Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай
2013 оны 04 сарын 08
Европ тивийг дайран өнгөрсөн цасан шуурга Ази тивээр дайран өнгөрч байна. Шуурганы төв цэг БНХАУ-ын баруун хойд бүс нутаг, Өвөр Монголоор дайрч их хэмжээний хохирол учруулжээ. Цасан шуурганы хойд зах нь манай газар нутгаар дайран өнгөрснөөр орон нутагт цасан бүрхүүл тогтож хаваржилт хүндэрч болзошгүй болоод байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Өвөрхангай, Дундговийн хойд, Хөвсгөл, Булган, Архангайн өмнөд,  Дорнод, Дорноговийн зүүн хэсгээр мөн Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутгаар 0,0-24 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс Өвөрхангайн Баруунхайрханд 15 см, Зүйлд 18 см, Хэнтийн Дархан-Оргилд 20 см тогтоод байгаа бол Дорнодын Халхгол суманд хамгийн их буюу 24 см цас орсон байна. Нийт нутгаар цас их хэмжээгээр ороод зогсохгүй салхи ширүүсч зарим үед 29 метр секунд хүртэл хүчтэй шуурсан учраас өчигдрөөс эхлэн зарим зам, давааг хаахад хүрчээ.

Өнөөдрийн байдлаар аль замуудыг хаасан болон хаваржилт хүндэрсэн нутгуудын талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Дуламсүрэнгээс тодруулахад, “Цасан шуурганы улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасан. Цасан шуурга намдсан тул хаасан замыг өнөөдөр 07.00 цагт нээлээ. Яг одоогийн байдлаар улсын чанартай болоод орон нутгийн хаасан зам, даваа алга байна. Улсын хэмжээнд есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндэрсэн мэдээ байна. Гэхдээ Дорнод аймгийн Халхгол сумаас өөр бусад газрууд хаваржилт хүндэрсэн гэж тусламж хүссэн мэдээ ирүүлээгүй байна. Ер нь бол ирэх өдрүүдэд цасан шороон болон шуургатай. Зарим газраар 18-22 метр секунд хүртэл ширүүсэх төлөвтэй байна” гэв.  

Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудын нутгаар цасан болон шороон шуургатай байх аж. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгуудад цаг агаарын болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийгээд эхэлжээ.

Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол сумын хувьд 10 гаруй мянган мал хорогдоод байна. Аймгийн төвөөсөө 360 км алслагдсан тус сум өнгөрсөн өвлөөс өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн бөгөөд гуравдугаар сард ихээхэн цасан шуурга шуурсны улмаас хаваржилт улам хүндэрчээ.


Хаваржилт хүндэрсэн зарим аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай утсаар холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа.


Дорнод аймгийн ОБХ-ийн дарга Н.Гантөмөр:

-Өчигдрөөс эхэлж цасан шуурга шуурч байна. Орон нутгаас ирэхдээ төөрсөн будилсан, цасанд боогдсон хүмүүсийг гаргаад байна. Өчигдөр шөнө хотоос гарсан машинууд аймгийн ойролцоо 20-30 км-ын зайд цасанд боогдсон. Онцгой байдлын алба хаагчид шөнийн 05 цаг хүртэл ажиллаж зургаан машинтай 40 гаруй хүнийг аймагт авчирсан. Малчдаас “Мал уруудлаа, алга боллоо” гэсэн дуудлага ирээгүй байна. Хүндрэлтэй байгаа Халхгол суманд одоо хүртэл цас шуурч байна.” гэв.  
 
Хэнтий аймгийн ОБХ-ийн дарга Д.Батжаргал:

-Өчигдөр бүх нутгаар цас орж, шуурсан. Гурванбаян тосгоноос гарсан машинууд өнгөрсөн шөнө саатсан ч Талын булаг багийн төвд авчираад байна. Шуурганы үеэр нэг хүүхэд алга болсон ч удалгүй олсон. Салхины хүч 12-16 м/с хүрсэн учир бог мал нилээдгүй уруудсан байж болзошгүй. Урьдчилан сэргийлэх мэдээгээр маргааш болон ирэх амралтын өдрүүдэд цаг агаарын нөхцөл муудна гэсэн сэрэмжлүүлэгийг өгөөд байна. Тиймээс сумдуудад хэл хүргэж байна. Хойд чиглэлд явах шууданг түр зогсоосон байгаа” гэв.
 
Энэ долоо хоногт дээрх хоёр аймаг ч бус нийт нутгаар цаг агаар тааламжгүй байхыг цаг уурчид анхааруулж байна. Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8-нд зүүн зүгийн нутгаар, 9, 12-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13,14-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 8, 9-нд зүүн зүгийн нутгаар, 12-14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Ерөнхийдөө ойрын өдрүүдэд салхи шуургатай хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

М.НАРАН



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...