Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Далай лам Монголд яагаад айлчлав?
2011 оны 11 сарын 9
Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам найм дахь удаагаа Монголд ирлээ. Монголын бурхан шашны тэргүүнээр төвд хүн тодорсонтой то­хиолд­­лоор давхцсан гэх айлч­лалынхаа үеэр Далай лам сэт­гүүлчидтэй 15 минут уул­зах цаг л гаргаж байна. Энэ хоо­ронд Төвдийн асуудлаар тавьсан асуултад хариулахгүй гэх. Төвдийн эрх ашгийг хам­­гаалахын тулд очсон га­зар бүртээ энэ тухай ярьж суу­даг Далай лам энэ удаад азнахаар шийджээ. Хятадын өөдөөс том дуугарч чадахгүй Монголыг төвдүүдийн эрх аш­гийг хамгаалах үйл хэрэгтээ оролцуулахгүй гэсэндээ тэр үү, аль эсвэл өөр шалтгаантай юу.

Далай лам саяхан Өмнөд Африкт айчлах гэсэн боловч түүнд виз олгоогүй. Нобелийн энх­тайвны шагналт хүний эрхийн төлөө тэмцэгч Ар­чибишон Десмондын урилгаар тус улсын Туту омогт зочилж, илтгэл тавих гэсэн Дээрхийн гэгээнтний хүсэл биелээгүйн шалтгаан нь Хятадтай хол­боотой. Хятадын хөрөнгө оруу­лалтаас татгалзахыг хүсээ­гүй Өмнөд Африкийн эрх ба­ригчид ийн шийд­вэрлэжээ. Сүүлийн хоёр жи­лийн дотор Далай лам Аф­рикт хоёр ч удаа айлч­лах гэсэн нь бүтээгүй юм. Өнгөрсөн долоодугаар сард Барак Обама Далай ламтай уулзах үед Хятадын тал маш хүчтэй шүүмжилсэн билээ. Харин сая цунамид өртсөн Японы мужуудад зочлох үед нь “Синьхуа” агентлаг “Хятадын Засгийн газар үүнд маш шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээн мэдээлжээ. Цаашлаад Монгол руу зорихоор шийдсэн Далай ламыг Японоос шууд гэр рүүгээ харихыг шаардсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэсэн ч Далай лам Монголд ирлээ.  Түүнийг Улаанбаатарт Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ спортын ордонд лекц уншихыг нь хориглосон гэх мэдээлэл ч гарсан юм.

Далай лам анх 1979 онд Монголд ирж байв. Лам нарыг үй олноор нь  хоморголон хөнөөж байсан Зөвлөлт засаг ч түүнд нөлөөлж чадаагүй юм. Харин түүнийг 2002 онд Монголд ирэх үед Хятадын тал эсэргүүцэж, хилээ хоёр хоног хааж байсан.


Уг нь бодоод үзэхэд өөрсдөөс нь эдийн засаг хувьд хараат шахуу болчихсон жижигхэн Монголд Далай лам ирж, мянга гомдоллоод ямар ч үр дүнгүй мэт. Гэхдээ Хятадын Засгийн газар энэ хэрэгт маш их ач холбогдол өгч байсан юм. Төвдийн асуудлыг Хятад хэмээх их гүрний талаас анхаарч үзвэл энэ бол байдаг л жишиг. Орос Чеченийн салан тус­гаарлагчидтай тэмцэж, Кавказын босогчдыг дарахад асар их хөрөнгө зарцуулдаг. Түүнтэй адил Хятад ч Төвдийг зүгээр алдаад явуулахыг хүсэхгүй байгаа.



Далай лам Төвдийн Дарамсалаг орхин гараад удаж байгаа. Гэхдээ олон арван жил дарамт шахалт доор амьдарсан төвдүүдийн үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд тэрбээр Дарамсалагийн гол “түнш”-ээр Улаанбаатар болго­хыг зорьж байж ч болох юм. Төвдийн иргэн, 79 настай IX богд Жамбалнамдолчойжижанцан гэ­нэтхэн манай харъяат болж, Мон­голын бурхан шашны тэргүүнээр заларсан. Хэдийгээр Гадантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц 14 дүгээр Далай ламын айлчлалыг “Улс төрийн шалтгаангүй, эртнээс төлөвлөсөн айлчлал. IX Богд сая­хан заларсантай огт холбоогүй” хэмээн тайлбарласан ч энэ үг яг л “Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэдэгтэй адилхан албаны мэт сонсогдох аж.  Далай ламын хойд дүрээр сонгогдох магадлалтай есөн настай монгол хүүгийн тухай мэдээлэл ч бий. Хэдийгээр Дээрхийн гэгээнтний Дарамсала дахь албаны төлөөлөгч Тэнзин Тахла энэхүү мэдээллийг нотлохоос татгалзсан боловч бас үгүйсгээгүй. Энэ шалтгаанаар лам хүүгийн хаана байгааг нууцалж, олон нийтэд мэдээлэхээс татгалзсаар байж болох.

Өмнө нь Далай ламыг амьд байх үед хойд дүрийг нь сонгож байсангүй. Уг нь нас барсных нь дараа сүнс нь дахин мэндэлдэг гэх ойлголтоор бодоод үзсэн ч ингэх нь боломжгүй зүйл. Хамгийн сүүлд 13 дугаар Далай лам нас барснаас хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа одоогийн Дээрхийн гэгээнтнийг тодруулж байв. Гэхдээ Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүр Хятадаас тодорно гэх агуулгатай мэдээлэл цацаж байгаа энэ үед Төвдийн тусгаар тогтнол, эрх ашгийг хамгаалахын тулд Дээрхийн гэгээнтэн залгамжлагчаа арай эрт зарлахад хүрээд байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд амьд байхдаа хойд дүрээ тодруулахаа мэдэгдэж, Монгол, Непал, Энэтхэг, Халимаг, Буриадын 300 гаруй хүүхдээс сонгохоор болсон. Ямар ч гэсэн Хятадад тодрохгүй.

Далай лам Монголоос хойд дүрээ тодруулах хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө бурхан Буддагаар холбогдсон Монгол, Төвдийн харилцаа өнө эртний түүхтэй. Барууны орнууд сэргэн мандаж байх үед 1570 онд Алтай хаан Монголд буддизмыг оруулж ирсэн юм. Түүний ач хүү нь дөрөвдүгээр Далай лам болж байв. 13 дугаар Далай ламын хамгийн ойрын шадар, зөвлөхүүд нь монголчууд байсан. Далай ламд монгол багш ч байжээ. Манжид 200 гаруй жил дарлуулсны эцэст 1911 онд зарласан Монголын тусгаар тогтнолыг Төвд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч байв. Төвдийн дипломат төлөөлөгчид тун цөөхөн гадны оронтой харилцаатай байдгийн нэг нь Монгол гээд бодоод үзэхээр Далай ламын айлчлалыг тайлбарлаж болох юм.

Далай лам Хятадын Засгийн газрыг “Төвдийн соёлын геноцид хийх гэж байна” хэмээн ширүүхэн дүгнэлт хийсэн. Геноцид гэдгийг “Санаатайгаар бүр мөсөн устгаж, үгүй хийх” гэж ойлгож болно. Далай лам энэ аймшигтай үгийг санаандгүй сонгож хэлээгүй нь мэдээж. Сүүлийн үед Төвдийн автономит эрхийг сэргээхийн тулд тэрбээр идэвхтэй хөдлөх болсон. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Төвдийн 11 лам, хандмаа нар олны нүдэн дээр өөрсдийгөө шатааж, Хятадын дэглэмийн эсрэг тэмцлээ илэрхийлсэн юм. Үүнээс хамгийн сүүлд 2009 онд Куртын нэгэн лам өөрийгөө шатааж байв. Сүүлийн үед эрчимжих болсон нүд хальтрам эмгэнэлтэй явдлыг Хятадын Засгийн газар өөрийнхөөрөө тайлбарласан. Тэд Далай лам зүсээ хувиргасан “терроризм”, амиа золиослох үйл ажиллагааг дэмжиж байна хэмээн буруутгасан юм. Харин Дээрхийн гэгээнтэн Токиод болсон хэвлэлийн бага  хурлын үеэр “Лам нар өөрийгөө шатааж байгаагийн жинхэнэ шалтгаан нь Хятадын харгис дэглэмтэй холбоотой. Эх газрын Хятадаас Төвдийг зорих хүмүүс ч тэнд соёлын геноцид явагдаж байгааг  хүлээн зөвшөөрдөг” хэмээн ярьжээ.

Хоосон чанарын эрхэмлэгч буддистуудын өлгий нутаг нь Төвд. Энэ утгаараа төвдүүд материаллаг зүйлст ач холбогдол өгдөггүй. Бүр гар утасны талаарх ойлголтгүй хүн цастын өндөрт амьдарч байгаа тухай гадны хэвлэлүүд бичдэг билээ. Орчин үеийн соёлоос алслагдсан төвдүүд өөрсдийн өв, соёлоо ч алдахад хүрчээ. Хамгийн сүүлд Хятадын Сичуан мужиид 35  настай хандмаа өөрийгөө шатаахдаа Далай ламыг Төвдөд эргэн ирж, ард түмнийхээ тэмцлийн бамбай болохыг уриалсан юм. Төвдүүд тусгаар тогтнолоо алдсанаас хойш сүүлийн 60 жилийн турш Хятадын эрх баригчидтай тайван замаар тэмцэж ирсэн. Гэвч тэд одоо зүсээ хувиргасан “терроризм”-ыг сонгох болж.

Төвдүүд сүүлийн үед эсэргүүцэл, тэмцлээ илэрхийлж, улам чанга дуугарцгаах болсон. Ийм үед төвдүүдийн итгэл найдварын цог, дэлхийн дахинтай харилцах цорын ганц гарц нь болсон Далай ламынхаа хойд дүрийг тодруулж, эртнээс бэлтгэх хэрэгцээ, шаардлага бий гэсэн үг. Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам одоогоор энх тунх, эрүүл саруул байна. Гэхдээ тэр хэдийнэ 75 насыг зоогложээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин




Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Далай лам Монголд
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...