Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
"Эрүүл мэндийн боловсрол эн тэргүүний асуудал"
2013 оны 05 сарын 07
Жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг албан ёсоор хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. МУЗН-ээс энэ өдрийг тохиолдуулан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж”-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Ер нь манай иргэд анхны тусламж гэж юу болох, энэ талаар мэдлэгтэй байснаар аюул осолоос урьдчилан сэргийлж, бусдынхаа амь насыг аварч чадна гэдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс энэ удаа МУЗН-ийн “Эрүүл мэнд, анхны тусламжийн хөтөлбөр”-ийн ажилтан Э.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж гэж яг юуг хэлээд байна вэ?

-Бид бүхэн олон нийтэд эрүүл мэнд, анхны тусламжийн талаар мэдлэг, тодорхой мэдээллийг өгөхийн тулд бид зорилтот төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг. Бид эмнэлэгийн байгууллагуудаа дэмжиж ажиллахаас гадна тусламж үйлчилгээ тэр бүр авч чаддаггүй бүлэг хүмүүст хүрч ажиллахыг чухалчилдаг. Харин эрүүл мэнд гэж юу вэ, анхны тусламж гэж юу юм, яавал эрүүл аж төрөх вэ гэдэг мэдээллийг олон нийтэд өгдөг болохоос бид оношлогоо хийж, тариа тариад байдаггүй.

-Тэгвэл иргэд, олон нийт маань яавал эрүүл аж төрөх вэ?

-Юун түрүүнд эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэх хэрэгтэй болов уу. Дээрээс нь хүмүүс өвдсөн, хүндэрсэн хойноо эмчилүүлдэг буруу хандлага түгээмэл. Харин дэлхийн нийтийн жишиг ямар байна вэ гэхээр өвчин тусахаасаа өмнө түүнээс урьдчилан сэргийлдэг. Нийгмийн эрүүл мэнд өндөр хөгжсөн бусад орны хувьд тэд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зүйд иргэд нь суралцсан, тэдний дадал болчихсон байдаг. Тэд өвдсөн ч гэсэн шат шатныхаа эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай хандаад оношлогоо, эмчилгээ хийлгэчихдэг болохоор дараа үүсч болзошгүй аюулаас сэргийлж чаддаг. Өвчин гэдэг маань зүгээр нэг хүний бие өвдөөд эдгэдэг огтхон ч биш. Хүн өвдлөө гэхэд сэтгэлзүйн, нийгмийн, санхүүгийн гээд олон асуудал дагалддаг. Та өвдлөө гэхэд ажилдаа явж чадахгүй. Ажилдаа явахгүй болохоор та нийгмийн харилцаанд оролцохгүй, цалин авахгүй өрхийн орлогод тань сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйл юм. Та эрүүл байж чадвал илүү ихийг бүтээнэ шүү дээ.

-Манай орны хувьд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь иргэдийн дунд хэр байдаг бол?

-Энэ бол харьцангуй ойлголт. Энэ талаар маш нарийвчлалтай гаргасан судалгаа одоогоор байхгүй байна. Нас, хүйс, орон нутаг гээд нарийвчлсан урьдчилан сэргийлэх анагаахын судалгаа байхгүй болохоор тодорхой зүйлийг хэлэх боломжгүй л дээ. Ер нь эрүүл амьдрахыг хүсвэл та хоол ундаа сайн ид. Гэхдээ аль болох эрүүл хооллох хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөнийг өөрийнхөө биед хэт их ачаалал өгөлгүйгээр тогтмол хий. Хорт зуршилаас зайлсхий гэсэн энгийн мөртлөө асар чухал үүрэгтэй хэдхэн зүйлийг л зөвлөмөөр байна. Эрүүл мэнд гэдэг мэдээж маш том ойлголт. Манай байгууллагаас бас түлхүү анхаардаг зүйл бол анхны тусламж. Сүүлийн үед барилга, уул уурхай хурдацтай хөгжиж байгааг дагаад гарч байгаа сөрөг нөлөөлөл нь осол гэмтэл. Их бага хэмжээгээр осол гэмтэл гарахад тухайн нөхцөлд байгаа хүмүүс анхны тусламжийн мэдлэггүй байснаас үүдээд дараа дараачийн хүндрэлүүд гардаг, бүр үхэлд ч хүрдэг. Бид анхны тусламжийн мэдлэгтэй байснаар энэ бүхнээс урьдчилан сэргийлж чадна.

-Анхны тусламж гэж яг юу вэ?

-Хүн бүр элдэв осол гэмтэл, бие махбодийн өвчлөл, сэтгэлзүйн хямралын үед өөртөө болоод бусдад эмнэлэгийн байгууллага ирэхээс өмнө анхны тусламж үйлчилгээг хүргэхийг хэлж байгаа юм. Таны гарын дор юу байна түүнийг ашиглаад бусдын амь насыг хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Бид тэгэхээр эмчийн түвшин дэх мэдлэгийг хүмүүст заадаггүй. Эмч ирэхээс өмнө та юу хийж чадах вэ гэдгийг л сургадаг. Тиймээс л бид ЭМЯ, эмнэлэгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах ёстой болдог.

-Танай байгууллагын эрүүл мэнд, анхны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд ямар, ямар ажлууд хийгддэг вэ?

-Бид олон нийтэд тулгуурласан “Эрүүл мэнд, анхны тусламж төсөл”-ийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн гурван дүүргийн илүү их шилжин суурьшилт ихтэй хороодод хэрэгжүүлж байгаа. Энэ төслөөрөө 111 сайн дурын сургагч багш нарыг бэлдэж багш нараараа дамжуулан эрүүл мэнд, анхны тусламжийн талаарх бүх л мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж байгаа. Мөн Хүүхдийн төлөө газар, Замын цагдаагийн газар гээд байгууллагуудтай хамтраад “Ногоон гэрэл, цагаан шугам”, “Цагаан толгой” гэсэн тэмцээнийг хүүхэд багачуудынхаа дунд зохион байгуулдаг. Үүгээрээ осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрвээ осол гарсан тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэдгийг хүүхдүүдэд зааж сургадаг. Мөн МҮОНТ-тэй хамтраад даваа гариг бүрийн 15:30 цагаас “Амин агшин” хэмээх эрүүл мэнд, анхны тусламжийн хорин минутын зөвлөгөө мэдээллийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэж байна.

-Тэгэхээр анхны тусламжийн талаарх зөвлөгөө, мэдээллийг манай монголчууд хүлээж авахдаа хэр байдаг вэ?

-Бид бүхэн эрүүл мэнд, анхны тусламжийн зөвлөгөөг олон нийтэд тогтмол хүргэдэг бөгөөд анхны тусламжийн сургалтыг албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр тодорхой төлбөртэйгөөр өгдөг. МУЗН нь ашгийн бус байгууллага мөртлөө яагаад төлбөртэй хийдэг вэ гэхээр үнэ цэнэтэй зүйлд хүмүүст илүү идэвхитэй, мэрийлттэй суралцдаг юм. Тухайн байгууллага мэдээлэл авахад оролцогчид маань маш идэвхитэй суралцдаг. Нэг үгээр хэлэхэд зөвлөгөө мэдээллийг маш сайн хүлээж авдаг. Манай сургалтын онцлог ч гэсэн бусдаас өөр. Бусад сургалтууд танхимын, онол давамгайлсан байдаг бол МУЗН-ийн сургалт ОУУЗХолбооны стандартын дагуу дадлага дээр суурилсан онолын мэдлэгийг хүргэж оролцогч нэг бүрийг анхны тусламжийн суурь мэдлэгтэй болгож чаддагт байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...