Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ
2011 оны 8 сарын 16
Их Британид зорчих үедээ баривчлагдаж улмаар Германы талд шилжүүлэн хүргэгдэхээр болоод байгаа ҮАБЗ-ийн ажлын албаны дарга асан Б.Хурцын хэргийг сонсон хэлэлцсэн Английн шүүхийн протоколд олон сонин баримт гарсан байна. Энэ оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд хэлэлцсэн хэргийн талаархи бүх мэдээллийг багтаасан энэ протоколд анхаарал татахаар, бас эргэцүүлж үзмээр олон мэдээлэл гарсан нь сонирхолтой. Б.Хурцыг өмгөөлсөн болон түүнийг Германы талд хүлээлгэн өгөх асуудлыг хамгаалсан талуудын гаргаж тавьсан мэдээллүүдийн заримаас албан бус орчуулгаар та бүхэнд хүргэхээр хичээлээ.

Энэ протоколд дурдсанаар бол Б.Хурцыг ХБНГУ-ын Холбооны Шүүхийн хүсэлтээр 2010 оны дөрөвдүгээр сард Европын баривчлан саатуулах захирамжийн (European Arrest Warranty) дагуу Их Британийн Онц ноцтой зохион байгуулалттай хэргийг мөрдөх агентлагаас (Serious Organized Crime Agency) явуулсан саатуулах ажиллагаагаар тус улсад баривчилсан бөгөөд Английн мужийн шүүгч Пурди Б.Хурцыг Германы талд шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн давж заалдах өргөдлийн хоёр ч үндэслэлийг няцаасан талаар дурдсан байна. Пурди шүүгчийн зүгээс няцаасан хоёр үндэслэл нь Б.Хурц Их Британид тусгай айлчлал хийхээр очсон тул халдашгүй дархан эрхтэй байсан гэх болон төрийн өндөр дээд албан тушаалтны хувьд мөн адил халдашгүй дархан эрхтэй байсан гэх үндэслэлүүд байжээ. Яг энэ асуудалтай холбоотойгоор Английн шүүхийн гаргасан тайлбар протоколд байгаа бөгөөд тэдгээрийг дор дурдах болно.

Дээрхи хурлын протоколд дурдсанаар бол Монголын талаас буюу хариуцагч талын гаргасан давж заалдах өргөдөл нь дөрвөн зүйлээр үндэслэгдсэн байсан бөгөөд тэдгээрээс  сүүлийн үндэслэлийг нь урьд өмнө Английн дүүргийн шүүхэд мэдүүлж байгаагүй гэж дурджээ. Энэ нь Б.Хурцыг гэмт хэрэгт сэжигтнээр холбогдуулж байгаа гэх үйлдэл нь Монголын Засгийн газрын даалгавраар гүйцэтгэсэн үүрэг байсан гэх үндэслэл юм байна.

Эндээс үзэхэд Б.Хурц нь 2003 онд буюу тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын толгойлж байсан Засгийн газрын даалгавраар ажилласан болж таарч байна. Тэгээд ч Европын Холбооны орнуудад үйлчилж байгаа баривчлан саатуулах захирамжид (European Arrest Warranty ) бүртгэгдэж гэмт хэрэг хэмээн тооцогдсон Б.Хурцын үйлдэл нь Монголын тухайн үеийн Засгийн газрын даалгавар байсан гэдгийг дээрхи шүүх хурлын үеэр дурайтал тодруулж өгчээ.

Мөн энэ хурлын протоколд өөр бусад маш сонирхолтой баримтууд орсон байна. Тухайлбал, Европын баривчлан саатуулах захирамжид дурдсанаар бол Б.Хурц нь 2003 оны 5-р сарын 14-нд Монгол Улсын иргэншилтэй Дамирангийн Энхбатыг хэн болох нь тогтоогдоогүй Монголын нууц албаны өөр бусад гурван этгээдийн хамтаар хүч хэрэглэн хулгайлж Берлинд хүчээр авчирсан гэжээ. Эндээс үзвэл манай нууц албаны өөр гурван этгээд мөн л эрэн сурвалжлагдаж байж болзошгүй бололтой. Үүний зэрэгцээ тэр гурвын хэн болохыг тогтоогоогүй хэрнээ Б.Хурцыг энэ ажиллагаанд оролцсон гэж мэдээд авсан нь гайхалтай. Манай зарим нэг эх сурвалж Д.Энхбатыг Европоос баривчлан авчирсан тухай мэдээлэл нь дотоод эх сурвалжаасаа эхлээд задарсан гэж мэдээлж байсан санагдана. Харин нөгөө гурван нууц ажилтнууд сайн нуугдаж чадсан нь яамай даа гэж бодогдмоор. 
    
Цааш нь үзэхэд бас л сонирхолтой баримтууд цуварна. Шүүх хурлын протоколд дурдсанаар бол Д.Энхбатыг баривилсан үйлдэл болохын өмнөхөн Б.Хурц нь Унгар улс дахь Монголын ЭСЯ-д ажиллаж байсан болж таарч байна. Францаас Д.Энхбатыг баривчлах даалгаврыг гүйцэлдүүлэхээр түүнийг томилсон бөгөөд Д.Энхбаттай уулзахаар хуурмаг уулзалт зохион байгуулж энэ үеэрээ нөгөө үл мэдэгдэх гурван этгээдийн хамтаар “Зоригийн алуурчныг” баривчилсан аж. Ингээд Брюсселээр дамжуулан Герман дахь Монголын ЭСЯ-ны байранд аваачиж хорьжээ. Энэ үедээ болон цааш нь Монгол руу авч явахдаа ч Д.Энхбатад мансууруулагч бодис тарьж хэрэглэсэн  гэх бөгөөд Берлиний Тэгелийн нисэх буудлын шалганаар гаргахдаа тэргэнцэрт суулган мансуурлын байдалтай авч гарсан гэж Английн шүүх хурлын протоколд тэмдэглэн үлдээжээ. Тэгэхдээ түүнийг болон хамт явсан Монголын нууц ажиллтнуудыг дипломат паспорттой хил нэвтэрсэн гэж энд дурдсан аж.

Англид болсон шүүх хурлын протоколын зарим хэсэг, жишээ нь Б.Хурцыг Их Британид ирэх болсныг мэдсэн тус улсын  Онц ноцтой  зохион байгуулалттай хэргийг мөрдөх агентлагийнхан түүнийг хэрхэн угтаж авахаа бэлтгэж анаж байсан тухай мэдээлэл тэр бүр ил болоогүй байж магад. Тэгээд ч энэ мэдээлэл бас л их сонирхол татахаар байгаа юм.

Б.Хурцын “гайтай” айлчлалын эх үндсийг манай талаас ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин “тавьсан” тухай энд дурджээ. Тэрээр ажил үүргийнхээ дагуу бусад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажиллах талаар санаачилга гаргадаг байсныхаа дагуу 2009 оны 10-р сард Монгол Улс дахь Их Британийн Элчин сайд Билл Диксонд санал тавьж Их Британийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлтэй хамтарч ажиллах тухай саналыг гаргажээ. Үүний дараагаар Монголыг Их Британид төлөөлж буй Элчин сайд Алтангэрэл Их Британийн Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлтэй мөн л дээрхи хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Сонирхолтой нь энэ бүгдээс хойш жилийн дараа Монголд сууж байсан Их Британийн Элчин сайд дээрхи асуудлаар Монголын ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичигийн даргатай хийсэн яриа хэлэлцээ үр дүнгүй байгаа бөгөөд ямар нэг ашиг гарна гэх хүлээлт байхгүй гэж хэлжээ. Гэтэл энэ мэдээллээс хойш зургаан сар орчмын дараа буюу 2010 оны 3-р сарын 17-д Бээжин дэх Их Британийн Гаалийн товчооны ажилтан “Монголын  дипломат ажилтан Их Британид долоо хоногийн албан айлчлал хийхээр виз хүссэн байна “ гэсэн мэдээллийг виз хүсэгчийн нэр болон төрсөн огнооны талаархи мэдээллийн хамтаар цааш нь дамжуулж мэдэгдсэн байна.

Гэтэл үүнээс нэг өдрийн дараа Б.Хурцыг баривчлах ажиллагааг гүйцэтгэсэн Онц ноцтой  зохион байгуулалттай хэргийг мөрдөх агентлагийн /SOCA/ ажилтан Кюф гэгч Монголоос виз мэдүүлэгч нь Германы холбогдох албаны зүгээс эрэн сурвалжилж байгаа хүн мөн болохыг тогтоосноо мэдээлжээ. Гэхдээ SOCA–гийн ажилтан Кюфэд Б.Хурцыг баривчлах захирамж байгаагүй бөгөөд тэрээр Б.Хурц нь дипломат хамгаалалтай эсэхээс захирамж гарах эсэх нь хамаарна гэж бодож байсан гэнэ. Тиймээс ноён Кюф Б.Хурцад дипломат хамгаалалт байгаа эсэхийг Их Британийн Гаалийн ажилтнаас лавлаж асуусан байна. Хариуд нь Б.Хурцыг дипломат паспортаар хил нэвтрэх бөгөөд тиймээс халдашгүй эрхтэй байх болно гэсэн мэдээлэл авсан байна. Тэгэхдээ Б.Хурцын зорьж байгаа айлчлалын талаархи мэдээлэл маш хязгаарлагдмал байна гэж дурдсан байж. Тиймээс түүний визийн хүсэлтэд “нийтийн ашиг сонирхолд хамааралгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгөх боломжтой талаар мөн мэдэгдсэн аж.

Нэг үгээр хэлбэл Их Британийн гаалийн товчоо Б.Хурц Их Британид чухам ямар ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаагүй гэж дээрхи мэдээллүүдийг гаргаж тавьсан Английн шүүхийн хурлын протоколд дурдагдсан байгаа юм.  Энэ бүхний дараа SOCA –гийн ажилтан Кюф гаалийн ажилтанд хариу явуулахдаа тус байгууллага Б.Хурц нь дипломат халдашгүй эрхтэй зорчигч тул Германы талаас тавьсан баривчлан саатуулж шилжүүлэх хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй юм байна гэсэн мэдээлэл өгчээ. Мөн тэрээр Б.Хурцад виз олгох эсэх асуудлыг Их Британийн гаалийн товчоо шийдэх асуудал болохыг хэлээд, харин Б.Хурцыг Герман улсад эрэн сурвалжилж байгаа талаар өөрт нь задрулан хэлж болохгүй гэдийг сануулсан байна.

Эдгээр мэдээллийг харвал эхэндээ Их Британийн холбогдох байгууллага Б.Хурцыг саатуулах боломжгүй хэмээн үзэж байсан нь мэдэгдэж байна. Гэвч Б.Хурц дээрх байгуулагын ажилтнуудад баривчлагдан хоригдсон билээ. Эхэндээ эргэлзээтэй байсан баривчлах ажиллагаа яаж яваад “хүчин төгөлдөр” болсон талаар ч энэхүү Английн шүүх хурлын протоколд мөн дурдагдсан байдаг. Энэ талаар эргэн хүргэх болно.

М.Наст

Зохиогчийн эрх "Ардын эрх"




 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Б.Хурцыг баривчлав
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...