Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ж.Түдэвдорж: Завхан гол урсахаа байсан
2011 оны 1 сарын 24
Говь-Алтай аймгийн  Дэлгэр сумын харьяат  Байгаль хамгаалах  “Салхин Сандаг”  холбооны тэргүүн, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Ж.Түдэвдоржтой  байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,байгаль орчны  өнөөгийн байдлын талаар  ярилцлаа.

-Байгаль хамгаалах  холбоогоо “Салхин сан­даг”  гэж нэрлэсний учир юу вэ?
-“Салхин сандаг”  гэх нэр  учиртай. Цахиур төмөр гэж ард түмэн мэднэ дээ. “Тунгалаг тамир” кино­ны баатар нь бидний  өвөг дээдэс,  миний аавын аав байсан хүн. Түүний нэрийг Салхин сандаг гэдэг байсан. Энэ хүн Монгол Улсын эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж явсан юм билээ.  Лодойдамбын аав Чадраабал гуай манайхтай хил залгаа нутагтай. Тиймээс Лодойдамба гуай тэр дүрийг сонгож авсан гэж ярьдаг юм.

-Танай холбоо хэдэн  гишүүнтэй вэ. Байгаль хамгаалах чиглэлээр хийж буй ажлаасаа ярихгүй юу?
- Говь алтай, Завхан, Увс, Баянхонгор аймгийн есөн сумыг хамарсан, 450 гаруй гишүүнтэй. Дотроо есөн сум өөр өөрийн  бүлэгтэй. Мөн Улаанбаатарт Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүн байгууллага болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ер нь Гол нууруудын хөдөлгөөнд Онго гол, Тосон заамар, Хүдэр гол гэх мэт орон нутгийн хөдөлгөөнүүд нэгдэж хүчээ нэгтгэн, хамтарч зүтгэж байна. Бид Хүдэр голын ойролцоох алтны компаниудыг хөөж, зэвсэгт бослого хүртэл гаргаж байсныг ард түмэн мэднэ. Ингэж яваад ч  энэхүү хууль бус үйлдлийг зогсоож чадахгүй байсан учир та бүхний яриад байгаа  урт нэртэй хуулийг  санаачилсан юм. Энэ хууль их хурлын түвшинд ирээд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх ашиг зөрчигдөж байна гэх шалтгаанаар удааширч эхэлсэн л дээ. Бид арга буюу өлсгөлөн зарлаад ес  хонож байхад 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “Энэ хуулийг баталлаа, та бүхэн өлсгөлөнгөө зогсоо”  гэж УИХ гишүүд хэлсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр  сараас усны ай савыг хамгаалалтад авах гэж оролдож  байна.  Холбооны маань үйл ажиллагаа нэг иймэрхүү л түвшинд  явж байна даа. Бид чинь гадаадын хамаг юмыг хэрэглэж буйгаа хөгжил гээд байвал утгагүй. Монгол орны хөгжил нь уул уурхай гэж тэргүүлэх зэрэгт тавиад байгаль орчоо хамгаална гэж байхгүй. 100 тонн шорооноос 20 тонн алт авах гэж улайрч буй нь байгаль орчныг сүйрүүлэх том шалтгаан юм 

-Салхин сандаг холбоо, Гол нууруудын нэгд­сэн хөдөлгөөн ямар зохион байгуулалттай ажиллаж, хэрхэн тэмцэж байна вэ?
-Хэдийгээр бид боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа ч хүч хүрэхгүй байна. Эсэргүүцэл илэрхийлэх, мэдэгдэл шаардлага хүргүүлэх төдий байна шүү дээ. Гэхдээ Завхан голыг дагаад  харуул гарч, хууль зөрчиж буй нинжаа­нуудыг хөөдөг. Энэ тэмцэл маань бага багаар үр дүнгээ өгч нинжа нарын тоо багасаж байгаа.  Говь-Алтай аймаг 19 сумтай. Үүний 14 суманд нь нинжа нар бий. Саяхан л гэхэд  Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, нинжатай буудалцаж нэг  хүн нас барсан бол Увс аймгийн Өмнөговь суманд хятадтай жирийн иргэн буудалцаж нэгийгээ хөнөөсөн. Ер нь алтны уурхайг дагасан бүхий л газар  нэг нэгийгээ буудаж алах нь энгийн үзэгдэл боллоо. Иргэн хүн аюулгүй, айдасгүй амьдрах ямар ч  арга алга байна шүү дээ.

-Та бүхний тэмцлийг  сэтгэлийн хөөрлөөр хийж буй буруу үйлдэл гэх хүн таарах юм.  Үүнд та  ямар бодолтой явдаг вэ?
-Би нинжа, малчин хоёрыг хоорондоо буудалцаж, нэгийгээ алж, хяд гэж тушаадаггүй.  Гэтэл малаа хариулж яваа жирийн малчныг хамгаалах газар хаана ч байхгүй. Тиймээс л бид аргагүйн эрхэнд өөрийнхөө төлөө ийм алхам хийж байна. Бидний төлөө төр засгийн өндөрлөгүүд байтугай орон нутгийн удирдлагууд ч анхаарч,  арга хэмжээ авахгүй.  Гэтэл биднийг сэтгэлийн хөөрлөөр ингэж байна  гэж ярих нь утгагүй биш үү. Бид хэн нэгний захиалгаар бус өөрсдийн сайн дураараа газар нутаг, таван хошуу малаа хамгаалахаар  нэгдсэн хүмүүс гэдгийг хэлмээр байна. 

-Та  яриандаа Завхан голын тухай олонтаа дурдаж байна. Эртний түүхтэй Завхан гол  өнөөдөр ямархуу болоод байна вэ?
-Отгонтэнгэр хайрханаас  эх аван 808 км  үргэлж­лэн урсах Завхан гол  Увс аймгийн  Хяргас, Айраг нуур луу цутгадаг. Харин Тайшир сумын цахилгаан станцыг 2008 онд барьснаасхойш урсацыг нь  боосон. Одоо 300-аад км урсац газар гурван  жил огт усгүй болж тасарсан. Үүнээс болоод түүгээр ундаалдаг байсан хүн зон нүүж,  нутаг нь эзгүйрч, цөлжиж эхлээд байна.

-Орон нутгийн удирдлагууд байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтарч ажилладаг уу?
-Багтаа очдоггүй багийн дарга, багийн дарга, сумын засаг дарга солигдож байгааг мэдэхгүй хүн олон байна. Тийм байхад төрийн ажлыг  хийж байна гэж хэлэхэд бэрх юм. Орон нутгийн сонгуулийг ах дүү, хамаатан садны хүрээнд  явуулдаг.  Ингэж сонгогдсон сум, багийн  засаг дарга ард  иргэдтэйгээ хамтарч ажиллана гэдэг  худлаа шүү дээ.

-Байгаль хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, тэмцлийг тань дэмжих байгууллага  байх юмуу?
-Ард түмэн л тус болдог доо. Төр засаг биднийг дэмжих нь байтугай төсөл, мөнгө хайсан юмнууд гэж үл тоосон байдлаар ханддаг.Манай нутгаас сонгогдсон Энхбаяр, Дашдорж  гишүүнд хамтарч ажиллах хүсэлт тавьдаг ч  хойрго ханддаг. Байгаль орчныг хамгаалах гэхээсээ илүү дараагийн сонгуульд ялалт байгуулах ,нэр хүнд хөөцөлдсөн ажил хийж явдаг юм шиг байна лээ. Гэтэл бид төр засгийн хийж чадаагүй юмыг хийсэн. Төр засаг хэзээ гол усыг хамгаалах бүс тогтоосон бэ, хэзээ уул уурхайн компаниудын зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргав гээд бодохоор ойлгомжтой  байгаа биз дээ. Бид байгаль орчныг хамгаалах хуулинд иргэн хүн  хохирлоо нэхэмжлэх заалт оруулж Засгийн газрыг шүүхэд өгсөн.

-Байгаль хамгаалах асуудалд Ногоон нам хэр анхаарч байна вэ?
-Ногоон намын Д.Энхбаттай Иргэний зөвлөл байгуулаад анхны гишүүн нь болж байсан. Сүүлдээ тэд нар чинь тушаал дэвшээд сураггүй алга болдог юм байна. Хууль санаачлахад Д.Энхбат гишүүн оролцсон л доо. Гэхдээ бид нар санхүүгийн хувьд хүнд байдаг. Миний хувьд  хэдэн малаа зарж үйл ажиллагаандаа тус нэмэр болж байна. Цаашид  “Байгаль орчны онцгой хөтөлбөр”-ийг санаачлан  боловсруулж Засгийн газар, их хурлаар батлуулна гэж бодож байгаа. Тэгэхээр байгаль орчны асуудалд онц байдал зарлаж байгаа гэсэн үг юм.

-Нинжа нар орон нутгийнхан байна уу өөр аймаг, сумаас ирсэн хүмүүс  байна уу?
-Аль аль нь байна. Малчин хүн ч нинжа болчихсон. Тэд мөнгө олох тухай л бодож байгаа болохоос хор уршигийг ойлгох сэтгэхүй байхгүй. Өвөрхангай, Баярхонгор аймгаас олон жил гар аргаар алт олборлосон туршлагатай нинжа нар олноороо ирж, компаниуд руу сүрэглэн дайрч алтыг нь хүртэл ухаж байсан удаатай.

Цонхонд: Отгонтэнгэр хайрханаас  эх аван 808 км  үргэлжлэн урсах Завхан гол  Увс аймгийн  Хяргас, Айраг нуур луу цутгадаг. Харин Тайшир сумын цахилгаан станцыг 2008 онд барьснаас хойш урсацыг нь  боосон. Одоо 300-аад км урсац газар гурван  жил огт усгүй болж тасарсан. Үүнээс болоод түүгээр ундаалдаг байсан хүн зон нүүж,  нутаг нь эзгүйрч, цөлжиж эхлээд байна.

С.ОТГОН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...