Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
”Түрүү булчирхайн үрэвсэл харанга дэлдлээ”
2010 оны 09 сарын 23
Сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа эрэгтэйчүүдийн өвчлөлийн талаар “Гарьдманлай” эмнэлгийн ерөнхий эмч З. Цэгмидтэй уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Танай эмнэлэгт хандаж буй эрчүүд ихэвчлэн ямар өвчнөөр ирж эмчлүүлдэг вэ?

-Хандаж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь нөхөн үржихүйн өвчлөлтэй байна.

-Нөхөн үржихүйн гэхээр олон өвчин бий биз дээ. Тодорхой хэлэхгүй юу?

-Жишээлбэл, эрчүүдийн эрхтэний системтэй холбоотой түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, бэлгийн замын өвчин, шээсний сүвийн нарийсалт, үргүйдэлт гэсэн өвчнөөр ирдэг юм. Үлдсэн хувийг даралт ихсэх, уушиг нь өвдөх, хоолой өвдөх, бөөр өвдөх гэсэн өвчлөл эзэлдэг.  Ирж эмчлүүлж байгаа эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл газар авч байна.

-Сүүлийн үед залуу насанд нүдний гэм гэгддэг бэлгийн сулралд залуус өртөх болсон гэсэн үнэн үү?

-Ихэвчлэн энэ өвчнийг 40 настай хүн тусдаг. Зарим 18, 20-той залуус бэлгийн сулралтай болчлоо гээд ирдэг юм л даа. Тэдний олонх нь буруу ойлголттой байдаг. Эрэгтэй хүн анх бэлгийн харьцаанд ороход бэлгийн харьцааны анхан шатны мэдлэггүйгээсээ болоод сэтгэл зүйн дарамтад орчихоод ирдэг. Ер нь бол бэлгийн харьцаанд анх удаагаа орж байгаа хүний дур тавилт нь хурдан байдаг. Үүнийгээ мэдэхгүйгээр бусадтай харьцуулсанаар эсвэл эмэгтэй хүний хэлсэн үгэнд гутарсан байдалтай л манай дээр ирдэг дээ. Энэ бол бэлгийн боловсролын мэдлэг дутуутай л холбоотой. Эрэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон эхний 2-3 жилдээ дур тавилт нь хурдан байдаг гэсэн судалгаа байдаг. Үүнийг мэддэг байсан бол эмгэнэлтэй байдалд орохгүй л дээ. Энэ талаар мэдлэгтэй, мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө аваад ямар байгаагаа мэдчих л юм бол тэр хүн цаашаагаа өөрийгөө аваад явчихдаг. Тийм болохоор арван жилд нь бэлгийн боловсролын мэдлэгийг сайн өгчих хэрэгтэй байна. Залуусдаа хэлэхэд ичиж зоволгүйгээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй. Тэгээд бэлгийн сулралын талаар мэдлэгтэй болчих юм бол энэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Сүүлийн үед түрүү булчирхайн үрэвсэл газар авч байгаа гэж дээр хэлсэн. Ихэвчлэн хүмүүс түрүү булчирхайгаа эмчлүүлээд л яваад байдаг. Түрүү булчирхайн үрэвсэлээс болж бэлгийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй гэсэн гадны байгууллагын судалгаа бий. Зөвхөн түрүү булчирхайгаа үзүүлээд яваад байгаа нь 60-70 жилийн өмнө байсан буруу үзэл сурталын л уршиг. Ард иргэдийн дунд ч ийм ойлголт байсаар байгаа, одоог хүртэл. Тийм учраас түрүү булчирхайндаа үнэтэй эм тариа хэрэглэж мөнгө, цаг заваа үрдэг юм. Ерөнхийдөө манай эрчүүд эрхтэний системийн талаар сайн ойлголттой байх ёстой.

-Танай эмнэлэгт сардаа, эсвэл өдөрт хэдэн хүн ханддаг вэ?

-Ер нь өдөртөө л 30-40 хүн ханддаг. Заримдаа энэнээс ч их ирэх нь бий.

-Эрчүүдийн дунд зүрх судасны өвчлөл өссөн гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

 -Тэгэлгүй яахав. Зүрх судасны өвчлөл сүүлийн үед залуужиж байгаа. Энэ нь ихэвчлэн таргалалттай холбоотой. Хорь гарсан залуус ихэвчлэн ачаалалтай ажил төрлөөс болж, хөдөлгөөн султайгаасаа болж өвддөг. Мөн архи их хэрэглэснээс болж зүрхний хэм алдагддаг. Дээр нь нэмж хэлэхэд эрчүүдийн олонх нь өвчнөө нэлээн туйлдуулчаад ирдэг юм. Хоёр хөл дээрээ тогтож чадахаа больсон үед л эмнэлэгт хандаж байна. Энэ бол буруу. Ямар ч модыг навч шарлаад үхэх дөхсөн үед нь тарих гэж оролдвол ямар байх вэ?.

-Ургахгүй л болов уу?

-Ер нь өвчний шинж тэмдэг илрээд эхэлчихсэн үед л ирж үзүүлж байх ёстой. Ингэж үзүүлдэг байх нь хэн, хэндээ амар. Эмчилгээ ч бага, зардал мөнгө нь ч бага гарна. Өвчнөө нуух явдал бас гардаг. Ялангуяа бэлгийн сулралыг бол нуудаг. Эмчээс ч тэр, гэрийнхнээсээ ч тэр. Надад өвчнөө 10-20 жил нуусан хүн ч хандаж байсан. Энэ тохиолдолд эмчилгээ бага авдаг гэдгийг санах хэрэгтэй. Бас нэг анхаармаар зүйл бий. Хүмүүс бас өөрөө өөртөө онош тавиад ам дамжсан яриагаар өөрийгөө эмчлээд байдаг. Энэ бол буруу.

-Сүүлийн үед эрхтэн томруулах талаар их ярих болж. мэрхүү мэс ажилбарыг тодорхой нарийн нөхцөлд хийх ёстой биз дээ?

-Залуус саун гэх мэтийн зориулалтын бус газар өөрсдөө дур мэдээд гель шахах үзэгдэл бишгүй гарах болсон. Энэ бол маш буруу үйлдэл. Одоо манайд гель шахуулсанаас болж хүндрэл үүсээд дахиад хагалгаа хийлгээд авахуулж байна. Зориулалтын газар нь, мэргэжлийн эмчид хандаж мэс ажилбар хийлгүүлэх хэрэгтэй.

-Танайд хандаж байгаа залуус ер нь ямар өвчнөөр хандаж байна?

-Сүүлийн үед залуусын ихэнх нь бэлгийн замын өвчнөөр хандаж байна даа. Энэ бол бэлгийн чөлөөт байдалтай холбоотой. Залуус эрт бэлгийн харьцаанд ордог болж. Бэлгийн замын маш олон халдварт өвчнүүд байдаг. Эдгээрээс ДОХ-оос бусдыг нь эмчилж чадна. Харин ДОХ-ыг эрт үзүүлээд эмчийн хяналтанд байх ёстой. Ер нь бол бэлгийн замын өвчлөл залуусын дунд ихэсч байна гэдэг бол аюултай үзэгдэл.

-Эрэгтэйчүүд цэвэршдэг гэсэн хэдэн наснаас цэвэршилт явагддаг вэ?

-Эрэгтэйчүүдийн цэвэршил 50-60 насны хооронд төмсгөнд эр бэлгийн эс, гармоны боловсролтын дутагдал гарч ирсэн тэр үеэс л эхэлдэг юм.

Б. Болорсүх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...