Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Сургуулийн захирал аж ахуйн ажил хийх ёсгүй
2011 оны 9 сарын 27
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай ярилцлаа.

-Хан-Уул дүүрэг боловсролын салбарт үлгэр жишээ болох шинэ жишиг нэврүүлж байгаа гэж сонслоо. Энэ ямар бодлого болохыг тайлбарлах уу?


-Боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийгээд хэвийн ажиллаж байна. Энэ нөхцөлийг хангах үүднээс дүүргээс нэлээн хөрөнгө зарцуулж, дэмжлэг үзүүлсэн. Дүүргийн зүгээс боловсролын салбарт барьж буй хэд хэдэн бодлого бий. Нэгдүгээрт боловсролын байгууллага, ялангуяа захирал, эрхлэгч нарыг аж ахуйн ажил эрхэлдгийг нь болиулья гэж шийдсэн. Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч гэдэг хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх, сайн боловсрол олгоход нь анхаарах ёстой мэргэжлийн хүмүүс юм. Түүнээс биш байшингийн дээвэр муудсан, шал нь цөмөрсөн, паар нь хагарсан гэдэг асуудалд анхаарал хандуулж, түүнийг шийдэхэд хамаг цагаа үрэх ёсгүй. Боловсрол, сургалтын үйл ажиллагаагаа мэргэжлийн төвшинд зохион байгуулах, удирдах, менежментийг нь хэрэгжүүлэх ёстой. Юуны өмнө тэдэнд энэ боломж, бололцоог нь олгох ёстой гэдэг нь бидний баримталж буй бодлогын цөм юм. Сургалтын менежер, эрхлэгчдийг мэргэжлийн чиг үүрэгт нь анхаарлыг нь хандуулахын тулд аж ахуйн асуудлыг нь шийдэх хөрөнгө мөнгийг шаардлагатай хэмжээнд төсөвлөж, засвар үйлчилгээг нь цаг тухайд нь гүйцэтгэхийг дүүргийн зүгээс анхаарсан. Ингээд сургууль, цэцэрлэгийн дээвэр, сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг дүүргээс хийж эхэлсэн. Уг нь бол энэ бүхэн БСШУЯ-ны хийх ёстой ажил л даа. Гэхдээ бид өөрсдийн бодлого, зорилтоо биелүүлэхийн тулд өмнөөс нь хийгээд эхэллээ гэсэн үг. Багш нарыг хүүхдүүд рүү нь илүү хандуулах, ажиллуулах үүднээс энэ юм. Энэ хугацаанд дүүргийн бүх сургуулиудыг интернетийн иж бүрэн танхимтай болголоо. Мөн цэцэрлэгүүдийн дээвэр, сантехникийн засварыг хийснээс гадна хүүхдийн эрүүл, мэнд, аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс сөрөг нөлөө бүхий хувцанцар эдлэл, ширээ, сандлыг бүгдийг нь сольж шинэчилье гэдэг зорилго тавьсан. Одоогийн байдлаар 70 хувийг нь сольсон. Үлдсэн 30 хувийг ирэх 2012 оны төсвөөс шийдэхээр төлөвлөж байна. Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүгд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг хуванцар хэрэгсэлгүй болж байна гэсэн үг.

-Хуванцар ширээ, сандал тийм аюултай зүйл үү. Уг нь зөөлөн гадаргуутай учраас хүүхдэд аюул багатай баймаар юм. Хөрөнгө зарцуулж сольж шинэчлээд байгааг буруутгах хүмүүс байгаа л байх?

-Цэцэрлэг сургуулиудад тохиромжгүй нь тогтоогдсон зүйл шүү дээ. Нэгдүгээрт, тийм хуванцар эдлэл дээр нян үрждэг юм байна. Мөн хүүхдийн нуруу, ясны хөгжил буруу нөлөөлдөг гэдэг нь тогтоогдсон байна. Хүүхдийг багаас нь бие бялдрын буруу хөгжилтэй болгож байна гэсэн үг. Тэгэхээр ширээ, сандлыг бүгдийг сольё гэж шийдээд жил бүр 40-50 сая төгрөгийг төсвөөс гаргаад шийдэж яваа. Энэ бол дэмжлэг хүлээх ажил гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Хан-Уул дүүрэгт ямар асуудал байдаг вэ гэхээр зарим хороод сургууль, цэцэрлэггүй. Хүүхдүүд их холоос сургууль, цэцэрлэгт явдаг. Эхний ээлжинд энэ жил наймдугаар хороонд шинэ сургууль байгууллаа. Шинэ байртай 690 хүүхэд хичээллэх зориулалттай 108 дугаар дунд сургуулийг энэ хичээлийн жилд шинээр нээгээд байна. Сонсголон, Яармагийн зарим хорооны хүүхдүүд 60 дугаар сургуульд, нэлээн холоос ирж сурдаг байсан бол одоо 118 дугаар сургуульд хамрагдах болсноор гэртээ ойртож байна. Мөн нөгөө талаас 60 дугаар сургуулийн ачаалал багассан. Хүүхдүүд гурван ээлжээр, нэг ширээн дээр гурваараа сууж хичээллэдэг байсан бол одоо ийм бэрхшээлгүй болсон.

-Алслагдсан хороод нэлээн бий шүү дээ. Бүгд сургууль, цэцэрлэггүй гэсэн асуудалтай юу?

-Ийм асуудалтай хороод бий. Энэ жил 12 дугаар хороон дээр Тайваны хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран 75 хүүхдийн цэцэрлэг барьж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Мөн огт сургууль, цэцэрлэггүй зургадугаар хороонд цэцэрлэг барьж байна. Ирэх онд ашиглалтад оруулахаар шамдаж байгаа. Хамрах хороодынхоо хүүхдүүдийг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролд бүрэн хамруулах үүднээс энэ мэт ажлыг хийж байна. Мөн цаашлаад бүх сургууль, цэцэрлэгүүдээ интернетэд холбох ажлыг  хийж байгаа. Одоо шилэн кабелийг нь тавиад явж байна, удахгүй өндөр хурдны интернэтэд холбогдоно. Энэ нь цахим дүүрэг болох зорилтын маань нэг хэсэг ч гэж хэлж болно.

-“Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Зорьсондоо хүрэхэд ойртсон байх.

- Мэдээ, тайлангаа онлайнаар авдаг, үйл ажиллагаагаа хурдан шуурхай болгох санаа л даа. Өнгөрсөн жил хороод дээр туршаад эхэлсэн. Мэдээ, баримтаа хялбар, шуурхай солилцоод эхлэхээр шийдвэр гаргах төвшинд хүнд суртал багасна. Уг нь хороодоос маш их мэдээ, тайланг авах бололцоотой. Гэтэл иргэн нэг мэдээлэл авахын тулд заавал дүүрэг дээр явж ирдэг. Цагаа үрээд, унаанд мөнгө гарздаад ирдэг, гэтэл заримдаа цайны цаг таарчихна. Ийм байдлыг халж, хороод дээрээс мэдээллээ авах бололцоо иргэдэд нээгдэнэ гэсэн үг. Өнөөдөр дүүргийг цахимжуулах хөтөлбөр сайн хэрэгжиж байна. Дүүргийн сайт маш сайн ажиллаж, иргэдэд хүрч байгаа. Иргэдийн өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээж авдаг боллоо. Цаашид хороод дээрээс болон хаанаас ч иргэд интернэтэд холбогдоод өргөдөл, гомдлоо шийдүүлчихдэг, шаардлагатай мэдээллээ холбогдох мэргэжилтнээс нь авчихдаг болно. Сургууль, цэцэрлэгүүд ч цахим ертөнцөд холбогдох ирээдүй бий. Гадаадад бол эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургууль дээрээ юу хийж байгааг интернэтээр дамжуулаад харчихдаг, хяначихдаг юм билээ.  Бид ийм жишгийг л бий болгохоор зорьж буй юм. “Цахим дүүрэг хөтөлбөр”-ийн зорилго иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, иргэдийн амьдрах, ажиллах орчныг хялбарчлах явдал шүү дээ.

-Боловсролын салбарт нэлээн их хөрөнгө оруулалт хийж, бодлогын хувьд дэмжиж байгаа нь анзаарагддаг. Гаднаас дэмжлэг ч их байдаг болов уу?

-Тийм ээ. Саяхан 52 дугаар сургууль өргөтгөл хийлээ. 41 дүгээр сургуулийн дэргэд хөлбөмбөгийн талбай байгууллаа. Өнгөрсөн зун “Англи хэл бидний хоёр дахь хэл” гээд хөтөлбөр хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Болдын хөрөнгө оруулалтын багцаас хэрэгжүүлсэн хөтөлбөр л дөө. Маш сайн, үр дүнтэй болсон. Олон хүүхэд хамрагдсан. Англи хэл эзэмшвэл амьдралдаа том хөрөнгө оруулалт хийх юм байна гэдэг ойлголтыг хүүхэд залуус, эцэг эхчүүдэд төрүүлж чадсан. Сайн суралцсан хүүхдүүдээс Тайваньд үнэ төлбөргүй сургах, зардлыг нь тэдний талаас даах болзолтой байсан. Энэ жил 200 гаруй хүүхэд хөтөлбөрт хамрагдсан, ирэх жил дахин хэрэгжүүлнэ. Дүүргийн хүүхдүүд бүгд англи хэл, математекаар сайн байх ёстой гэсэн зорилт тавьж байгаагийн нэг хэсэг. Манай боловсролын байгууллагууд математекийн олимпиадыг өнгөрсөн жил тун сайн зохион байгууулж өрсөлдсөн. Мөн дүүрэг БНСУ-ын Гённам аймгийн Хаман сумтай эгч дүүсийн харилцаа тогтоож, хамтран ажиллах талаар хэд хэдэн гэрээ байгуулсан юм. Харилцан оюутан сургах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулсны хүрээнд анхны ажил болгож жил бүр хоёр хүүхдийг Солонгост Масан хотын их сургуульд суралцуулахаар болсон. Сонгон шалгаруулалтыг энэ арвадугаар сард зарлах гэж байгаа. Шалгарсан хүүхдүүд маань ирэх оны гуравдугаар сард Солонгос явах юм. Хан-Уул дүүргийн зүгээс нөхцөл бололцоог нь хангаж өгч байна. Цаашид суралцах хүүхдийн тоог нэмнэ. Хүүхдүүд маань сайн суралцвал дараагийн таван хүүхдийг үнэгүй сургана гэсэн яриа хэлцэл ч хийгээд байгаа.

-Хот, хөдөөгүй яг өдийд нэг асуудал босч ирдэг дээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу гэдэг асуултыг танд тавих гэж байна?

 -Энэ бол өдийд ч биш өвөл дуусаад хавартай золгохтой зэрэгцээд яригддаг асуудал шүү дээ. Дүүргээс өвөлжилтийн комисс томилдог. Өнгөрсөн өвөл ямар асуудал үүссэн, тэдгээрийг яаж шийдэх вэ, юуг засч сайжруулах вэ гэдгийг тайлангаар аваад хэлэлцдэг. Энэ тайлангийнхаа дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, арга хэмжээ авдаг юм. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Зарим нэг хорооны уурын зуухны асуудал байгаа, гэхдээ тэдгээрийг шийдэхэд ямар ч хүндрэл байхгүй.

-Биокомбинат гээд уурын зуухны хэрүүлтэй газар байдаг даа?

-Хамгийн гол асуудалтай хоёр хороо байдаг юм. 12, 13 дугаар хороо буюу Шувуун фабрик, Биокомбинат хоёр. Биокомбинатын уухын зуух халдаггүй, хөлддөг гээд л иргэдээс маш их гомдол ирдэг байсан. Шийдэгдээд хоёр жил болж байна шүү дээ. Өнөөдөр асуудал байхгүй, маш сайн халж байна. Уурын зуухны менежмент хийж байгаа нөхдүүдийн хариуцлагагүй байдал, тоног төхөөрөмж, бэлэн байдалтай холбоотой асуудал гарахаа байсан. Нэг хэсэг хэрүүл их гарсан, одоо больсон байгаа биз? Менежмент хийж байгаа компани нь сайн ажиллаж байна. Шувуун фабрикийнхан бас хөлдөхөө шахдаг, байнга л аваарын байдалд байдаг байсан. Хуучин ганцхан амтай зуухтай, тэр ам нь хөлдөхөд л сандардаг байсан. Одоо үүнийг шийдсэн. Яахав, жижиг сажиг асуудлууд одоо ч гарна л даа. Гэхдээ шийдэхэд хүнд биш.

-Биокомбинат, шувуун фабрикийн зам там болсон гэдгийг бүгд мэднэ. Элс, хайрга зөөдөг машинууд зам эвдээд дууссан юм биш үү?

-Засаг даргын ажлыг 2008 онд авснаас хойш тэнд хайрга олборлох зөвшөөрөл дахин нэмж олгоогүй. Өмнө нь зөвшөөрөл авсан хэд хэдэн газар үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ нь хоёр талтай асуудал. Нэг талаас хотын бүтээн байгуулалт, зам, барилгын түүхий эдийг бэлтгэж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаас оршин суугчдын эрүүл мэнд маш ихээр хохирч байна. Хоёрдугаарт, байгаль орчин сүйдэж байна. Гуравдугаарт, дэд бүтэц хохирч байна. Бид ийм гурван асуудлаар хохирч байгаа учраас хайрганы карьеруудыг хаалгахаар хөөцөлдсөн. Сүүлдээ иргэд маань өөрсдөө хүнд даацын машин замаар явуулахгүй гээд өндрийн хашилт хүртэл босгож үзсэн.

-Элс, хайрга олборлохыг хориглосон захирамж гаргасан байх аа?

-Захирамж гаргасан. Захирамж гаргахын өмнө уг нь хүнд даацын машинуудад маршрут зааж өгсөн юм. Сонгинохайрхан дүүрэг, Тавантолгойн гүүрээр явах маршрут гаргаж өгсөн боловч хайрга олборлогчид биелүүлэхгүй байсан. Тийм учраас элс, хайрганы олборлолтыг хориглосон захирамж гаргахад хүрсэн. Замын цагдаа, цагдаагийн тасаг маань бөөнөөрөө ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хянаж байна. Гэхдээ мэр сэр хулгайн тээвэр гарч байгаа.

-Хан-Уул дүүрэг хэзээнээс үйлдвэрлэл төвлөрсөн район. Аж ахуйн нэгж, үйлдвэрийн тоо өнгөрсөн хугацаанд нэмэгдэв үү. Дүүргийн хэмжээнд энэ талаар ямар дэмжлэг үзүүлдэг вэ, татварын хувьд ч юм уу...

-Хэд хэдэн том үйлдвэр нэмэгдсэн. “Говь” компани гэхэд энэ жил өргөтгөл хийлээ. Гурван зуун ажилтан шинээр ажилд авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Мөн сүүний үйлдвэр, гахайн фермийн аж ахуй, “Хан-Уул Агро парк” байгуулагдлаа. Хүнсний ногоо, даршны “Багро” компани байгуулагдлаа. Ер нь бол ажлын байр бий болгох чиглэлээр хувийн болон төрийн хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, үр дүнд хүрээд явж байна. Орон нутагт татвар бие даасан татварын бодлого явуулах эрхзүйн нөхцөл, боломж байхгүй шүү дээ. Монгол Улс татварын нэг тогтолцоотой, УИХ-аас баталсан хуулийн дагуу татварыг ногдуулаад л явна. Нэг зүйл хэлэхэд дүүрэгт ордог татвар бараг байдаггүй юм. Нэг хэсэг нь улсын төсөв рүү, нөгөө хэсэг нь нийслэлийн төсөв рүү яваад өгдөг. Дүүрэгт жижиг аж ахуй эрхлэгчдийн татвар орлого болж ордог, тухайн бүр орлогыг тодорхойлох боломжгүй гэж томьёолдог доо. За тэгээд бууны татвар, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар зэрэг дүүрэгт ордог.

-Дүүргийн төсвөөс хийж буй олон ажлыг та дээр дурдсан. Дүүрэг нийслэлээс төсвөө авч санхүүжиж байна уу?

-Үгүй ээ. Дүүрэг төсвөө өөрөө бие даан бүрдүүлдэг. Харин ч бид дүүргээс татаас авах биш дүүрэгт орлого бүрдүүлж өгдөг. Шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг бол нийслэлээс гаргадаг. Ер нь жил ирэх тутам дүүргийн төсөв сайжирч байгаа.

-Энэ нь юутай холбоотой вэ?

-Манай дүүрэгт бизнес цэцэглэж байна гэсэн үг. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэж байна. Шинэ орон сууцны хорооллууд ашиглалтад орж, борлуулалт сайтай байна. Үүнийг дагаад дүүрэгт орох төсвийн орлого сайжирч байгаа.

-Хот, дүүрэг гэж барагдахгүй их ажилтай айл.  Нийслэлийн өдрөөс өмнө дуусгах ёстой ажлууд, үүрэг даалгаварт дарагдаад байгаа бололтой юм?

-Тийм ээ. Нийслэлийн өдрийг угтаад дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг дуусгах, чанарын өндөр төвшинд хүлээлгэж өгөх ажлыг хийж байна. Тухайлбал, “Ажилчны алдар” талбайн тохижилт дуусч байна. Зарим талбайн тохижилтын ажлыг мөн нийслэлийн ойн өдрөөс өмнө дуусгана. Удирдлагын академи хүрэх зам дагуух явган хүний замыг сая ашиглалтад хүлээж авлаа. Хоёрдугаар хорооны То вангийн гудамжны ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажил хийгдэж байна. Мөн хоёр ч хорооны барилгын ажил дуусаагүй байгаа. Тэдгээрийг нийслэлийн өдрөөс өмнө дуусгахаар шамдаж байна. Их ажлын ард гарах сайхан шүү дээ.

-Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд газрын маргаан их үүсэх юм. Танай дүүрэг, тэр тусмаа Засаг даргын нэр холбогдсон газрын маргаанууд нэлээдгүй үүсдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Газрын маргаан их байдаг. Ялангуяа бүтэн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотойгоор газрын маргаан үүсдэг. Сая Яармагт худалдаа үйлчилгээний төвийг нээлээ. Газар нь бас маргаантай байсан. Үүнийг шийдэхэд зургаан сар шаардагдсан. 15 дугаар хорооны барилгын газар ч маргаан үүсгэсэн. Найдугаар байрны урд талын талбайн тохижилт дээр маргаан гарснаас ажил нь бас зогссон.
Газрын маргаантай асуудлыг бид тухай бүр шийдээд явдаг. Гэхдээ бидний шийдэж чадахгүй, биднээс хамаарахгүй асуудлууд байдаг. Тухайлбал, Дүүргийн Засаг даргын шийдвэрээр биш Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгогдсон газрын зөвшөөрлийг бид шийдэж чадахгүй шүү дээ.

-Саяхан “Алтай констракшн” компани танай дүүрэг хоёрын хооронд газрын маргаан үүсээд байсан. Аль талд нь шийдэгдсэн бэ?

-“Алтай констракшн” компанитай холбоотой маргаан бол тус компани, нийслэлийн Засаг дарга хоёрын хооронд үүсч байгаа асуудал. Нэгдүгээр хорооны иргэд Хан-Уул дүүрэгт үлдсэн бараг сүүлчийн ногоон байгууламжийг хэвээр нь үлдээе гэсэн хүсэлтэй байгаа. Гэтэл энэ газрыг нь дээрх компани авчихсан байсан. Ногоон байгууламжийг өөр зориулалтаар ашиглуулахгүй гэдэг 2009-2010 онд иргэдээс гарч ирсэн хүсэлт. “Ногоон байгууламжийн газрыг компаниудад өгчихсөн байдаг юм байна. Энэ газрыг өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар анхаарч өгөөч ээ” гэсэн хүсэлт тэр үед гарч байсан. Сая “Алтай констракшн” компани тэр газар дээр хашаа бариад эхлэхэд тэндэхийн оршин суугчид нэлээн хэл ам хийж компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Тэгэхэд нийслэлийн Засаг дарга өмнө гаргасан шийдвэрээ цуцалсан. Үүнд иргэд баяртай байгаа. Тэр газар дээр усан оргилууртай ногоон байгууламж барихаар төлөвлөгдөөд байгаа юм. Гэхдээ дээрх компани нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа. Тухайн хорооны иргэд ногоон байгууламжийг хэвээр үлдээх хүсэлтээ гаргасны хувьд шүүхийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа юм билээ. Тэгэхээр шүүхийн шийдвэр удахгүй гарах байх. Үүний дараа тэр газрыг ямар зориулалтаар ашиглах нь тодорхой болно.

З.Оргил
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...