Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Агаарын бохирдол буурах хандлагатай байна
2013 оны 4 сарын 18
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл ихээр гарах болсныг эрүүл мэндийн байгууллагууд судалгаагаар баталсан. Өвлийн улиралд нийслэлийн агаар дахь тоосны хэмжээ, хүхэрлэг хийн агууламж нь байх ёстой хэмжээнээс хэд дахин давах тохиолдол бий гэнэ. Харин сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ өмнөх онуудтай харьцуулахад буурах хандлага ажиглагджээ.

Энэ талаар Агаарын чанарын мэргэжлийн албаны мэргэжилтэн Ж.Баярмагнайтай ярилцлаа.

-Улаанбаатар хотын Агаарын чанарын мэргэжлийн алба, Агаарын чанарын алба, мөн ажлынхаа талаар танилцуулахгүй юү?


-Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын мэргэжлийн алба нь Агаарын тухай хуулийн дагуу агаарын чанарыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй ажилладаг.

Улаанбаатар хотын агаарын чанарыг 2009 оноос өмнөх жилүүдэд зөвхөн дөрвөн суурин хяналтын цэгт хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж гэсэн хоёр үзүүлэлтээр 24 цагийн дунджаар тодорхойлдог байсан. Харин 2010 оны зургаадугаар сараас эхлэн Монгол Улсын Засгийн газар болон Францын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр агаарын чанарыг хянах таван суурин, нэг хөдөлгөөнт харуулыг суурилуулсантай холбоотой Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах хяналтын чадавхи, нарийвчлал өмнөх онуудаас нилээд сайжирч, хэмжих үзүүлэлтүүдийн тоо нэмэгдсэн байна. Эдгээр автомат харуулуудад 4-5 төрлийн агаар бохирдуулах түгээмэл бодисын агууламжийг тогтмол хянахаас гадна цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжин 24 цагийн турш агшин бүрийн мэдээллээр шууд ханган ажиллах боломж бүрдсэн.

-Энэ оны агаарын чанарын мэргэжлийн албаны судалгаагаар бохирдол өмнөх оныхоос тодорхой хэмжээгээр буурсан гэсэн. Тэгвэл энэхүү судалгааны талаар мэдээлэл өгөөч.

-Улаанбаатар хотод манай албаны харьяа агаарын чанарыг хянах 10 суурин харуул ажиллаж байгаа бөгөөд үүнээс автомат багаж төхөөрөмж бүхий зургаан харуул, автомат бус ажиллагаатай дөрвөн харуулын хяналт шинжилгээгээр гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүргийн орчмын агаарын чанарыг хянаж, агаар дахь 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлж байна.

Эдгээр агаарын чанарыг хянах суурин харуулуудын хяналт шинжилгээний дүнгээр энэ оны өвлийн галлагааны үе буюу 2012 оны 10-12 дугаар сар, 2013 оны 1-3 дугаар саруудад түүхий нүүрсний шаталтаас ялгардаг хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеэс 20,1 хувиар, том ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж 29,5 хувиар багассан байна.

-Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газрууд хаана байдаг бэ?

-Улаанбаатар хотын баруун, зүүн дөрвөн зам, 100 айл, цахилгаан станцуудын орчимд агаар хамгийн их бохирдолтой байдаг. Мөн өвлийн галлагаатай үед гэр хорооллын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 6-7 дахин нэмэгддэг.

Харин Баруун дөрвөн зам орчим 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад хүхэрлэг хийн дундаж агууламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 39,9 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 4,7 хувиар багасч, азотын давхар ислийн дундаж агууламж 84,4 хувиар эрс ихэссэн байна.

100 айл орчимд 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад өмнөх оны мөн үеийнхээс хүхэрлэг хийн дундаж агууламж 44,8 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 20,7 хувиар тус тус багассан бол азотын давхар ислийн дундаж агууламж 11,9 хувиар ихэссэн байна.

Төрийн өмчит ТЭЦ III, IV компаний дулааны цахилгаан станц орчим 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеийнхээс 32,5 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 63 хувиар багасч, азотын давхар ислийн дундаж агууламж 2,9 хувиар ихэссэн байна.

-Тэгвэл агаарын бохирдол илүүтэй буурсан газрууд нь хаагуур байдаг вэ?

-Офицеруудийн ордон орчим 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар сард хүхэрлэг хийн дундаж агууламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,1 хувь, азотын давхар ислийн дундаж агууламж 19,5 хувиар багассан байна.

Мөн Хайлааст орчимд 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеийнхээс 14,9 хувь, азотын давхар ислийн дундаж агууламж 9,3 хувиар тус тус багассан байна.

-Яг өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хэр байна вэ?

-Улаанбаатар хотод яг өнөөдрийн байдлаар хүхэрлэг хийн агууламж хэвийн байна. Энэ нь дулаан болж, түүхий нүүрсний хэрэглээ багассантай холбож болох юм. Харин төв зам дагуух азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс давсан байна. Мөн цахилгаан станцууд орчмоор тоосонцрын хэмжээ их байна.

Дэлгэрэнгүйг доорх мэдээллээс авна уу

Улаанбаатар хотын хүйтний улирлын 2012 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар, 2013 оны  нэгдүгээр сараас гуравдугаар сарын агаар чанарын төлөв байдлыг авч үзэхэд:

Хүхэрлэг хий /SO2/




2012-2013 оны өвлийн галлагаатай байх үеийн агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2012 оны аравдугаар сард 13.5 хувь, 11 дүгээр сард 25 хувь, 12 дугаар сард 29,2 хувь,   2013 оны нэгдүгээр сард сард 27,6 хувиар тус тус багассан байна.



Тоосонцор /РМ10/



Том ширхэглэгт тоосонцор (PM10)-ын 2012 оны аравдугаар сарын дундаж агууламж өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 15,1 хувь, 11 дүгээр сард 10,4 хувь, 12 дугаар сард 32,3 хувь, 2013 оны нэгдүгээр сард 37,2 хувь, хоёрдугаар сард 30,1 хувь, гуравдугаар сард 25,4 хувиар тус тус багассан байна.



Азотын давхар исэл /NO2/



2012 оны галлагаатай байх үе буюу аравдугаар сард агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламж 2011 оны мөн үетэй харьцуулахад 26 хувь, 11 дүгээр сард 16 хувиар ихэссэн бол 12 дугаар сард 29,4 хувиар багассан байна. Харин 2013 оны нэгдүгээр сард өмнөх оноос 27,8 хувь, хоёрдугаар сард 14,6 хувь, гуравдугаар сард 29,6 хувиар тус тус ихэссэн байна.



Б.ОЙНБИЛЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...