news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль хэзээ ч үйлчилдэггүй
2010 оны 9 сарын 2
Өнөөдөр их үдэд Төрийн ордны гол хаалгаар ортол хөөрхөн шаргал нохойг эзэн бүсгүйтэй нь харуулууд хориод зогсоочихож. Төрийн ордны хашаан дотор нохой харсан анхны тохиолдол энэ болохоор сонирхлоо. Нохой хүзүүвч, хошуувчтай, цээживчин бэхэлгээ нь нуруун дээрээ бариултай. Бас нэг гадаад эрхэм хамт иржээ. Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, бас хэдэн хамгаалагч гараад ирчихсэн, ширээн дээр нохойн паспорт, эрүүл мэндийн гэрчилгээ, өнгөт гэрэл зураг сэлт өрөөстэй. Хүнээс илүү бичиг баримттай амьтан юм. Бүр олон улсын хэмжээний, хүнээр бол гадаад паспорт ч гээч. АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-наас уг нохой албан ажлын шугамаар Төрийн ордонд зочлох гэж буйг танилцуулсан бичиг дагалдуулжээ. Ордонд нэвтрэх үнэмлэх авах зуур бичгийг гүйлгэж харлаа.

“Нэр Галадис, 3,5 настай, эм. Лабарадор үүлдрийн” гэсэн танилцуулга харагдана. Галадис эзэнтэйгээ тун тэвчээртэй хүлээж зогсов. Харваас хорхойд хоргүй, хүлцэнгүй тэр амьтны гэм гэвэл эзнийхээ хувцсанд хэдэн ширхэг хялгас нааж орхиж. “Та машиндаа оруулаад хүлээж бай” хэмээн бүсгүйд харуулууд хэллээ. Төрийн ордны тухай хуульд нохой нэвтрүүлнэ гэсэн зүйл байдаггүй байлгүй дээ. Тэгж бодосхийгээд дотогшоо орж хэдэн минутын дараа эргэж ирвэл Галадисыг эзэнтэй нь хаалганы гадна гаргажээ.   УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин гараад ирсэн эзэдтэй нь уулзаж зогсоно. Тэдний ярианаас үзвэл Галадис хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөтөлдөг тусгай сургуультай нохой юм байна. Эзнийг нь Э.Уянга гэдэг, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан. Хамт байсан хүн бол АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн  Эндрю Импарато хэмээх эрхэм бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтоны зөвлөх байсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар тусгайлан мэргэшсэн олон улсын хуульч хүн ажээ. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга хатагтай Марисса Маурер ч хамт иржээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар, ялангуяа хөтөч ноход Монголын тийм иргэдэд хэрэг болох талаар байнгын хорооны дарга Д.Арвинтай санал солилцох гэж ирээд Галадисыг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй болохоор ордны хаалганы гадна уулзалтаа хийсэн нь тэр. Ингээд ноён Эндрю Импарато, Э.Уянга нараас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны Монголд ирсэн хэрэг зориг юу вэ?

Эндрю Импарато: -Би энэ долоо хоногийн турш Монголд ажиллана. Миний ирсэн зорилго гэвэл Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх болон хүний эрхийн тал дээр  ямар амжилтад хүрсэн юм бэ. Ямар туршлагатай орон юм бэ гэдгээс хуваалцаж тэр салбарын байгууллагын хүмүүстэй уулзахаар ирсэн. Төрийн бус байгууллагынхантай уулзаж байгаа.

-Галадис ямар учиртай энд ирсэн билээ?

-Гадаад орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч нохой гэдэг ойлголт гараад их удаж байна. Миний дор ажилладаг ажилтан ч ийм нохойтой. АНУ-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай иргэний хууль байдаг. Энэ талаар танилцуулах гэсэн юм.

-Өнөөдөр Галадис ордонд нэвтэрч чадсангүй. АНУ-д бол нэвтрүүлдэг үү?

-Америкийн тэр хуулиар хөтөч нохой, ер нь ямар ч төрлийн үйлчилгээний амьтан Төрийн ордон, Засгийн газрын аль ч байгууллага, олон нийтийн байгуулага, дэлгүүр, ресторан бүх газарт эзэнтэйгээ  нэвтрэх бүрэн эрхтэй байдаг. Тэр эрхийг хязгаарласан тохиолдолд хуулийн том зөрчил гэж үздэг. Монголд бол Э.Уянгад л ганц ийм нохой байдаг юм байна. Бас хууль байхгүйг би ойлгож байна. Ирээдүйд хөтөч нохой Монголд олон болох байх. Гаднаас ч ийм зочид ирэх байх. Сүүлд хөтөч нохойн ач тусыг мэдээд ирэхээрээ хууль журамтай болох байх гэж бодож байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нохой их түшигтэй юү?

Э.Уянга:-Тэгэлгүй яахав. Өөртөө итгэлтэй, аюулгүй байдал талаасаа ч найдвартай болдог. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр АНУ-д сурч оюутан байхдаа сонирхож энэ нохойг авсан. Манай улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нэгдсэн орон. Тэгэхээр яваандаа ийм ноходтой болох байх. Монголд хөтөч нохой хэрэглэхэд нэг аюул бий. Нохой эзнээ замаар гаргахдаа яг гарцаар, ногоон гэрлээр хөтөлж гаргаад сурсан байдаг. Гэтэл манай замын хөдөлгөөн ямар билээ. Тэрнээс л айж байна.

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээ тааруу шүү дээ?

-Хуулиуд байдаг ч хэзээ ч хэрэгждэггүй. Бид саяхан тэргэнцэртэй иргэдтэй хамтарч уулзалт хийсэн. Гэтэл уулзалт зохион байгуулах зориулалтын замтай ч юм уу газар маш цөөхөн байсан. Цааш нь яривал олон юм бий. Үүнд анхаарч АНУ-ын ЭСЯ-наас ноён Эндрю Импаратог зориуд урьж ирүүлсэн юм. Монгол Улс энэ талын хууль тогтоомжоо сайжруулж, мөрдөх хэрэгтэй юм л даа.

                            Д.ОЮУН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.