2×2=2 буюу хоёр дахин бага тэтгэвэр

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Хорин жилийн өмнөх шилжилтийн үед тэтгэврээ бодуулсан хүмүүсийг “Шинэ цагийн хэлмэгдэгчид” гэж нэрлэдэг. Учир нь 1995 оноос өмнө, хойно хэмээн ялгамж үүсгэж тэтгэврийг бодсоноос тэтгэврийн зөрүү үүсч нэг хэсэг нь өндөр, нөгөөх нь бага тэтгэвэр авах болсон билээ. Өнөөг хүртэл энэ маргаан улстөрчдийн хэрүүлийн алим болсон хэвээр л…

Яг үүнтэй адилхан шинэчлэл тэтгэврийн тогтолцоонд өрнөх гэж байна. 1999 онд баталсан Нэрийн дансны тухай хуулийн дагуу 2015 оноос эхлэн тэтгэврийг нэрйин дансаар тараахаар болсон билээ. Гэхдээ зөвхөн 1960 оноос хойш төрсөн хүмүүст энэ шинэчлэл үйлчилнэ. Нэрийн дансны хууль батлагдсанаас хойш арай боловсронгуй тэтгэврийн тогтолцоотой болж, бид одоогийнхоос хэд дахин илүү тэтгэвэр авна гэсэн бодолтой байлаа. Гэтэл олны хүлээлт талаар болж ч болохыг албаны хүмүүс баталж байна. Учир юу вэ гэвэл нэрийн дансанд төлсөн шимтгэл, өссөн хүүгээр бодвол 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр одоогийнхоос бараг хоёр дахин бага болж таарч байгаа юм. Яагаад ийм болчихов гэж та бодож магадгүй. Та битгий гайх, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 1960 оноос өмнө төрсөн хүмүүсийн тэтгэвэр хамгийн сүүлд авч байсан цалингийн 52,3 хувиар бодогдож байгаа юм. Товчхондоо цалингийнхаа талаас илүү хувиар тэтгэвэр авч байгаа гэж ойлгож болно. Нэг ёсондоо 1960 оноос өмнө төрсөн хүн энэ байдлаар тэтгэвэр авч байна. Гэтэл 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн хувьд хэрвээ энэ хуулиар гэж үзэх юм бол ажиллаж байхдаа авч байсан цалингийн 28,3 хувиар л бодогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1960 оноос хойш төрсөн хүмүүс 2015 оноос нэрийн данснаас тэтгэврээ авна гэж ойлгож болно.

Уг нь хууль анх батлагдаж байхдаа 2015 оноос эхний хүмүүстээ тарааж эхэлнэ гэсэн ч судалгаа болоод бүртгэлийн ажил төлөвлөснөөсөө хоцорч байгааг хариуцсан байгууллагын удирдлагууд тайлбарлаж байна. “2015 он ойртож байхад нэрийн дансны тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд гарах ёстой байсан заавар, дүрэм, журам гараагүй байна” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг ярьж байсан юм.

Эргэлзэх зүйлсүүд…

Одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу таны тэтгэврийг тухайн хүний сонгосон таван жилээр бодож олгодог. Яг энэ тооцооллыг ашиглах талаар 1999 онд хууль батлагдаж байх тэр мөчид яригдаж байжээ. Судлаачдын үзсэнээр энэ арга тухайн хүнд нийт төлсөн жилийнх нь бүх шимтгэл бүрэн гүйцэд бодогдохгүй гэж үзсэн учраас өөр тооцооллын аргыг ашиглахаар болсон аж. Өөрөөр хэлбэл, тухайн хүний тэтгэврийг тэтгэвэрт гарахаас өмнөх гурван жилийн дундаж өсөлтийн хувиар бодох ёстой юм. Дундаж өсөлтийн хувь хэр зэрэг байгаагаас хамаараад таны тэтгэвэр ямар байх нь хамаарна гэсэн үг.

Тэтгэврийн нэрийн дансны тухай хуулийг батлах гол зорилго нь хоцрогдсон тогтолцоог өөрчлөхөд оршиж байжээ. Одоогийн байдлаар бид хоцрогдсон тогтолцоогоор тэтгэврээ бодуулдаг гэсэн үг. Аж ахуй нэгж, хувь хүмүүсийн төлсөн шимтгэл улсын төсөв рүү орж, нийт хүн амын төлсөн шимтгэлээр таны тэтгэврийг боддог энэ тогтолцоо хоцрогджээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь хуваарилах тогтолцоо гэх. Харин нэрийн дансанд шилжсэнээр таны төлсөн шимтгэл зөвхөн таны дансанд орж түүгээрээ тэтгэврээ бодуулна гэж ойлгож болно. Энэ нь хуримтлалын тогтолцоо ажээ. Гэтэл нэрийн дансны хууль батлагдчихаад байхад тогтолцоо нь өөрчлөгдсөнгүй. “Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо төгс төгөлдөр биш тогтолцоо гэдэг нь үнэн. Бид хуваарилалтын тогтолцоог хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх зоригтой алхмыг хийх ёстой” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг ярьж байв. Гэсэн атал хариуцсан байгууллага нь анх батлагдсан Нэрийн дансны тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлах талаар ярилцаж, судалж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Нэрийн дансанд орохоос өмнө хүмүүсийг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх нь зайлшгүй. Ингэж бүртгэхийн тулд 1960 оноос хойш төрсөн хүн бүрт мэдээллийн хуудас тараах ёстой юм. Гэтэл энэ ажил төлөвлөснөөсөө хожимдож эхэлжээ. Хэдийгээр 2008 онд тараагдах байсан ч тооцооллын арга нь эргэлзээтэй байсан учир 2009 оны сүүлээр тараасан байжээ. Одоо ч гэсэн бүртгэлийн ажил үргэлжилж байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлж буйгаар албан байгууллагуудаар дамжуулан мэдээлэх хуудас тарааж байгаа гэх ч жирийн хүмүүс үүнийг нь тэр бүр мэдэхгүй байна. “Энэ бүгдээс аваад бидэнд асуудал байна. Гэхдээ нас баралтын коэффициентийг нэг ч тооцоолж байгаагүй. Манай байгууллага Үндэсний статистикийн газартай хамтраад энэ тооцооллыг анх удаа хийх гэж байна. Иймэрхүү зүйлсүүд байгаа учраас цаг зав, хөрөнгө мөнгө, хүн хүчийг шаардаж байгаа нь үнэн” гэж НДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хэлэв. Дунджаар 450 мянган төгрөгийн цалинтай хүн одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 225 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол нэрийн данснаас олгохоор болвол 127 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэж ойлгож болно. Үүнийг тэгээд тэтгэврийн шинэчлэл гэж тооцох уу, доройтол гэж үзэх үү гэдэг нь таныг эрхийн асуудал. Дүгнэлт хийх боломжийг танд үлдээе.

Эцэст нь…

Энэ бүгдээс авахуулаад эргэлзээтэй зүйлсүүд олон байна. Энэ хуулийг ч хүртэл шинэчлэн найруулах ёстойг хариуцсан байгууллагын удирдлага нь анхааруулах. Гэхдээ судалгааг хийж, нарийн тооцооллыг гаргаж байгаа гэх. Хэдийгээр нэрийн дансны тогтолцоог манай оронд зохицсон гэж олон хүмүүс ярьж байгаа ч яг одоогийн байдлаар тэтгэврийн зөрүү үүсэх магадлал тун өндөр байна. “1960 оноос өмнө, хойно гэсэн ялгамж үүсэх магадлал өндөр байгаа учраас одооноос нарий тооцоолол хийх учиртай” гэж НДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг ярьж байсан юм. Ямар ч байсан эрхэм уншигч та 2015 он хүртэл “Хоёр”-ын тоог тогтоогоод ав! Гурван жилийн дараа таны авах тэтгэвэр одоогийнхоос хэд дахин бага байхыг энэ тоо сануулна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж