюу 0,4 хувийг дарс тус тус эзэлжээ. Таван жилийн өмнө Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар 2000 хүн ам тутамд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг аж ахуйн нэгж, байгууллага байхаар тогтоож байв. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 2011 оны жилийн эцсийн байдлаар спиртийн 12, архины 91, шар айрагны 14, дарсны найман үйлдвэр согтууруулах ундаа үйлдвэрлэж, диско баар 941, караоке баар 568, ресторан, зоогийн газар 4034, кафе 579 ажиллаж, орон сууцны хороололд 3441, гэр хороололд 4951 хүнсний дэлгүүр архи, дарсаар үйлчилж, бөөний төв 251 бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаагаас үзвэл булан тохой бүрт шахам архи худалдаалдаг байдал өөрчлөгдсөнгүй.

Дөчөөд сая толгой мал сүргийг 2012 оны жилийн эцсээр тоолуулсан Монгол Улсын нийслэлийн иргэд хуурай сүүний хольцгүй цэвэр шингэн сүү олж уух гэвэл эрэл сурал болох авч дотроо халаах сархдыг хэдхэн алхаад хүртчих боломж нээлттэй хэвээр байна. Хэдхэн жилийн өмнөх статистикаас үзэхэд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 64900 буюу 59,1 хувь нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 18265 буюу 16,6 хувь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, 10296 нь буюу 9,3 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хаана байгаа болон очих газраа мэдэхгүй болсон, 8042 буюу 7,3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 5793 буюу 5,2 хувь нь гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон, 2503 буюу 2,2 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасны улмаас эрүүлжүүлэх байранд хүргэгджээ. Эрүүлжүүлэхэд хүргэгдээгүй бол амь нас, эрүүл мэндээрээ өөрөө хохирох, эсвэл бусдын амь нас, эрүүл мэндэд халдаж орон шоронгийн хаалга татах хоёрхон зам хүлээх байсан биз. Ийм эмгэнэлд орон даяар автахад ойрхон болоод байв.

Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нээсулс орны хэмжээнд “Архигүй Монголын төлөө” аян өрнөөд байна. Архигүй аян Төрийн ордноос эхэлж, төрийн албан ёсны хүлээн авалтуудыг архигүй хийдэг болсноор түүнд зарцуулж байсан төсвийн хөрөнгө тал хувиар багасч, үргэлжлэх цаг хугацаа нь ч мөн 50 хувиар богиносчээ. Гадна дээрээсээ эхлэн сархад хэрэглэхгүй байх зарчмыг тогтоож байгаа хэлбэр боллоо. Аяны хүрээнд архигүй загвар аймаг, сум, баг болох хөдөлгөөн өрнөж, архигүй хурим, архигүй төгсөлтийн баяр, архигүй хамт олон, архигүй галт тэрэг зэрэг арга хэлбэрээр энэ нь амьдрал дээр биеллээ олж байна. 

“Архи идээний дээж” гэсэн хэвшмэл ойлголтыг “сүү идээний дээж” гэсэн утгаар солих, “сүү бол идээний дээж, сүү амьдралыг тэтгэнэ” гэсэн сурталчилгааг өргөжүүлэх, шашин, соёл урлаг, уламжлалаар дамжуулан соён гэгээрүүлэх ажил хийж сэтгэл зүйд хүргэх эмчилгээ болгох, “архичин” гэсэн доромж ойлголтыг халж, донтох өвчтэй болсныг өөрт нь эвтэйхнээр ойлгуулан нийгэмшүүлэх, архинд донтох өвчтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, зан үйлийг өөрчлөх үйлчилгээ үзүүлдэг, архинаас гарахыг хүсэгчдэд цугларалт зохион байгуулдаг, бодисын хамаарлаа хамтдаа даван туулахад нь зориулсан нэр хаяггүй кафе зэрэг газруудыг бий болгох, санхүүжүүлтийг дэмжих зэрэг эерэг хөдөлгөөн иргэдийн дунд өрнөх таатай ажлууд өрнөж байна.

Монголчууд эртнээс “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж уу” гэсэн том философтой байсан ард түмэн. “Амс, хүрт, уу” гэсэн эрэмбэ дарааллыг анхаарч харвал дөч хүрсэн хүн сархдад уруул хүргээд буцаах, тавь хүрсэн хүн жүнзтэй архийг өмнөө тавьж амсах төдий хүртэх, жар хүрч ноён нуруу нэгэнт тэгширсэн хойноо тааваараа уух дараалалтай байжээ. Далай багш ч монголчуудад хандаж архиа бага ууж айргаа тааваараа хүртэхийг зөвлөсөн.

Архигүй аян энэ зарчмыг баримталж бүхэл бүтэн сумаараа архинаас татгалзах хөдөлгөөн өрнөдөг болоод байна. Архи дарсыг орхиж байгаа залуусыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын залуус тэргүүлж байгаа юм. Нэгэн цагт адуу, айргаараа нэрд гарч байсан Дэлгэрхангайнхан архинд живсэн муу нэрээрээ зард гарах болжээ. Гэвч Дэлгэрхангайн залуус энэ муу алдрыг арилгаж эрүүл саруул амьдрах замд эргэлт буцалтгүй ороод байна. Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьдагийн жишээг Дэлгэрхангай сумынхан харуулж чаджээ. Өнгөрсөн жилийн цэргийн баяраар тус суманд гуравхан шил архи зарагдсаныг гаднын явуулын хүмүүс авсан байжээ.

Тус сумын 30 гаруй залуус нийслэлд ирж сургалтад сууж бор дарснаас татгалзахаар эргэлт буцалтгүй шийдээд одоо бригад байгуулж сумандаа сургууль, цэцэрдэгийн барилга барих амлалт авчихаад байна. Тэдний үлгэр жишээгээр Дорнод, Хэнтий, төв аймгийн залуус чАрхигүй аянд нэгдээд байна. “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрийн сургалтын төв Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлан олон олон залуусыг муу замаас нь гаргаж байна. Хэдхэн хоногийн өмнө Дорнод, Төв, Дундговь аймгийн олон залуу энэ төвийн сургалтыг дүүргэж Төрийн ордонд зочлон хатуу идээнд дахиж автахгүй гэдгээ Төрийн есөн хөлт их цагаан тугийн өмнө андгайлаад нутаг нутгийн зүг мордлоо. Одоо тэд дахиж амьдралд алдахгүй биз ээ. Ийнхүү Монголын маань залуус архи гэдэг муу нэрт идээг олон олноороо орхиж эрүүл саруул амьдралд хөл тавьсаар байна.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...