Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлж эхэллээ
2014 оны 1 сарын 8
Өнгөрөгч 2013 онд УИХ-аас батлан гаргасан Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн зорилт нь төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.

Хуулийн хэрэгжилт эхэлснээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын /Хууль зүйн яам/ харьяанд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Хууль зүйн туслалцааны төвийг байгуулан ажиллаж байна.

Уг хуульд зааснаар Төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй ажлын алба, улсын хэмжээнд буюу нийслэлийн бүх дүүрэг, аймгийн төвүүдэд байрлаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх салбар нэгжүүдтэй байна.

Ингэхдээ тэдгээр салбар нэгжүүдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч ажиллах юм. Улсын өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, мэдээлэл өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулахад туслах, төлбөрийн чадваргүй яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Улсын өмгөөлөгч нь төрийн дээрх чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх ба Төвөөс цалинждаг Төвийн орон тооны гэрээт өмгөөлөгч юм. Улсын өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх болон Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэх, хувиараа хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байна. Харин Төв ба түүний салбар нь төлбөрийн чадваргүй иргэдэд болон орон нутагт хууль сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар хуульд тусгагджээ.

Хууль зүйн туслалцааны төвийн салбарт өмгөөлөгчөөр ажиллах Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс зарлаж, шалгаруулалтад оролцогчдын материалыг нэгдүгээр сарын 15-ны өдрийг дуусах хүртэлх хугацаанд хүлээн авч байна.

Зар болон сонгон шалгаруулалтад оролцогчийн анкетыг ЭНД дарж харна уу.

Хууль зүйн туслалцааны төв

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...