Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
”Монголын газар нутгийн хэмжээг зөрүүтэй мэдээлэх нь бий”
2011 оны 10 сарын 11
Ц.ЭНХБАТ: МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭГ ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ БИЙ


Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 1.566.600 км2 байхад олон улсын www.mapsofworld.com сайтад 1.565.116 гэсэн мэдээлэл гарчээ. Түүнчлэн  www.wikipedia.org сайтад 1.565.115 гэж тэмдэглэсэн байна. Судлаад үзэхэд томоохон гэлтгүй манай улсаас бусад улсын нутаг дэвсгэрийн хэмжээг нэг ч таслал зөрүүлэлгүй тэмдэглэжээ. Нутаг дэвсгэрийн хэмжээг ч яг таг мэдээлсэн байна. Энэ талаар  Хил хамгаалах ерөнхий газрын хошууч Ц.Энхбатаас зарим зүйлийг тодруулсан юм. 


-Олон улсын зарим сайтад манай улсын нийт газар нутгийн хэмжээг өөр, өөрөөр тэмдэглэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?    

-Манай улсыг албан ёсоор 1.566.600 км2 газар нутагтай гэж тодорхойлсон байдаг. Олон улсын сайтад янз бүрээр тэмдэглэсэн байх. Тиймээс тухайн сайт, олон улсын холбогдох байгууллагуудад албан бичгээр тодорхой тоо баримтыг хавсарган илгээж өөрчлүүлдэг.

-Хилийн нийт уртыг мөн адил зөрүүтэй тэмдэглэсэн байсан?


-Манай улсын хилийн нийт урт 8252.658 км. Хэдийгээр олон улсын зарим сайт тоон тэмдэглэгээн дээр алддаг ч урд, хойд хилийн байнгын зурвас гэж бий. Энэ нь  аль, аль талаасаа ямар ч маргаангүй байхын гол баталгаа, үндэс болж өгдөг. Ер нь хил хамгаалах нь жинхэнэ эх оронч хүний үүрэг шүү дээ.

-Монгол Улсын хилийн зурвас дээр хамгийн сүүлд ямар хэрэг зөрчил илрэв?


-Одоогоос нэг жилийн өмнө АлтайТаванбогдын ойролцоо ОХУ-аас малын хулгайчид хууль бусаар нэвтэрснээс болж буудалцаан болсон. Гэхдээ нэг ч хүн бэртэж гэмтээгүй. Ер нь хил зөрчигчид ихэвчлэн ОХУ-ын нутаг дэвсгэрээс мал хулгайлахаар орж ирдэг. Манай хилчид ОХУ-ын хилийн цэргийн албатай удаа дараа холбогдож анхаарал сэрэмжтэй байхыг шаардсан. Үүний дагуу хоёр улсын хилийн цэргийнхэн хамтарсан сургалт зохион байгуулж байсан.

-Хилийн цэргийн тусгай анги ямар үүрэгтэй юм бэ?


-Энэ талаар дэлгэрэнгүй ярих эрх надад байхгүй. Хилийн цэр­гийн бие бүрэлдэхүүнд алба хааж байгаа байлдагчдын дунд сонгон шалгаруулалт тодорхой хугацаанд явуулдаг. Мэдээж бие бялдар, эрүүл чийрэг байдлыг нь харгалзаж салаа цэрэг бүрдүүлдэг. Тусгай цэргүүд манай улсын хил дээр онцгой  хүндрэл гарсан тохиолдолд үүрэг аван тусгай ажиллагаа явуулдаг. Тэд нийслэл хотод байнгын бэлэн байдалд байдаг бөгөөд 15.35-ийн хооронд албан үүргээ гүйцэтгэдэг.

-15.35 гэж юу гэсэн үг вэ?

-Энэ тоо бол хил дээрх тухайн улсын пост хоорондын зай.  Өөрөөр хэлбэл, 15-35 км хүртэлх зай хоосон байдаг. Чухам энэ хооронд л манай тусгай хилчид албан үүргээ гүйцэтгэдэг гэх үү дээ.

-Хилчдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Тулгамдсан асуудал байхгүй. Учир нь улсаас биднийг бүх зүйлээр хангаж байна. Харин өвлийн улиралд л хэцүү. Өвлийн  хүйтнээр манай малчдын мал урд хөршийн нутаг уруудах тохиолдол их гардаг. Цасан шуургаас болж хөдөө байгаа штаб руу хүнсний тусламж саатаж очих тохиолдол ч гардаг. Мөн цахилгаан, дулаанаас эхлээд олон л хүндрэл бий.

-Хамгийн сүүлд хэзээ зэр зэвсэгээ шинэчлэгдсэн бэ?

-ОХУ-аас 2007 онд шинэ автомат буу, АК-47, “Драгунов” мэргэн буу, СВД зэрэг хэд хэдэн төрлийн зэвсэг шинэчилж өгсөн. Гэхдээ өмнө нь хэрэглэж байсан бүх зэвсэгүүдийг манайхан гамтай, эдэлгээтэй хэрэглэж байгаа нь нэг талын сайшаалтай хэрэг.

-Нууц биш бол хилчид манаанд гарахдаа хэдэн ширхэг сумтай гардаг вэ?

-Хоёр магзин буюу 60 сумтай гардаг. Мэдээж онцын шаардлагагүй бол хэрэглэхгүй нь ойлгомжтой. Манаанд гарч дуусаад харьяа газарт нь тоо ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин





Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...