Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Байгууллагууд ирэх улиралаас нэг загварын хаягтай болно
2013 оны 03 сарын 21
Улаанбаатар хотын гудамж, талбайгаар дүүрэн гадаад нэртэй, үг, үсгийн алдаатай хаяг, сурталчилгааны самбарууд өлгөөтэй байдаг.

Харин энэ олон эмх замбараагүй хаяг, самбарыг цэгцлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаас 37-р тогтоол гарч, “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” гэсэн хэсэгт төрийн болон ху­вийн байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, крилл бичгээр бичиж бай­хыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ тогтоолоор хууль, журмыг зөвхөн төрийн байгууллага хэрэгжүүлж, мөрдөх юм шиг буруу ойлголтыг өөрчилж, төр, хувийн гэлтгүй дагаж мөрдөхөөр тусгасан байдаг.

Харин энэ тогтоолын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа талаар сурвалжлахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийг зорьсон юм. Тус дүүрэгт энэ ажилтай уялдуулж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад судалгааны ажил явж байгаа аж. Судалгаа хийж байгаа багийнхан 6-7 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр хүмүүс дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлаж буй хаягийн болон сурталчилгааны самбарын зөрчилтэй байгууллагуудыг нэг бүрчлэн тогтоогоод дараа нь шаардлага хүргүүлэх замаар асуудлыг шийдэх юм байна.

Сүхбаатар дүүргийн хувьд ямартаа ч энэ улиралдаа багтаагаад дүүргийнхээ нутаг дэвсгэр дээрх байгууллагуудын хаяг, сурталчилгааны самбарыг крилл үсгээр бичих тухай шаардлагыг хүргүүлж, цэгцлэх гэнэ.

Дүүргийн Засаг даргын орлогч А.Лхагвасүрэнгийн хэлсэнээр дөрөвдүгээр сарын эхээр гадна талбай, төвлөрсөн гудамжийн засвар, тохижилтын ажил эхлэх бөгөөд үүнтэй уялдуулж, төрийн захиргааны байгууллага болон бүх үйлчилгээний байгууллагуудын хаягийг нэг өнгө, загвартай болгох аж. Харин ингэхдээ худалдаа үйлчилгээний газрууд өөрсдийн онцлог, үйл ажиллагааны чиглэлээ харуулсан, гаднаасаа бус дотроосоо гэрэлтдэг хаягтай байхыг зөвшөөрөх юм байна.

Байгууллагуудын хаяг, самбарыг цаанаасаа баталсан нэг хэв загварын, өнгө үзэмж сайтай болгох нь хотын харагдах байдалд сайнаар нөлөөлөх боловч ямархуу үнэ ханштай байх нь одоогоор тодорхойгүй байна.

Загварын дагуу хаягаа өөрчилж, Засгийн газрын тогтоол, Засаг даргын захирамжийг зөрчсөн тохиолдолд байгууллагуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нь “ярьж”, хатуу арга хэмжээ авахаар шийдээд байгаа ажээ.

Ийнхүү Засгийн газрын тогтоолын хэрэгжилт сайн байгаад, хариуцсан хүмүүс нь ажлаа сайн хийж чадвал Улаанбаатар хотын гудамж, талбайгаар дүүрэн байдаг гадаад нэртэй, үг, үсгийн алдаатай хаяг, сурталчилгааны самбарууд ирэх улирал гэхэд байхгүй болж, их хотын маань өнгө үзэмж сайжирах нь ээ.  

Т.ДАРХАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...