Зуны гурван сар хөл хөдөлгөөн бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын их хөл хөдөлгөөнд дарагдлаа. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр есдүгээр сарын 1-нд хүүхэд багачууд, оюутан сурагчид сургууль цэцэрлэгийн зүг яаран, ангийн нөхөдэйгөө уулзахаар сэтгэл нь догдолно. Гэм нь оюутан залуус хичээлийн шинэ жилийн баярын өдрөө дарвиж наргиж цэнгэн эцэстээ зодоон цохион хийн эрүүлжүүлэх байранд “морилох” нь цөөнгүй. Гэхдээ сар бүрийн эхний өдөр нийслэл хотод согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тиймээс есдүгээр сарын 1-ний өдөр баар цэнгээний газар, хүнсний дэлгүүрүүд хууль зөрчиж байгаа эсэх, оюутан сурагчид хичээлийн шинэ жилийн баяраа хэрхэн өнгөрүүлж байгаа, архигүй нийслэл хотын шөнийн амьдрал хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа.
Хөдөлгөөнт эргүүлийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч цагдаагийн дэслэгч Г.Цагаанхүү, ахлагч Т.Мөнхбилэг нарын хамт хотын хөл хөдөлгөөн ихтэй хэсэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянцээл худалдааны төвийн орчим очив. Хаанаас гараад ирэв гэмээр залуус бөөн бөөнөөрөө хөлхөлдөж баар, караоке, зочид буудлын үүд сахин сууна. Энд тоолшгүй олон үйлчилгээний газрууд хаяа хаяагаа дэрлэн байрладаг. Чих дөжирмөөр чанга хөгжим баар болгоноос сонсогдох нь бас тээртэй. Ойролцоох “WHITE NIGHT” бааранд орвол бүх суудал нь дүүрчээ. Бүжгийн талбайд бүжиглэж байгаа залуусын олонх нь 16-22 насныхан харагдана. Харин захиалсан зүйлс нь жүүс байгааг хараад бас ч гэж сайшаалтай санагдлаа. Архигүй өдөр гэдгийг нийслэлийнхэн андахгүй сайн мэддэг болоод согтуу хөлчүү хүмүүс бага байгааг цагдаагийнхан онцолсон юм. Гэсэн ч аливаа баярыг архигүй өнгөрүүлж сураагүй зангаа яаж тавих вэ. Согтуу хөлчүү охид хөвгүүд, ахимаг насныхан хэсэг бүлгээрээ, ганц хоёроороо энд тэнд үзэгдэнэ. “Соёо” баарны гадаа 18-20 орчим насны хэсэг охид зодолдон нэг нэгийгээ элдэв үгээр доромжлон, дайрч давшилж байгаатай таарав. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь ойлгомжтой байлаа. Гэсэн ч цагдаагийнхныг хараад явахын түүс болцгоов.
Тус дүүргийн нутаг дэвсгэр Баянцээл худалдааны төвийн өмнөх талын талбайд шөнийн 12 цаг болох гэж байхад зургаан настай эрэгтэй Ж.Мөнхбат, 11 настай эрэгтэй Ж.Батбаатар, 13 настай эрэгтэй Ж. Мөнхбаатар нарын төрсөн ах дүү гурван хүү хоосон хайрцаг өмнө тавьсан сууна. Биднийг очих үед хоёр том нь цааш холдон явж, зургаан настай бага дүү нь “мөнгө өгөөч” хэмээн хойгуур урдуур нь жишим ч үгүй алхах хүмүүсийг царайчлан зогсов. Бид Ж.Мөнхбат хүүтэй ярилцлаа.
“Айлд хулгай орлоо” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хоёр айлын гал хамгаалагчийг хулгайлсан этгээдийг үйлдэл дээр нь илрүүллээ. Хулгай хийсэн этгээд согтууруулах ундаа нэлээд их хэмжээгээр хэрэглэжээ. Түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлстийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх зуураа тэндэхийн нөхцөл байдалтай танилцлаа. Архигүй өдөр тус эрүүлжүүлэх байр шөнийн 00.30 цагийн байдлаар 25 хүн хүлээж аваад байсан нь жирийн өдрүүдтэй адил байгааг алба хаагчид хэлж байна. Эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүстэй уулзахаар дотогш орвол нэвширч исэлдсэн үнэр хамар цоргиж, амьсгалахад ч бэрх байлаа. Тэднээс өнөөдөр хаанаас архи худалдан авч, хаана уусан талаар асуухад олонх нь хариулахаас татгалзаж, зарим нь Нарантуул захаас, гэрт архи байсан, найрка хувь хүнээс авсан, гэр хорооллын дэлгүүрээс авсан гэх мэтээр хариулав.
Шөнийн 01:00 цагаас хойш хөл хөдөлгөөн бага багаар татарч, дуудлага багассан тул МУБИС-аас Сүхбаатарын талбай орчмоор нөхцөл байдал ямар байгааг ажиглахаар очиход амьдрал жинхэнэ өрнөж байсан юм. Тоодгор банзал, өндөр өсгийтэй туфль өмссөн 18-30 насны хэд хэдэн эмэгтэй Улаанбаатар зочид буудлын замын баруун талд бөөгнөрөн зогсоно. Тэр хавиар эргэлдэх залуус тэдний зүг харц шидэж, зарим нь яриа байна уу хэмээн асууж байгаа харагдана. Эмэгтэйчүүд ч нүүрэмгий гэгч нь залуус руу очин “ Яриа байна шүү дээ. Та нар хэдүүлээ явж байгаа юм. Манай хоёр найз байна” гэхчлэнгээр цааш ажлын хөлсний тухай ярилцах нь сонсогдоно. Цагдаагийнхныг харахаараа эвэртэй туулай үзсэн мэт арилж өгдөг тэднийг үргээчихгүйн тулд хоёулаа явахаас өөр аргагүйд хүрэв. Тэдэнтэй яриа өдтөл биднийг нөгөөдүүл сонирхож байгаа нь илт. Ингээд нэг цаг гаруй хугацаанд тэр хавиар эргэлдсний эцэст өөрсдийгөө оюутан хэмээн танилцуулж 20 орчим насны Ц гэдэг эмэгтэйтэй танилцсан юм. Бидний гол зорилго хүүхэн зуучилдаг мөн биеэ үнэлэгч эмэгтэйгээс ярилцлага авах байсан тул ямар ч хамаагүй аргаар танилцах байлаа. Харин тэр хавийг хариуцдаг цагдаагийн ажилтан эмэгтэй бидний аюулгүй байдлыг хангах үүднээс холоос харуулдаж байсан юм. |
2011 оны 1 сарын 15
|
|
|
2011 оны 1 сарын 15
|
|
|
2011 оны 1 сарын 15
|
|
|
2011 оны 1 сарын 15
|
|
|
2011 оны 1 сарын 15
|
|
| Улаанбаатар | Feb 5, Sunday |
| Өдөр - -23 | Шөнө - -41 |