Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Сүхбаатар аймагт аж үйлдвэрийн парк байгуулна
2010 оны 05 сарын 02
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас Орон нутгийнхаа онцлогт тохирсон бизнесийн таатай орчин бүрдүүлэх, хөгжлийн зөв гарцыг тодорхойлох зорилгоор “Сүхбаатар аймаг-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-ыг  Улаанбаатар хотноо өнгөрөгч баасан гаригт “Чингис” зочид буудалд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын төр болон бизнесийн салбарын төлөөлөгч, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч гэсэн 300 шахам төлөөлөгч оролцов. Тэд зөвхөн арга хэмжээнд оролцоод зогсохгүй Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх уул уурхай, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, сонирхсон хөрөнгө оруулагчидтай санал солилцохоор цуглажээ.

Чуулганд оролцогчид өөрсдийн төсөл хөтөлбөр, итгэлийг танилцуулах үеэр хилийн байнгын ажиллагааг хангах, авто зам болон төмөр зам даган хөгжихийг сануулж байв.  Тус аймагт чулуун болон хүрэн нүүрсний ордод түшиглэсэн Дулааны цахилгаан станц барьж байгуулах, түүнийг тойрсон аж үйлдвэрийн парк байгуулах саналаа хөрөнгө оруулагчдад танилцууллаа.  Мөн аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжийн талаарх илтгэл сонирхолтой санагдав. Аялал жуулчлалын салбар ойрын жилүүдэд  зүүн өмнөд азийн бүс нутагт түлхүү хөгжих тооцоо байгаа аж. Үүнээс Хятад улсад ирэх жуулчдын тоо 1.6 тэрбум болох бөгөөд  энэ нь бусад тив, улс орнуудаар аялах жуулчдын тооноос хэд дахин илүү байх гэнэ.  Урд хөршид ирэх жуулчдыг нутаг орноороо аялуулахын тулд Сүхбаатар аймаг ямар аргаар жуулчдыг татах вэ гэдгээ ярилцав.  Сүхбаатар аймагт хамгийн тохиромжтой хувилбар нь нутгийн иргэдэд түшиглэсэн  аялал жуулчлалын арга гэнэ.  Энэ аргыг Азийн Индонез, Малайз, Лаос  зэрэг хүн амын амьдрал, эдийн засгийн төвшин зэргээр адил төстэй улсууд олон нийтийн оролцооны хэлбэрээр хэргжүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд жуулчид голчлон адал явдалт аялалыг сонгох болсон бөгөөд нийт аялагчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Үүн дотроо 55-аас дээш насны эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг бөгөөд тэдний анхаарлыг татсан аялалын хөтөлбөрийг бий болгох  хэрэгтэй гэнэ.

Чуулганы үеэр Хаан банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан оролцогчдод хандан “Бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулахын тулд хүмүүст хэрэгтэй хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүний нэг нь мэдлэг  мэдээллийн нөөц юм. Иймд Хаан банкнас санаачлан аймаг бүрт хөрөнгө оруулалтын чуулган, малчдын зөвлөгөөн, тариаланчдын чуулган зэргийг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаад Сүхбаатар аймгийн чуулганыг дэмжиж, хамтран ажиллаж байна. Тус аймагт ямар бизнес эхрэлж болох, үүнд банкны оролцоо ямар түвшинд байх вэ гэдэг дээр харилцан санаа бодлоо солилцож байна.  Сүхбаатар аймгийн Бичигтын боомт, Төмөртэйн орд зэрэгт Хаан банк хамгийн анхны салбараа нээж, шаардлагатай хэрэгцээтэй бүгдээр үйлчилэхийг хичээж байсан. Гэхдээ дан ганц санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээр хязгаарлалгүй, мөнгөө үр дүнтэй зарцуулах, хөрөнгөө арвижуулах тал дээр анхаарч, харилцагчдад зориулсан сургалт зөвөлгөөн зэргийг зохиож ирсэн. Мөн аймаг орон нутгийн онцлог нөхцөлд зориулсан тусгай бүтээгдэхүүнээр үйлчилэхэд онцгой анхаарч ажиллаж байна. “Ногоон орчин бидний ирээдүй“ гэсэн төслийг дөрөвдүгээр сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд улсын хэмжээнд таван төрлийн уралдаан зарлаж, хүүхдүүдэд экологийн боловсрол олгох юм. Байгал орчныг хамгаалах, ногоон орчныг бий болгох нь мэдлэгээс эхлэнэ гэж үзэн өсвөр үеийнхэний дунд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймагт ногоон парк барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төсөлд Хаан банкнаас тодорхой хэмжээгээр оролцох хүсэлт тависаны дагуу ногоон парк барихад нь зориулан 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсоноо мэдэгдэж байна.”  гэдгээ амлаад авлаа.

Чуулганы үндсэн илтгэл дуусах үеэр Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирж, чуулганд оролцогчдод хандан  “Монгол Улсын засгийн газар бүсчилсэн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа.  Өнгөрсөн оноос эхлэн зүүн бүс нутгуудад хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгож, аймаг орон нутгуудаас анхдагч нь болон өргөн бүрэлдхүүнтэй, өгөөж ихтэй чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Аймаг орон нутгийн боломжид түшиглэн хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа нь, ард түмний амьдрал дээр түшиглэн хөгжих арга юм. Түүнчлэн дан ганц гадаад улс орон руу түүхий эдийг шууд гаргах биш өөрийн нөөц бололцоог ашиглан аж үйлдвэрийн парк барихаар болсон нь улс оронд нэмүү өртөгийг нэмэгдүүлэх, боловсруулалтийг бий болгох чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын сайжирна” гэв.
“Чингис” зочид буудлын хурлын танхимд гадаад дотоодын 300 гаран зочид төлөөлөгчид Сүхбаатар аймгийн хөгжлийн төлөө нэгэн өдрийг ийнхүү өнгөрүүллээ. Энэ үеэр оролцогчидоос чуулганы талаарх сэтгэгдлийг нь тодруулсан юм .

 Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Өнгөрч буй өвөл Монгол орны хувьд нилээн хүндхэн өвөл байсан ч Сүхбаатар аймгийн хувьд харьцангуй таатай, өнтэй өвөл боллоо. Малчдын гол орлогын эх үүсвэр болсон мал таван хошуу төрлөөрөө өсч, махны үнэ нэмэгдэж, ямааны ноолуур 53 мянган төгрөгт хүрлээ. Энэ нь эдийн засгийн суурь болж байгаа нь ажилгүйдэл ядуурал газар авч байгаа өнөө үед их чухал. Монгол улсын засгийн газрын шийдвэрийн хүрээнд Сүхбаатар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрөөр бүх ажил хийгдэж байна. Гэхдээ үүнээс илүүтэй хөгжлийн шинэ гарцыг хайж ажиллах арга замыг эрэлхийлж байна. Манай аймгийн Бичигтийн боомт бол Монгол улсын далайд гарах хамгийн ойр зам. Өмнө нь энэ талаар ярихад хэцүү байсан. Нэгд олон улсын шинж чанартай боомт байгаагүй, хоёрт хил дээр төмөр зам ирээгүй байсан. Бичигтийн боомт олон улсын шинж чанартай байнгын ажиллагаатай боомт болсоны дээр 2011 онд Хятадын Жинжоу боомтыг чиглэсэн төмөр зам тавигдаж байгаа. Тэгэхээр бид тэрхүү боомтыг түшиглэсэн аж үйлдвэрийн парк байгуулъя гэж шийдсэн. Сүхбаатар аймаг нь чулуу нүүрсний асар их нөөцтэй, энэ нь холын замд тээвэрлэхэд өртөг багатай байдаг тул хил дээр том оврын цахилгаан станц барина гэж  тооцоолсон. Хэрвээ ингэж чадвал  хямд үнэтэй цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Бид төмөр, хүдэр, цайр зэргийг боловсруулах, малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдхүүн болгон боловсруулах боломжийг хайж байгаа. Ингэж чадвал Ази, Европийн зах зээлд гарах боломж бидэнд бий гэж үзсэн. Өнгөрсөн онд зүүн бүсийн чуулганы үеэр Сүхбаатар аймгаас “Боловсруулах үйлдвэрийн төлөө” гэсэн илтгэл тавигдсан үүнийгээ англи, солонгос, хятад хэлээр хөрвүүлэн тараасан . Илтгэлийн үр дүнд  гадны хөрөнгө оруулагчид 500 хүртэлх сая долларын хөрөнгө оруулах боломжтой гэж үзсэн. Үүнтэй уялдан төр засаг, аймгийн засаг дарга, иргэд, хөрөнгө оруулагчдын бодол санаа, төсөл хөтөлбөр зэргйиг танилцуулж, хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна.  

Эрдэнэцагаан сумын засаг дарга Ө.Батсайхан:

-Манай сум Монгол улсын хамгийн зүүн талын сум зургаан мянга гаран иргэдтэй, 100 мянган толгой малтай, өвөлдөө өнтэй сайхан өвөлжсөн. Одоо ч сайхан хаваржиж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум бол нутаг дэвсгэр, байгалын баялаг, ан амьтан элбэгт тооцогддог. Тэгээд ч Бичигтын боомт  манай суманд оршдог тул сумын хөгжлийн талаар илтгэл болгон дээр ярьж байгаа нь аймагтаа болоод зүүн бүс нутагтаа нөлөөлөх сум гэдгийг харуулж байна. Энэ нь бүсийн хөгжил манай сумаас эхэлж, Аж үйлдвэрийн паркаа түшиглэж, зүүн бүсээ цахилгаанаар хангах гол сүлжээ болж чадна гэдэгт итгэж байна.

 “Цайрт менерал” компанийн тэргүүн дэд дарга С.Батхүү:

-Манай үйлдвэр байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд дан ганц уул уурхай гэж яваагүй ба орон нутгийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг давхар хийж ирсэн. Бид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг  уул уурхайн хамгийн анхны томоохон хувийн компани.  Иймд бусад компаниудад туслах, мөн тус аймагт  уул уурхайн салбарыг хөгжүүлэх боломж байна гэдгийг танилцууллаа.   Мөн бид тодорхой хэмжээний туршлагатай,  бусад компаниудтай туршлагаа хуваалцана. Ингэж  хамтдаа хөгжвөл аймаг орон нутгийн иргэдэд чиглэсэн илүү үр дүнтэй алхамуудыг хйийх боломжтой гэж үзэн энд ирсэн.

Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Д.Хосбаяр:

-Манай аймаг нийт 55 мянган хүн амтай, 1.8 сая толгой малтай.  Малтай иргэдийн амьдрал төдийлөн сайжрахгүй байна. Учир нь ноос ноолуур түүхий эдийн үнэ хямд, боловсруулах үйлдвэр бий болговол амьдрал сайжрана. Энэ чуулганаар дан ганц уул уурхайн чиглэлээр биш, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, төмөр зам дагасан транзит тээврийн хөгжил зэрэг нь бидний гарц юм. Үүнээс онцлоод хэлэхэд транзит тээврээр зөвхөн хоёр хөрштэйгээ биш гуравдагч оронтой харилцах болмжтой. Энэ удаагийн чуулган ч энэ асуудалд түлхүү анхаарч байна. Манай аймагт 250 гаруй хайгуулын болоод ашилаглалтын лиценз эзэмшигч байдгаас үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг есөн компани байна. Үүнээс дөрөв нь гадны хөрөнгө оруулалттай.  Аймгийн нутаг дэвгэрст лиценз эзэмшигч нарт хандан  та бүхэн баялаг бүтээж, ажлын байр бий болгох шаардлагатай  гэхэд  “хөрөнгө оруулалт  бидэнд алга “гэдэг . Харин хөрөнгө оруулагч нар аймгийн удирдлагуудтай уулзаж хөрөнгө оруулалтийн санал тавидаг.  Бид эрх асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ удаагийн чуулганаар тэднийг хооронд нь уулзуулж байна. Яагаад гэвэл орд эзэмшигчийн өмнөөс засгийн газар ч, аймгийн удирдлагууд ч шийдвэр гаргах эрхгүй тул чуулганы үеэр  харилцан ярилцах боломжийг олгож байна.

П.Нарандэлгэр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...