Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Хүүхдийн зуслан эмчгүй ажиллаж байна
2010 оны 06 сарын 17
Энэ жил хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Өнгөрсөн онд хөл хорионд оруулсан төрөл бүрийн өвчний улмаас эцэг эхчүүд хүүхдээ зусланд тэр болгон өгч чадаагүй. Харин энэ жил өвчлөл гарч байгаа хэдий  ч эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих үүрэгтэйгээр зуслангууд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Гэвч үүдээ нээгээд үйл ажиллагаагаа явуулж буй олон зуслангийн байдал газар дээрээ яг ямар түвшинд байгааг хэн ч мэдэхгүй билээ. Энэ удаад үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа Галакси зуслангийн талаар баттай эх сурвалжийн мэдээлсэнийг хүргэе.

Хүүхдийн Галакси зуслан нь Гачууртын Баянтөхөмийн аманд гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус зуслан нь нэг ээлжиндээ 60 хүүхэд хүлээн авах  хүчин чадалтай ба энэ зуны нэгдүгээр ээлжинд 21 хүүхэд амарч байгаа  аж.  Гэтэл амрахаар очсон хүүхдүүдийн нэгэн л эрүүл мэндийн бичигтэй байсан байна.  Нэг хэсэг гахайн ханиад нэртэй халдварт өвчин их тархаж байсан бол одоо гар хөл амны өвчин, нүдний ханиад гэх халдвартай өвчин гадуур их байна. Энэ үед Галакси  зуслан нь дээрх халдварт өвчин гарах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм.  Галакси зуслангийн захирал  “Ирсэн хүүхдүүдийнхээ араас нь эмчийн бичиг авчихна” гэж яриад л сууж байгаа бол зуслангийн эмчийн хувьд ажиллах бололцоо муутай, ойр зуурын эм тариа, яаралтай үед тусламж үзүүлэх нөхцөл бүрдээгүй гэнэ. Харин тэнд  авууштай ганц зүйл нь усан бассейн. Гэвч тэр нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхөөр аюултай нөхцөл байдалтай байгаа аж.  Учир нь очоод нэг ч хоноогүй байхад зуслангийнхаа усан бассейнаас болж нэг хүүхэд хөлдөө гэмтэл авч эмнэлгийн тусламж хүсэн эмчид  хандаж байжээ.

Хоолны газар нь ариун цэврийн наад захын наад захын хэм хэмжээ шаардлага хангаагүй, бүтээгдэхүүн хадгалах агуулахгүй байдаггүй. Тэр битий хэл тусламж үзүүлэх ёстой эмчээрээ хоолны сав суулга угаалгаж, туслах тогоочийн цалинг хэмнэдэг гэнэ. Тус зуслангийн эмч нь туслах тогооч хийж байгаа тул хоолны дээж авч, эрүүл ахуйд таарсан бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа эсэхэд  хяналт тавих боломж, нөхцөлгүй орчинд ажилладаг байна.Зуслангийн эмч туслах тогооч болон мунгинаж байх хооронд амрагч хүүхдүүдийн хоолноос хадаас гарч байсан удаатай гэнэ. Тус зуслангийн үйл ажиллагаанд БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт тавих ёстой бөгөөд хянаж шалгадаг эсэх нь тодорхойгүй байгаа  аж.  Харин зуслангийн зуслангийн захирал нь манайх МХГ-ын дүгнэлттэй гэж амаар тайлбар тавин сууж байгаа аж.

Хэдийгээр тус зуслангийн амрах байрны нөхцөл сайн хэдий боловч хоолны газар болон эмнэлгийн тусламж үзүүлэх нөхцөл бололцоо муу байгаа нь амрагч хүүхдүүдийн дунд халдварт өвчин гарах нөхцөлийг иж бүрнээр нь  бүрдүүлсэн байна.Тиймээс дээрх  байдлыг засаж,  эрүүл ахуйн талаас нь арга хэмжээ авах талаар хэлсэн эмч буруудаж шагналд нь Улаанбаатар хот руу хөөгдсөн гэдгийг амрагч хүүхдүүдийн эцэг эх хэлж байна.

Одоогоор Галакси зуслан эмчгүй ажиллаж байгаа ба хоолны хордлого, төрөл бүрийн халдварт өвчин гарахгүй гэх баталгаа үгүй юм. Хүүхэд багачуудыг зуны зусланд амраах нэрээр хангалтгүй үйл ажиллагаа явуулж буй тус зуслангийн үйл ажиллагааны талаар шат шатны холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй болов уу.

П.Дэлгэр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...