Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Иргэдийн 20 хувьд л өмчлүүлэх газрын нөөц бий
2011 оны 2 сарын 18
Ё.Энхээ: Нийслэлийн иргэдийн 20 хүрэхгүй хувьд л өмчлүүлэх хэмжээний  газрын нөөц тогтоогдсон

Газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөхөөр хуульчилсан байсан. Харин Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэхээр болсон юм. Уншигч та улсаас иргэн бүрт үнэгүй олгож байгаа 0.07 га газраа эзэмшиж, өмчилж аваагүй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Хэрэв та хашаатай, хашааныхаа газрыг өмчилж аваагүй бол дүүргийнхээ Засаг даргад газар өмчлөх хүсэлтээ гаргана. Дүүргийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авсны дараа дүүргийн Газрын алба хянана. Өмчлүүлэх газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж, баталсны дараа өмчлүүлдэг. Ийнхүү 90 хоногийн дотор хянаж үзсэний дагуу газраа өмчилж авна. Өмнөх хуулийн дагуу зургаан гишүүнтэй гэр бүл байлаа гэхэд дундаа нэг газар өмчилдөг байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор өмчилсөн газраа гэр бүлийнхээ хэн нэгэнд шилжүүлээд бусад гишүүд нь шинээр газар өмчлөх эрхтэй болно. Тиймээс дүүргийнхээ Засаг даргад өмнө нь газар хамтран өмчилсөн шийдвэрээс хамтран өмчлөгчдийн нэр хасуулах хүсэлт гаргах хэрэгтэй. Ингэж нэрээ хасуулснаар гэр бүлийн бусад гишүүд 0.07 га газраа үнэгүй эзэмших эрх нь нээгдэх юм. Иргэдэд газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 2005 онд гурван жил, 2008 онд таван жилээр сунгаад байгаа юм. Ийнхүү хуулийн хугацааг сунгах болсон шалтгаан нь иргэд газраа эзэмшиж, өмчлөх ажлын явц муу байсантай холбоотой аж. Газар эзэмших, өмчлөх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Эхлээд тухайн газраа эзэмших хэрэгтэй. Эзэмшсэний дараа газраа өөрийн нэр дээр болгож, өмчлөх ёстой юм.

Иргэн бүрт газар олгох ажлын явц, аль дүүрэгт газар олгож байна вэ, хуулийн хугацаа дуусвал цаашид яах ёстой талаар нийслэлийн Газрын албаны газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх ажлын явц ямар байна вэ?
-Иргэн бүрт газар үнэгүй өмчлүүлснээс хойш 2010 оныг дуустал нийслэлийн 84 мянга 867 иргэн газар үнэгүй өмчилж авах эрхээ эдэлчихээд байна. Эдгээр иргэдийн өмчилж авсан газрын хэмжээ 4623.9 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар иргэд үнэгүй өмчилсөн байгаа юм. Энэ 4623.9 га газрыг одоо суурьшин байгаа гэр хорооллын газар гэж ойлгож болно. Газраа өмчилсөн иргэдийг нийслэлийн бүх иргэнтэй харьцуулахад 7.5 хувь нь л газар үнэгүй өмчилж авах эрхээ эдэлсэн байдаг. Дээр хэлсэн 4623.9 га газар буюу иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой газраа 100 хувь өмчлүүлсэн. Ийнхүү өмчлүүлэх боломжтой газраа 100 хувь өмчлүүлчихээд байхад иргэдийн 7.5 хувь нь л газраа өмчилж авсан нь иргэнд өмчлүүлэх газрын нөөц нийслэлд хомсодсон байгааг харуулж байгаа юм. Газрын нөөц багассантай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас газрын нөөцийн судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, мөн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд тодорхой хэмжээний газар байна гэсэн тооцоо гарсан юм. Судалгааны дүнг үндэслэн 2008, 2009, 2010 онуудад нөөцөөр тогтоогдсон газруудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хийсэн. Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн хоёр байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдан иргэдэд өмчлүүлсэн. Мөн энэ тогтоосон нөөц газар дээрээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

-Хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөө гэдгийг тодруулахгүй юу?
-Нөөц газар тогтоогоод иргэдэд шууд олгодоггүй. Газар олгоно, шинээр эзэмшүүлнэ гэдэг нь төлөвлөлтийн дагуу л явах ёстой. Тухайн тогтоосон нөөц газар дээрээ суурьшлын бүсийг хэрхэн үүсгэх вэ гэсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байж хэрэгжүүлдэг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тухайн газрын шугам сүлжээ, зам нь хаагуураа байх юм, сургууль, цэцэрлэг нь хаана байрлах, хэдэн айл суух боломжтой, гудамж, талбайг нь яаж гаргах гээд бүх зүйлийг нарийн төлөвлөж, бас батлагдсаны дараа иргэдэд хуваарилна.

-Газар өмчлөх бүх иргэнд тогтоосон нөөц газар хангалттай хүрэлцэх үү?
-Тогтоосон нөөц газарт иргэдэд хуульд заасан хэмжээгээр газар өмчлүүлэхэд нийслэлийн бүх иргэн газраа өмчилж авахад хүрэлцэхүйц нөөц биш. Нөөц газрыг бүгдийг нь өмчлүүллээ гэж тооцоход нийслэлийн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь газар өмчлөх хэмжээний нөөц газар тогтоогдсон.

-Тэгвэл цаашид яах вэ. Нийс­лэлд газар олгохгүй гэсэн үг үү?
-Газрын нөөц гэдэг нь өөрөө хязгаарлагдмал шүү дээ. Газраа өмчилж аваагүй иргэдэд хэд, хэдэн боломж бий. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиас гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд зааснаар нийслэлийн иргэн нийслэлийн газар нутагт газар өмчилж авах эрхтэй. Мөн бусад аймаг, сумын нутагт газар өмчлөх эрхтэй гэж заасан байгаа. Харин орон нутгийн буюу бусад аймаг, сумын иргэд нийслэлд газар өмчлөх эрхгүй. Гэхдээ харьяа газраасаа өөр аймаг, сумдад газар өмчлөх боломжтой юм.

-Зуслангийн газрыг үнэгүй газар өмчлөх эрхийнхээ дагуу өмчилж болно биз дээ?
-Зуслангийн газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр 2005 онд Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын даргын тушаал гарсан. Тиймээс зуслангийн газраа иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлөх боломж бий.

-Хэрэв хашааныхаа газрыг өмчлөөгүй иргэд газраа үнэгүй өмчлүүлэх боломжтой. Харин хашааны газар нь хуульд заасны дагуу буюу 0.07 га газраас илүү гарсан тохиолдолд яах вэ?
-Илүү гарсан газрыг тогтоосон үнээр өмчлүүлнэ. Энэ үнийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт нэг мкв-ыг өмчлүүлэх үнэ нь 13 мянга 200 төгрөг юм. Жишээ нь 0.07 га газраас 100 мкв илүү байвал үүнийгээ нэг мкв-ын үнээр үржүүлээд худалдаж авна гэсэн үг.

-Нийслэлийн иргэн орон нутагт газар өмчлөхөөр болбол хэнд хандах ёстой вэ?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй гэсэн тодорхойлолтыг нийслэлийн Газрын албанаас гаргуулж авах ёстой. Тэгээд аймаг, сумын Засаг дарга нарт хүсэлтээ гаргана. Одоогийн байдлаар нийслэлийн 2000 гаруй иргэн бусад аймаг сумдын нутагт газар өмчилж авах хүсэлтээ гаргасан байгаа.

-Таван ам бүлтэй гэр бүл байлаа гэхэд 0.07 га газраа нийлүүлээд нэг том талбай авах бололцоотой юу?
-Боломжтой. Гэхдээ олгох гэж бай­гаа газар нь хэр бололцоотой байгаа­гаас шалтгаална. Нийслэлд таван хүнд нэг газар олгох газрын нөөц байхгүй. Аймаг, сумын нөхцөлд боломж бий.

-Хуулийн хугацаа 2013 онд дуусна. Тэгэхээр энэ хугацаанд амжиж газраа эзэмшиж, өмчилж аваагүй иргэд яах ёстой вэ?
-2013 оны тавдугаар сарын 1 гэдэг бол хууль хэрэгжиж дуусах хугацаа биш. Энэ нь иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтын үргэлжилж дуусах хугацаа юм. Хугацаа дууссан тохиолдолд цаашид яах вэ гэдэг нь хуулийн түвшинд яригдах асуудал. 

Нийслэлд газар шинээр олгох боломжтой дүүрэг болох Хан-Уул дүүргийн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар тус дүүргийн Газрын албаны дарга Л.Отгонбаатараас тодрууллаа.

-Танай дүүргийн хувьд иргэн бүрт 0.07 га газар өмчлүүлэх ажлын явц ямар байна вэ?
-Дүүргийн хувьд газар өмчлөлийн явц суурьшлын бүсээс 98 хувьтай буюу 8765 иргэн 449.7 га газрыг өмчилсөн байгаа. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 15.7 га газрыг иргэдэд өмчлүүлнэ гэж тусгасан байгаа юм. Нийслэлийн хэмжээнд газар олгох боломжтой гурван дүүрэг бий. Энэ нь Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг юм. Мөн дэд бүтцийн асуудал их хоцрогдож байна. Газраа өмчилсөн иргэд очоод буух гэхээр дэд бүтцийн асуудал тулгамддаг. Энэ талаар шатныхаа дээд байгууллагад саналаа хүргүүлсэн.

-Газар эзэмшсэн иргэн тэр дор нь хашаагаа бариад эзэмшихгүй бол яах вэ. Иргэдийн дунд шууд хурааж авч байна гэсэн яриа бий л дээ. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хашаагаа бариад газраа эзэмшихгүй бол дүүрэг тухайн газрыг дахин хуваарилалтад оруулна. Манай дүүргийн хувьд 21 хоногийн дотор эзэмшсэн газартаа хашаа бариагүй бол Засаг даргын шийдвэрээр хураана.

-Тухайн иргэний газрыг дахин хуваарилалтад оруулбал шинээр өөр газар, газар эзэмших боломж нь нээлттэй хэвээрээ байх уу?
-Хэвээрээ байна. Зөвхөн тухайн газар нь л дахин хуваарилалтад орно.


 
Сэтгүүлч Ц.Энхцэцэг                          Улс төрий тойм
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...