Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Аав, ээжийн ач 100 доллар уу?
2014 оны 1 сарын 15
Сар шинийн баярыг тохиолдуулан “Цогц харилцаа төв” ТББ, “Санаачлагатай нийгэм” ТББ-тай хамтран “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагааны талаарх  зарлалын чанартай мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж эхэллээ. “Азай буурлуудынхаа алдрыг мөнхөлж бадраая” гэх сүржин уриатай энэ ёслолд хүссэн хэн ч хамрагдаж, аав ээжийгээ өргөмжлөх боломжтой талаар мэдээлэлд дурджээ. Энэ тухай лавлан, 9111-13... дугаарын утсанд хандлаа. 

-Аав, ээжийгээ өргөмжлөхөд ямар материал бүрдүүлэх вэ?

-Овог нэр, хаяг нь  байхад болно. Өөр бүрдүүлэх зүйл шаардахгүй. Бас ямар нэг шалгуур байхгүй. Хэрэв аав, ээж нь Улаанбаатарт амьдардаг бол манай ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулна. Хөдөө орон нутгийнх бол тухайн аймаг, сумын Засаг даргаар дамжуулан гардуулна. Хүсэлтээ ТББ-ын байранд ирж өгөхөөс гадна утсаар болон и-мэйлээр өгч болно.

-Хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ?


-100 ам.доллар буюу 170 мянган төгрөг төлнө. Үүнд  өргөмжлөл, тэмдэг, үнэмлэх, гарын бэлэг дагалдана.

-Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ. Орон нутгийн удирдлагатай хамтарч ажилладаг юмуу?

-Буяны үйл ажиллагаа явуулдаг. Ачлалт аав, ээж тодруулах үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Аймаг, сумын Засаг дарга нарт албан бичиг явуулж, шуудангаар өргөмжлөлөө илгээдэг. 

Зохион байгуулагч бололтой, тэр хүн ийм  хариулт өглөө. Буяны  үйл ажиллагаа нэрийн дор Сар шинийн баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Эх үрсийн баярын  өдрүүдийг угтан ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулах болсныг одоо бараг хүн бүр мэддэг болжээ. Үүнийг боломжийн хэдэн мөнгө халаасалчихдаг “бизнес” ч гэж шуудхан хэлэх хүмүүс олон. Ийм төрлийн байгууллагууд ихэвчлэн “олсон орлогоо буяны үйл ажиллагаанд зориулдаг” гэх ч чухам ямар ажил хийдгээ нууцалдаг. “Арга хэмжээгээ дууссаны дараа асрамжийн төвд туслах байх, ярилцаж байгаад шийднэ” гэхчлэн аргацаах жишээтэй. 

Дээрх өргөмжлөл, тэмдэг, үнэмлэх, гарын бэлэг сэлтэд 170 мянган төгрөг зарцуулахгүй нь ойлгомжтой. Өргөмжлүүлж,  шагнуулах сонирхолтой хүмүүсийн сэтгэлзүй дээр дөрөөлж, энэ мэт бизнесийн үйл ажиллагаа явуулах ТББ-ын тоо олширсоор байгаа нь хэр зөв бэ? Хэн хяналт тавих вэ?

Алган дээрээ бөмбөрүүлж, айлын хооронд үүрсээр үр хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх аав, ээжийн ачлалыг ийм инээдтэй шальдар бульдар өргөмжлөл мэтээр хариулдаггүй л байх. Ачлалт аав, ээжийн үнэлэмж 170 мянган төгрөг...

С.ОТГОН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...