Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Солонгос, япон цэцэг Монголд иржээ
2013 оны 3 сарын 7
Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Соёолж” төвд цэцгийн үзэсгэлэн худалдаа нээжээ. Олон улсын гэсэн тодотголтой эл худалдаанд хамгийн холоос авчирсан нь япон цэцэг юм. Япондоо тасалгааны цэцгийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Нийгата компани өөрийн тарьдаг цэцгийн дээжээсээ авчран үзэсглэнд тавьжээ. Азалия, Япон хатан, сацуки, цээнэ гэхчилэн дэлбээт цэцгээрээ Япондоо алдартай Нийгата компани япон хатан цэцгийн 200 гаруй сортыг бий болгосон бол сацуки цэцгийн 2000-3000 сорт байдаг ажээ.  Нэг дэлбээт, давхар дэлбээт цэцгүүд хамгийн их эрэлттэй байдаг. Тэгвэл тус компанийн тарьж ургуулдаг “Зул сарын сарнай”  нь давхар дэлбээтэй төдийгүй өвлийн улиралд цэцэглэдэг учраас хамгийн эрэлттэй цэцэг гэнэ. Эдгээр цэцгүүдээс төлөөлөл болгон энэ удаа алтанзул цэцгийг авчирсан байлаа. Японоос цэцэг зөөн авчрахад төдий л хүндрэлтэй биш гэж япон мэргэжилтнүүд хэлж байна. Зуны ид халуун 6-8 сараас бусад үед тус улсаас цэцэг импортлох нь зохимжтой ажээ.

Харин БНАСАУ-ын цэцэгчид удирдагчийнхаа нэрээр алдаршсан “Кимжөнирхва” цэцгийг үзэсгэлэнд гаргажээ.  Кимжөнирхва цэцэг нь давхар дэлбээт том улаан цэцэг байх бөгөөд нутагтаа бол тэр бүр худалдаанд гаргадаггүй нандин цэцэг юм байна. Дэлбээлсэн цэцгээ худалдахгүй үзүүлж, хараахан цэцэглээгүй ч соёолсон цэцгээ 10-20 мянган төгрөгөөр зарж байна.

Монголын талаас үзэсгэлэнд оролцсон “Соёолж” болон бусад компанийн хувьд тасалгааны болон бэлгийн цэцгээр үзэсгэлэнд оролцож байна. Цэцгийн үзэсгэлэнгийн хамгийн үнэтэй цахирмаа цэцгийг 39800 төгрөгөөр худалдаалж байсан бол хамгийн түгээмэл алаг халгана цэцэг л гэхэд том жижгээсээ хамааран 8900-33900 төгрөгийн үнэд хүрчээ. Түүнчлэн энэ жилийн мартаар цэцэг эрэлт ихтэй байгааг цэцэгчид хэлж байлаа. Нэг ширхгээр боосон сарнай цэцэг 2000 төгрөгийн үнэтэй бол гурван ширхэгтэй гоёлын боолттой сарнай 8-15 мянган төгрөгт хүрчээ. Сарнай цэцгийн нэг хоёроор бус 50-60 ширхгээр боолгох хүмүүс цөөнгүй харагдсан нь монголчууд цэцгийг мэддэг, мэдэрдэг болсныг харуулж байлаа. Ийн эрэлт ихтэй байгаа сарнай цэцгийг Монголдоо тарьж ургуулж болох эсэх талаар асуухад ургамал судлаач Д.Равдан “Монголчууд  сарнайг тарьж ургуулж үзсэн. Гэвч нутагшихдаа тааруу, хөрс их голдог юм билээ. Ургуулж, тарихад их хүч хөдөлмөр, цаг нар шаарддаг. Гэтэл манайхан урд хөршөөс импортоор хямд цэцэг ихээр оруулж байгаагаас сарнай тарих нь ямар ч ашиггүй болчихоод байгаа хэрэг” хэмээн хариуллаа.

“Соёолж” компани үзэсгэлэндээ таримал цэцгээс гадна хиймэл боловч  амьд мэт харагдах цэцгүүдээр өнгө нэмсэн байлаа. Тэдгээр цэцгүүд нь ширхгээрээ 1800-2500 төгрөгийн үнэтэй бол багцыг нь 2250-28000 төгрөгөөр үнэлсэн байлаа. Зохиомжлон вааранд суулгасан багц цэцгүүдийг 75-160 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Урин хавар ирснийг илтгэсэн өнгө өнгийн цэцэг, цэцгийн үр, бордоо, хөрс, багаж хэрэгсэл  гээд цэцэг тарихад хэрэгтэй бүхнийг дэлгэсэн үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Д.ЦЭЭНЭ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...