Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Маргааш “барын базалт хийнэ” гэв
2011 оны 6 сарын 3
Сүхбаатарын талбай өнөөдөр дахин морьтонгуудын хөлд дарагдлаа. Ц.Мөнхбаяр тэргүүтэй Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны гишүүд дэмжигчид 50 гаруй морьтой Төрийн ордныг гороолж, ордны зүг нум сумаар харвалаа. Тэд хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд С.Батболдтой биечлэн уулзах хүсэлт тавьсан аж. Хүсэлтийг холбогдох хүмүүс  хүлээн авч, Ерөнхий сайдтай уулзах боломж байгаа гэсэн ч 72 цаг өнгөрөхөд ямар ч хариу өгөөгүй байна.Тэд өнөөдөр Төрийн ордны гадаа цаг гаруй хүлээхэд хэн ч гарч ирээгүй учир ордны баруун талаас нь таван сум тавьж, сумны нэг нь  цонх оносон тул өнөөдрийн тэмцлээ зогсоож буйгаа дуулгасан юм. Төрийн ордны нэг цонхыг оносон нь хангалттай сануулга  гэж тэд үзэж байна. Үүний дараа Сүхбаатарын талбайн төв хэсэгт буюу Чингисийн хөшөөний өмнө ирж “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр бар өдөр буюу маргааш “барын базалт” хийхээ дуулгалаа. Мөн ОХУ-д айлчилсан ­Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой замыг нь  тосон уулзах гэнэ. Энэ үеэр Ц.Мөнхбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-Төрийн ордон руугаа харвах нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?

-Би тэгэж бодохгүй  байна. Ганц хоёр цонх хагаллаа гээд яадаг юм. Бид өнгөрсөн хоёр сарын турш Сүхбаатарын талбайд гэр барьж, хэлэлцүүлэг явуулж, удаа дараа шаардах бичиг өгч байсан. Хоёр сар буюу 60 хоног хангалттай урт хугацаа. Төр засгийн эрх мэдэлтнүүдийг дахин гуйж суухгүй. Дараагийнхаа арга хэмжээг авах болно.

-Дараагийн авах арга хэмжээнийхээ талаар тодруулаач?

-Маргааш буюу бар өдөр “барын базалт” хийнэ. Ерөнхийлөгчийг тосч уулзана. Хэрэв уулзахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Манай хөдөлгөөнийхөн уржигдар Ерөнхий сайдтай уулзахаар Их тэнгэрийн аманд байдаг гэрийнх гадаа очсон. Гэтэл бултаад зугтаагаад явчихсан. Маргаашаар төр засгийн удирдлагыг гуйх хугацаа дуусч, орон нутагт чөлөөлөх ажиллагаагаа явуулж эхэлнэ.

-Орон нутаг чөлөөлөх ажиллагаа гэдэг чинь юу билээ?

-Өнөөдөр манай улсад 2000 гаруй уул уурхайн компани  үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр компанид бүгдэд нь  тулган шаардалт тавина. Хэрэв үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хүч хэрэглэнэ. Нум сум, лоомбо, жоотуу гээд байгаа бүхнийг нь хэрэглэж тэмцэнэ.

-Өмнө нь Пураам, Сентерра гоулд компанийн техник хэрэгсэл рүү буудаж, хэрэгт татагдсан. Дахиад тийм байдал үүсэхээс айхгүй байна уу?

-Аргагүй хамгаалалт байсан шүү дээ. Харин тэр явдлыг хэрэг болгож, ял өгөхөөр төлөвлөсөн нь буруу. Эх орон, нутаг усныхаа төлөө тэмцэх нь хууль зөрчсөн үйлдэл биш  гэж бодож байна.

-Өнгөрсөн хоёр  сарын хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, хэлэлцүүлэг хийхэд хэдэн төгрөг зарцуулав?

-Нэлээдгүй мөнгө зарцуулсан. Бараг 30 орчим сая хүрсэн байх. Биднийг дэмждэг олон хүний хандив тусламжаар болж байна. Бас байгаа бүхнээ барьцаанд тавьж аргацааж байгаа. Улаанбаатар хотод ирээд хоёр сар гаруй болсон морьдоо буцаахаас аргагүйд хүрлээ гэсэн юм. Морьтонгууд Сүхбаатарын талбайг нар зөв тойрон Яармагийн зүг явж одсон юм.

С.ОТГОНСҮРЭН

Гэрэл зургийг WWW.INET.MN сайт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Их хуралдай
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...