Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
"Морин жил залууст амгалан"
2014 оны 1 сарын 27
Л.Тэрбиш: Морин жил залууст амгалан, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаантай"

Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Л.ТЭРБИШТЭЙ ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу. Бие лагшин тэнхлүүн үү?

-Сайн байна. Бурхны авралаар гайгүй шүү. Та бүхний ажил үйлс өөдрөг биз дээ.
 
-Өөдрөг бүтэмжтэй байна аа. Тэрбиш гуай, юуны өмнө та монгол цаглабарын талаар манай уншигчдад товчхон танил­цуулна уу?

-Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдний одон зурхайг хэрэглэсээр ирсэн байдаг. Монголын эрдэмтэн Сүмбэ ханбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохио­сон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (rtsis gzhung dge ldan rtsis gsar/) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхсийн хөдөлгөөн байршлыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрх ном нь түүний бүрэн зохиолын “жа“ (ja/) ботид орсон байдаг. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг.

Тэрхүү цаглабарт нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.

Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат бээр хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой” хэмээх ном зохиосныг даган үхрийг зурхайг гаргадаг. Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг минутад эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.

Мөн тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

-Одоо гол зүйлдээ орох уу. Ирэх модон морин жилийн үр юу байх бол?


-“Ялгуусан” хэмээх модон морин жилд хүмүүс өвчний шалтгаан болсон тачаал, урин, мунхагийг тэвчин боогууштай.

“Жилийн эзэн од”-ны үр нь: Хаад, албат сэлт хамаг ард нийтээр өөр зуураа найрамдюу. Үр тариа арвижих ба тарнич, засалч нарт буянтай болюу.

“Жилийн эзэн гараг”ийн үр нь: Галын хүчин арвижих тул гал түймэр хийгээд халдварт хижиг өвчин, нянгийн гаралтай өвчин, зүрний өвчин, умайн өвчин, цус харван өвчин зэргээс сэргэмжлүүштэй.  

“Хаан гараг”-ийн үр хаялга нь: Эрдэнэ мэт хүмүүний ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ.Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хурмуй. Номхотгол төгөлдөртнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу.

“Түшмэл гараг”-ийн түмнээ нөлөөлөх үр нь: Элдэв гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох нигууртай тул өглөгийн сэтгэлийг эрхэмлэн бариуштай. Хүчтэй салхи шуурга дэгдэн, үр тариа боловсроход муу нөлөөтэй байж болзошгүй.

-Тухайн жилийн дүн нурууг шороон үхэр болон хариулаачийн үйл хөдлөлөөр шинждэг. Энэ зургийг тайлбарлаж өгнө үү?

-“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр цастай, хуучин хөх ногоо сайтай, жилдээ хур чухаг, зуны дунд сараар мөндөр цохимтгий өвс, ургамалтай жил болно. Үхэр хариулаач залуу хүмүүн тул залууст амгалан, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаантай. Түшмэд эрх хүч сайтай, хур сайтай, ард олон амгалантай жил болохын нигууртай жил болохыг бэлгэдэж буй.

-Хүн бүр 12 ордын аль нэгэнд багтаж байдаг. Тэдгээрт хамаарах үйл явц, шинж чанарыг нэлээд бодитой гэж хүмүүс үздэг юм билээ. Ордын хувьд ямар онцлогтой байх бол?


-Энэ жилийн хувьд наран Хумх, Загас, Хонь, Үхэр, Арслан, Хилэнц, Матрын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Мэлхий, Охин,  Жинлүүр, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

-Морин жилийн үр ямар байх төлөвтэй байна вэ?

-Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 байдаг. Үүгээр үзвэл, энэ жилийн хувьд хур 15, Үр 9, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 байх нь. Эндээс үзүүлэлт хэр байхыг харж болно.

-Шинийн нэгэний өглөө мөрөө хэрхэн гаргах нь тухайн жилдээ ямар суудалд сууснаас шууд хамааралтай байдаг юм билээ. Үүнийг иргэд маань илт сонирхдог. Зам мөрөө зөв гаргах нь тухайн жилийн ажил үйлс, амьдрал ахуйтай холбогддог гэдэг. Энэ талаар тодорхой хэлж өгөх үү?


-Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгаатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээн үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандана гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.

Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.

Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.

Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.


2014 оны Модон Морин жилийн шинийн нэгэнд мөрөө гаргах ёсон


1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.

2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.

5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү морин жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж,  цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд,  зүүн урдаас ирнэ.

Мөр гаргахдаа унших тарни нь:

1. Энэ жил гал хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

2. Энэ жил шороо хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”

3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

5. Энэ жил ус хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

6. Энэ жил уул хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

7. Энэ жил мод хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

8. Энэ жил хий хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

-Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар болохыг хураангуйлан тайлбарлана уу?

-Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

ХУЛГАНА ЖИЛТЭН

1972 оны хул­гана жилтэй эмэг­тэй­­чүүд дээд­сийн зэм­­лэл хүлээн, сэт­гэл хямрах, зүүд эв­гүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэр­гэм­жилж, амьтны амь таслахыг тэв­чүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн.  1948, 1936 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1984, 1960, 1948 оны хулгана жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1984, 1924 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд болон 1972 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1936 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд болон 1924 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1960 оны эмэгтэйчүүд  болон 1924 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1936 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт хулгана жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1960 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1960, 1924 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1984, 1948 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1972, 1936 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.

ҮХЭР ЖИЛТЭН

1997, 1961, 1925 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1985, 1949 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1973, 1937 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1997, 1985 оны эмэгтэйчүүд болон 1949, 1925 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1925 оны эмэгтэйчүүд бие ех 1973 оны эрчүүд болон 1961 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1937 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1997, 1961, 1925 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1985, 1949 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1937 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1997, 1961, 1925 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1997, 1985, 1961, 1949, 1925 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1973, 1937 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1973, 1937 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

БАР ЖИЛТЭН


1998, 1926 оны эр­чүүд дээдсийн зэм­лэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүш­тэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1962 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1926 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1986 оны эрчүүд болон 1950, 1926 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1986 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Нийт бар жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1998, 1926 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1926 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

ТУУЛАЙ ЖИЛТЭН

1987, 1951, 1915 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” су­дар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1987, 1951, 1915 оны эмэгтэйчүүд бо­лон 1975, 1963, 1939, 1927 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1963, 1951 оны эрчүүд болон 1927 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1927 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1963 оны эрчүүд болон 1951 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1927 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1915 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1975, 1963, 1939, 1927 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” ун­шуул­ваас өлзийтэй болно. 1987, 1951, 1915 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ЛУУ ЖИЛТЭН

1976, 1952, 1928 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1988 оны нийт хүмүүс болон 1964 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1928 эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1976 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1964, 1928 оны эрчүүд болон 1916 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1952 оны эрчүүд болон 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  Луу жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1988, 1964, 1916 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1976, 1952, 1940, 1928 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1952, 1928 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

МОГОЙ ЖИЛТЭН

1989, 1977, 1953, 1941, 1917 оны эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1965, 1929 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1989 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1929 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1941 оны эрчүүд болон 1929 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1941 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1977 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1953 оны эрчүүд болон 1941 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1917 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1989, 1953, 1917 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1989, 1965, 1953, 1929, 1917 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

МОРЬ ЖИЛТЭН

1990, 1918 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бур­хан шүтээндээ зул, хүж сайн өргө. Морь жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1954 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1930 оныэрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1966 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1954, 1942 оны эрчүүд болон 1918 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1918 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1990 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1978, 1942 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1966 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1990, 1966, 1954, 1918 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1942, 1930, оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1918 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1966, 1954, 1930 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1954 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

ХОНЬ ЖИЛТЭН

1979, 1943 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1967 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1955 оны эмэгтэйчүүд болон 1943 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1919 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1991, 1931 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1943 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1979, 1943 оны нийт хүмүүс болон 1967, 1931 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

БИЧ ЖИЛТЭН

1944 оны эмэг­тэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1932 оны эмэгтэйчүүд бо­лон 1980 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1956 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1992 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1980, 1920 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1968 оны эрчүүд болон 1956 оны эмэг­тэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч бол­зошгүй тул “Алтангэрэл” уншуулваас за­сагдна. 1944 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Нийт бич жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжү­мүнсэл” уншуулах, сан олонтой тавиу­лах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1956 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

ТАХИА ЖИЛТЭН

1969, 1933 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэм­гүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1993 оны эрчүүд болон 1945 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амир­лах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1957 оны эрчүүд болон 1933 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1945 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993, 1933 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1981, 1921 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.1969 оны эрчүүд болон 1957 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1933, 1981, 1957, 1945, 1921 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

НОХОЙ ЖИЛТЭН

1994 оны эрчүүд болон 1934 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1994 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1970 оны эмэгтэйчүүд тэнгэр зэт­гэр булаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өр­гүүлвэл сайн. 1946, 1922 оны эрчүүд са­наж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” ун­шуул­ваас засагдна. 1946 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1982, 1958, 1934 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1970, 1946, 1922 оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1944, 1922 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1982, 1934 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1970, 1958, 1946 эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

ГАХАЙ ЖИЛТЭН

1995, 1983, 1959, 1947, 1923 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1971, 1935 оны нийт хүмүүс ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1955 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1955, 1971 оны эмэгтэйчүүд болон 1935, 1923 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1083 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1983, 1923 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эмэгтэйчүүд са­наж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1995 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1959, 1923 оны эмэгтэйчүүд болон 1983, 1971, 1947, 1935 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1959, 1923 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

Ярилцсан Д.МӨНХЖАРГАЛ

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин.



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...