
Санхүү эдийн засгийн сэтгүүлзүйн зөвлөх, сургагч багш Граэм Уотсыг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраа Монголд урьж, сонин хэвлэлийн эдийн засгийн сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулж байгаа юм. Ноён Граэм Уотс нь олон улсад нэр хүндтэй санхүүгийн сэтгүүл “Financial Times”-д 21 жилийнхээ хүч хөдөлмөрийг зориулсан бөгөөд Хятад, Энэтхэг, Индонез, Кени, Малайз, Өмнөд Америк, Вьетнам, Сингапур гэхчилэн дэлхийн 17 оронд зөвлөхөөр ажилладаг байна.
Тэрбээр Монголд дөрөв дэх удаагаа ирж буй. Өмнө нь анх 1997 онд ирж байжээ. Эрхэм зөвлөх өнгөрсөн баасан гаригт “Ардын эрх” сонины редакцид зочлон сэтгүүлчидтэй санал бодлоо хуваалцан, Монголын сэтгүүлчдийн ажил үйлстэй танилцсан юм. Түүний ярилцлагыг толилуулж байна.
-Сэтгүүлчийн гал тогоонд олон жил чанагдсаны дээр олон улс орны сэтгүүлчдэд туршлагаасаа хуваалцаж байгаагийн хувьд та сэтгүүлзүйн сайн бүтээл гэж ямар бүтээлийг хэлэх вэ?-Аливаа мэдээ мэдээллийг дүгнэх зэрэглэл, сайн муугийн шалгуур аль ч улс оронд ижил гэж би хувьдаа боддог. Сэтгүүлчийн бүтээлийн хамгийн нэгдүгээрт тавих хэмжүүр бол уншигчийн хүсэл сонирхол байх ёстой. Уншигчийн хувьд энэ мэдээлэл хэрэгтэй юү гэдгийг л хамгийн түрүүн бодох хэрэгтэй. Дараагийн гол хэмжүүр бол тухайн нийтлэлд хэн нэгэн гадны захиалагч байна уу үгүй юү гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлч хүсэл зоригийнхоо дагуу бичсэн үү, захиалгаар бичсэн үү гэдэг нь нийтлэлийн чанарт яалт үгүй нөлөөлдөг. Мэдээ, мэдээлэл гэдэг бол нэгэн төрлийн бүтээгдэхүүн шүү дээ. Сонин хэвлэнэ, сайт ажиллуулна гэдэг нэг л төрлийн үйлдвэрлэл юм. Иймд мэдээ гэдэг бүтээгдэхүүнээ аль болох нэмүү өртөг шингэсэн хэлбэрээр үйлдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл та бүхний бэлтгэсэн мэдээлэл түүхий нүүрс биш, угааж боловсруулсан коксжсон нүүрс байх ёстой юм. Өнөөдөр албан байгууллага бүр өөрийн гэсэн вэб сайттай болсон. Түүн дээрх мэдээллийг зүгээр л хуулбарлан тавих, хэвлэлийн хурлыг протоколдон бичих бол сэтгүүлчийн хөдөлмөр биш юм. Ямар ч нэмүү өртөг шингээгүй тийм мэдээллийг унших байсан уу гэдгээ уншигчийнхаа оронд өөрийгөө тавиад бодох хэрэгтэй. Мөн мэдээллийн тэнцвэртэй байдал бас нэгэн хэмжүүр юм. Хэн нэгний өгсөн мэдээлэл бүрэн төгс гэдэгт сэтгүүлч итгэж болохгүй. Энэ бүхнийг багтаасны дээр анализ хийсэн материалыг л би сайн нийтлэл гэнэ дээ.
-Анализ гэдэг бол дүгнэлт биш биз дээ. Манайд сэтгүүлч өөрийн үзэл бодлоор дүгнэлт хийхийг сайшаадаггүй л дээ?-Тийм ээ. Анализ гэдэг дүн шинжилгээ гэж орчуулагдаж байгаа ч үнэлэлт дүгнэлт, үзэл бодлын илэрхийлэл биш юм. Эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлч байлаа гэхэд маш олон тоон дотроос өөрийн хэрэгцээт тоог сонгон авч тэр тоо чухам юуг илэрхийлж байгаа болон цаашдаа ямар үр дүн авчирч болохыг л уншигчдад хүргэнэ гэсэн үг. Зарим нэгэн асуудлыг уншигчдадаа нухацтай хүргэхийн тулд урьдчилсан байдлаар анализ хийж болдог.
-Сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудад эдийн засгийн болоод бусад нарийн мэргэжлийг гүнзгийрүүлж заадаггүй. Тиймээс сэтгүүлчид эдийн засгийн чиглэлээр нарийвчилсан нийтлэл бичихэд хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлийг хэрхэн давах ёстой вэ. Гадаадын улс оронд сэтгүүлчдийн хэрхэн яаж мэргэшүүлдэг вэ?-Сэтгүүлч хүнд сэтгүүлчийн ур чадвар л чухал. Түүнээс биш бүх мэргэжлийг ялангуяа эдийн засгаар нарийвчлан суралцах ямар ч шаардлагагүй. Өөрийн мэргэжлээ бүрэн сайн эзэмшсэн тохиолдолд бусад дадалд ажиллах явцдаа суралцдаг. Жишээ нь намайг ганцхан өдрийн сургалтаар эдийн засгийн чиглэлийн сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүл гэх юм бол би сэтгүүлчдийн ур чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар л заах болно. Яаж сайн нийтлэл бичих вэ, хүмүүстэй яаж харилцах вэ, мэдээлэл хэрхэн олж авах талаар түлхүү заана. Ганц жишээ хэлье л дээ. Эрүүл мэндийн салбарт гайхамшигтай нээлт хийсэн хүнийг сурвалжлах боллоо гэж бодъё. Тэгвэл тэр нээлтийг эрдэмтдээс дутуугүй мэддэг сэтгүүлч олдохгүй биз дээ. Ийм тохиолдолд би сонины эрхлэгч байсан бол “Тэр нээлт чинь чухам юу юм бэ” гэж асуусан сэтгүүлчийг тэр сурвалжлагад явуулах болно. Сайн сэтгүүлчийн чадвар нь хариулж чаддагтаа бус асууж чаддагтаа л байдаг юм. Тэнэг асуулт гэж хэзээ ч байдаггүй.
-Таны энэ үг маш их таалагдлаа. Зарим үед сэтгүүлчид нэгнийхээ асуусан асуултыг өөлж гоочилдгоос болж мэдээллийг дутуу дулимаг хүргэх болсон?-Асуухад айж эмээх хэрэггүй. Барууны сонин сэтгүүлд ажиллаж байгаа сэтгүүлчдийн олонх нь түүх, улс төр, нийгэм, технологийн мэргэжлийн хүмүүс байдаг. Би л гэхэд улс төр судлаач мэргэжилтэй. Тэгэхээр ажил, амьдралын явцад их зүйлийг сурч болно. Ер нь бол сэтгүүлч хүн гурван жил тутамд хариуцсан салбараа өөрчилж байх нь зүйтэй байдаг. Гурван жилийн турш уул уурхайн салбараар бичсэн бол дараагийн гурван жилд худалдаа үйлчилгээний салбарыг сонгох жишээтэй. Ингэж солилоо гэхэд дахин дээд сургууль, курст суралцах шаардлагагүй. Гагцхүү шилжиж буй салбараас мэдээлэл авч болох хүмүүсийн утасны жагсаалт байхад л хангалттай. Салбарын талаарх бусад мэдээллийг “Google”-ээс ч бол хайгаад олчих хэмжээний чадвар сэтгүүлч хүнд байх ёстой.
-Мэдэхгүй мөртлөө мэддэг мэт цэцэрхэх байдал үе үе сэтгүүлчдээс илэрдэг л дээ. Тийм тохиолдолд “тэнэг асуулт” гэж тодорхойлох үе байдаг?-Хамгийн хортой бөгөөд хамгийн хэрэггүй зүйл бол цэцэрхэлт. Мэдэхгүй байж мэддэг дүр эсгэх нь өөрөө өөрийгөө л баллаж байгаатай ижил юм.
-Зарим сэтгүүлч хүмүүсээс мэдээлэл авахдаа тун сайн боловч бичихдээ тааруу байдаг бол зарим нь анализ хийж эвлүүлж нийлүүлэхдээ гаргуун ч мэдээллийн эх сурвалж олохдоо ядмаг байдаг. Сэтгүүлч хүнд байх ёстой эн тэргүүнд тавих чадвар чухам юу вэ?-Бүгд л нэгдүгээрт байх ёстой. Энэ бүх чадварыг сэтгүүлч эзэмшсэн байх учиртай.
-Манай сэтгүүлчдийн хувьд хамгийн ихээр хөндөгддөг нэг зүйл бол гадаад хэлний мэдлэг. Ялангуяа эдийн засгийн чиглэлээр дагнан бичихийн тулд дэлхий нийтийн хэмжээний мэдээ мэдээллийг харьцуулах шаардлага тулгардаг?-Гадаад хэлийг эзэмшсэн байх нь нэг давуу тал мөн. Гэхдээ гол зүйл гэж бас хэлж болохгүй.
-Манай улсад бол сэтгүүлчийн ажил өглөөний шуурхайн зөвлөгөөнөөр эхэлдэг. Өглөөний шуурхай дээр өчигдрийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо шүүдэг. Баруунд бас ийм байдаг уу?-Сэтгүүлчийн гал тогоо буюу ажлаа хийдэг өрөө бол хамгийн эрхэм зүйл. Барууны хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг бас нэгэн чухал хүчин зүйл нь туршлагатай ахмад үе. Олон жилийн туршлага хуримтлуулсан ахмад сэтгүүлчдийг халамжлан хүмүүжүүлэгч буюу чиглүүлэгчээр ажиллуулснаар олон сэтгүүлчийн бүтээлийн чанар шалтгаалдаг. Редакци болгонд ийм туршлагатай хүнийг ажиллуулдаг бөгөөд тэр хүн мэдээ цуглуулах, нийтлэл бичих үүрэг хүлээдэггүй. Зөвхөн залуу уран бүтээлчдийг төлөвшүүлснийхээ төлөө цалинждаг гэсэн үг. Гэхдээ шуурхай зөвлөгөөн буюу летучик хийлгүй яахав. Летучик бол оюун санааны талбар байдаг.
-Манай практикт сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийн алдаа оноог редакторууд засч залруулдаг. Баруунд яадаг бол?-Сэтгүүлчийн бүтээл тухайн сэтгүүлчийнхээ нэрээр л хэвлэгдэнэ. Редакторуудын засч залруулсан хөдөлмөрийг уншигчид олж харах боломжгүй. Тиймээс сэтгүүлч өөрөө л хариуцлагыг үүрэх учиртай. Засч залруулах зүйл байвал редактор зөвлөөд буцаах учиртай. Нэмж хасч засах ажлыг сэтгүүлч өөрөө хийх ёстой.
-Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын олонх нь эмэгтэйчүүд. Англи болоод одоо таны ажиллаж буй Тайландад сэтгүүлчдийн хүйсийн харьцаа ямар байдаг бол?-Би Хэвлэлийн хүрээлэнд болсон сургалтын үеэр Монголд эмэгтэй сэтгүүлч олон гэдгийг анзаарсан. АНУ, Англид бол сэтгүүлчдийн хүйсийн харьцаа тэнцвэртэй шүү. Тайландад тун ялигүй зөрөө байж магадгүй. Харин албан тушаал ахих тусам эрчүүдийн эзлэх жин нэмэгддэгээрээ танайхтай адил юм. “Financial Times”, “The times” зэрэг нэр хүндтэй сонин сэтгүүлийн газрын захирлууд нь эрчүүд байдаг. Харин дунд шатны дарга нар нь эмэгтэйчүүд байдаг. “Financial Times”-ийн хувьд нэг л удаа орлогч эрхлэгчээр эмэгтэй хүн ажиллаж байсан санагдана.
-Баруунд сэтгүүлчдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ. Манайд чадварлаг сэтгүүлчид эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад мэргэжлээсээ татгалзах тохиолдол цөөнгүй байдаг. -Европын орнууд, Англи, Америкт хамгийн өндөр цалин авдаг хүмүүсийн тоонд сэтгүүлчид ордог. Надад их сургуульд ажиллах урилга ирж байсан. Гэсэн хэдий ч би сэтгүүлчийн ажлаа их сургуулийн профессороор хэзээ ч солихгүй. Яагаад гэвэл сэтгүүлчдийн цалин их сургуулийн профессорын цалингаас 50 хувь илүү байдаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, чанартай боловсон хүчинтэй байхын тулд үнэлэхээс аргагүй байдаг. Энэ бол өрсөлдөөн шүү дээ.
-Баруунд цалингаас гадна хүмүүсийнхээ ахуй хангамж, аюулгүй байдалд давхар анхаардаг гэж сонссон юм байна. Сонин сэтгүүлийн редакцид ч тийм байдаг уу?-Миний 21 жилийн хүч хөдөлмөрөө зориулсан “Financial Times”-д гэхэд олон төрлийн урамшуулал байдаг. Сэтгүүлчид ажилласан жилээсээ үл хамааран жилд зургаан долоо хоног буюу 42 хоног цалинтай амралт эдэлдэг. Дөрвөн жил ажиллах бүрт амралтын хоногийн тоо нэг сараар нэмэгддэг. Энэхүү амралтын цаг хугацааг сэтгүүлчид мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гадаад хэл сурах, ном бичих зэрэгт зориулдаг онцлогтой.
Д.Цээпилмаа