2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.04-нд нийтлэгдсэн

2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо хийгдэхээр төлөвлөөд байсан хөрөнгө оруулалтын ажлууд юунаас болж гацаад буйд хариулт өгөхийг шаардаж буй юм. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн 1 сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх боломжтойд хариулт өгөхийг шаардлаа. Тэр дундаа хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, энэ амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байж, 0-18 насны хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байгаа нь ямар учиртай вэ. Хүүхэд бүрт олгох мөнгийг заавал одоо шийдэх ёстой юу, шинэ оноос болохгүй юу. Төсөв хүндэрлээ, мөнгө алга гэх хэрнээ. Дээр нь Ерөнхийлөгчийн зүгээс зорилтот бүлэгт хүүхдийн мөнгийг олгох төсөл санаачилсан. Одоо Ардчилсан нам хүүхэд бүрт мөнгө олгохоор болоод байна, автор нь хэн байх вэ” гэлээ.

Дээрх асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулт өглөө. Тэрбээр “Хүний хөгжил сангаас олгосон 340 мянган төгрөгийг 18 аймгийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хараахан авч чадаагүй байгаа, гэхдээ өмнөх Засгийн газрын хийж чадаагүй ажлыг энэ онд багтаан хийнэ, тиймдээ ч хөрөнгийг төсвийн тодотголд суулгана. Хүүхдийн мөнгийг яагаад олгох болж байна вэ гэхээр өмнөх Засгийн газрын хоёр тогтоол байна. Би эд мөрийн баримттай ярина, өмнөх Засгийн газрын хуралдаанаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд сард 15 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн. Дээр нь амьдрал ядуу өрхийн насанд хүрэгчдэд мөн мөнгө өгөхөөр заасан байсан. Нийт 40 тэрбум төгрөг шаардаж байгаа, тиймээс ингэж хавтгайруулах нь зохисгүй, халамжийг жинхэнэ хавтгайруулсан хэрэг болно. Дээр нь хүүхдүүдээ ялгаж байснаас 0-18 хүртэлх насныхандаа сар тутамд 20 мянган төгрөг олгох нь зөв юм аа гэж үзсэн. Бид хамтдаа ойлголцоод явахад хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөр биш” гэлээ. Дашрамд сануулахад, чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхийн өмнө Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж