1939 оны мартагдсан дайн

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

1939 оны мартагдсан дайн

(“The Diplomat”, Япон)
1939 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Зөвлөлт Холбоот улс ба Япон хоёр зарлаагүй дайн хийж, тулалдаанд хоёр талаас 100 мянган цэрэг  оролцжээ. Энэ нь дэлхийн түүхийг өөрчилсөн дайн болсон юм. Стюарт Голдман (Stuart D. Goldman)

Оросын асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Евроази ба зүүн европ судалгааны Үндэсний зөвлөлийн (National Council for Eurasian and East European Research) шинжлэх ухааны ажилтан Стюарт Голдманы Номунханы мөргөлдөөн буюу Монголын Халхын гол дахь дайны талаар бичсэн өгүүллийг хүргэж байна. 1939 оны тавдугаар сараас эхэлсэн энэ дайнд Зөвлөлт-Монголын арми ялалт байгуулж, есдүгээр сарын 15-нд дайн зогссон гэрээг байгуулсан. Харин энэ оны есдүгээр сарын 1-нд дэлхийн II дайн эхэлж байсан юм. Дэлхийн II дайны эхлэл болсон энэ мөргөлдөөний талаар өгүүллийг өгүүлийг Стюарт Голдманы “Nomonhan, 1939. The Red Army’s Victory That Shaped World War II” номын материалаас бэлтгэжээ. Эх сурвалж: “The Forgotten Soviet-Japanese War of 1939”.

Манжуур, Монголын хилийн районд Зөвлөлт холбоот улс болон Японы арми тулгарч, алсын үр дагавартай боловч тухайн үедээ үл анзаарагдам сөргөлдөөн болсон. Энэ нь зөвхөн нэг хилийн мөргөлдөөн биш, 1939 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилсэн зарлаагүй дайн болсон. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ дайнд 100 мянган цэрэг, 1000 танк, нисэх онгоц оролцож, 30-50 мянган хүн алагдаж буюу шархаджээ. Шийдвэрлэх тулалдаан 1939 оны наймдугаар сарын 20-31-ний хооронд болж япончууд бут цохиов. Энэ үйл явдал нь 1939 оны наймдугаар сарын 23-нд Зөвлөлт-Герман харилцан үл довтлолцох гэрээ байгуулсан давхцаж байв. Уг гэрээ нь долоо хоногийн дараа эхэлсэн Дэлхийн хоёрдугаар дайныг эхлэл болсон Польшийг булаан эзэлсэн дайралтад ногоон гэрэл асааж өгчээ. Эдгээр үйл явдлууд хоорондоо холбоотой. 1939 оны хилийн мөргөлдөөн нь дайны үйл явц эцсийн үр дүнг тодорхойлсон чухал шийдвэрүүд гаргадаг Токиод ч Москвад ч нөлөөлсөн билээ.

Уг мөргөлдөөнийг (япончууд Номонханы мөргөлдөөн, оросууд Халх голын байлдаан гэж нэрлэдэг) Манжуурыг эзэлж байсан Квантуны армийн бүлэглэлийн офицер Цүжи Масанобу өдөөсөн. Эсрэг талаас нь Зөвлөлтийн цэргийг хожим нацист Германыг ялсан Улаан армийг Георгий Жуков командалж байв. 1939 оны тавдугаар сарын анхны том тулалдаанд Японы залхаан цээрлүүлэх ажиллагаа бүтэлгүйтэж, Зөвлөлт-Монголын хүчин 200 хүнтэй Японы отрядыг хөөн гаргажээ. Амжилт олоогүйдээ шаралхсан Квантуны арми зургаа, долдугаар сард Монголын нутгийн гүн рүү бөмбөгдөлт хийв. Япончууд хилийн шугамын дагуу бүхэл бүтэн дивиз оролцуулсан ажиллагаа явуулсан юм. Японы шил дараалсан довтолгоонуудыг Улаан арми тухай бүрт нь няцааж байсан ч Москваг буулт хийлгэх энэ тоглолтод япончууд байнга хүч нэмэгдүүлж байлаа. Гэвч Сталин гэнэтхэн нэгэн зэрэг цэрэг, дипломатын сөрөг довтолгоон хийж, япончуудыг тактикийн тоглолтоор хожсон юм.

Наймдугаар сард Сталин Гитлертай нууц эвсэл байгуулахаар оролдож байхад Жуков фронтын шугамын  ойролцоо хүчирхэг бүлэглэл бүрдүүлж байв. Немцийн Гадаад хэргийн сайд Риббентроп нацист-зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурахаар Москвад нисэн ирэх үед Сталин Жуковыг тулалдаанд оруулав. Ирээдүйн маршал хожим Сталинград, Курскийн цүлхгэр зэрэг тулалдаануудад гайхамшигтай амжилт олсон тактикаа гаргасан. Энэ тактикаар явган цэргийн анги нэгтгэл их бууны идэвхтэй дэмжлэгээр фронтын төв хэсэгт дайсны хүчийг барихын зэрэгтээ хүчирхэг хуягт танкийн ангиуд жигүүрт довтлон дайснаа бүслэн бут ниргэж байлаа. Японы фронт дахь хуурай замын цэргийн 75 хувь нь энэ тулалдаанд устгагдсан юм. Яг энэ үед Сталин Токиогийн холбоотон гэгдэх Гитлертэй гэрээ байгуулан Японыг дипломат аргаар тусгаарлан ганцаардуулж, цэргийн хувьд нь доромжлон доош хийж чадав.

Номонханы сөргөлдөөн ба Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээний цаг хугацаа давхцаж таарсан нь санамсаргүй хэрэг биш. Сталин Британи, Францтай фашистийн эсрэг эвсэл байгуулахаар шууд хэлэлцээр хийхийн хажуугаар Гитлертэй холбоо байгуулах боломжийн талаар нууц яриа явуулах оролдлого хийж байсан үедээ Коментерны эсрэг гэрээний түнш нь бөгөөд Германы холбоотон Японы довтолгоонд хариу барьсан юм.

Гитлер зүүн тийш, Польшийн эсрэг хөдлөх нь 1939 оны зун гэхэд тодорхой болсон байв. Герман, Японы эсрэг хоёр фронтод дайн гаргахгүй байхыг ямар ч аргаар хамаагүй хойшлуулах нь Сталины хар дарсан зүүд байв. Түүний хувьд хамгийн тохиромжтой хувилбар нь эхлээд  фашист-милитаристууд (Герман, Итали ба Япон) дараа нь хөрөнгөтний ардчилагч капиталистуудтай (Британи, Франц боломжтой бол АНУ) тулалдах явдал байсан юм. Ийм тохиолдолд Зөвлөлт фашист-милитаристуудыг даран капиталистууд тамирдсаны дараа Европын эзэн болох тооцоотой байв. Нацистууд ба Зөвлөлтийн гэрээ нь энэхүү боломжоо аль болох дүнтэй болгох гэсэн Сталины оролдлого байлаа. Энэ гэрээ нь Германыг Британи, Францын эсрэг турхирч, Зөвлөлтийг сөргөлдөөний гадна үлдээх байв. Ингэснээр тусгаарлагдан хязгаарлагдсан Японтой эрс шийдвэртэйгээр тооцоо бодох боломжийг Сталинд олгож эхлэлийг нь Номонханы районд гүйцэтгэжээ. Энэ бол зүгээр нэг таамаг биш. Номонханы хэрэг явдал болон нацист-зөвлөлтийн гэрээний холбоо нь 1948 онд Вашингтон ба Лондонд хэвлэн танилцуулсан немцийн дипломат баримтуудаас тодорхой харагддаг. Саяхан гаргаж ирсэн Зөвлөлтийн үеийн баримтууд ч үүнийг баталгаажуулдаг.

Жуков Номонхан /Халхын гол/-д алдаршин Сталины итгэлийг олсон. Сталин сүйрлийн ирмэгт ирээд байсан 1941 оны сүүл үеп түүнд цэргийн командлалыг атгуулав. Жуков немцийн довтолгооныг Москвагийн босгон дээр зогсоон 1941 оны арванхоёрдугаар сард сөрөг довтолгоон зохион байгуулж байдлыг өөрчилсөн юм. (Үүнийг дэлхийн хоёрдугаар дайны явцад хамгийн чухал долоо хоног байсан гэж үздэг). Москваг хамгаалж, дайсныг ухраахын тулд Жуков алс дорнодоос цэрэг шилжүүлэн татсан нь чухал үүрэг гүйцэтгэв. Тэдний ихэнх нь Номонханы районд япончуудыг бут ниргэсэн туршлагатай дайчид байжээ. Зөвлөлтийн Алс Дорнодын нөөц хүчин болох явган цэргийн 15 дивиз, гурван морин дивиз, 1700 танк, 1500 онгоц 1941 оны намар баруун фронтод шилжүүлэн байрлуулав. Тэр үед Япон Зөвлөлтийн Алс Дорнотод довтлохгүй гэдэг нь тодорхой болсон байжээ. Учир нь Япон өмнөд чиглэлд түрэмгийлэл явуулах сүүлийн шийдвэрээ гаргаснаар АНУ-тай дайтахад хүрсэн билээ.

Пёрл-Харбор руу Японы хийсэн дайралтын түүх харьцангуй тодорхой байдаг. Гэхдээ харин АНУ-тай дайтах дайны эхлэл нь Номонханы районд япончуудын ялагдал хүлээснээс үүдэлтэй гэсэн хэсэг төдийлөн ил мэдээлэгддэггүй. Номонханы хэрэг явдалд гол үүрэгтэй байсан Цүжи өмнө зүгийн довтолгооны чиглэл болон АНУ-тай хийх дайны талыг баригч нөлөө бүхий хүн болсон байжээ.

Герман 1941 оны зун Зөвлөлтөд довтлон дайны эхний саруудад улаан арми сүйрлийн ялагдал амсч байв. Японыг Зөвлөлтийн Алс Дорнодод нэвтрэн чадлынхаа хирээр Зөвлөлтийн газар нутгаас эзлэн Номонханы өшөөгөө авахыг холбоотон Герман шаардаж байв. Гэтэл 1941 оны долдугаар сард АНУ ба Британи Японд нефтийн хориг тавьсан нь Японы хувьд хүндхэн нөхцөл үүсгэхээр байв. Ийм байдалд орохгүйн тулд эзэн хааны флот нефтиэр баян Голландын Ост-Энэтхэгийг эзлэн авахаар шийдсэн. Голланд нь жилийн өмнө эзлэгдэж энд Британи ноёрхлоо бүрэн тогтоохоор тэмцэлдэж байлаа. Гэвч АНУ-ын Номхон далайн флот япончуудын замыг хааж байсан юм. Гэсэн хэдий ч Германы шаардлагын дагуу Зөвлөлтөд довтлох хүсэл Японы цэргийн олон хүнд байсан юм. Немцийн цахилгааны дайны  явцад Улаан арми сүйрлийн ялагдал амсч байсан үеэр тэд Номонханы өшөөг авах хүсэлтэй байлаа. Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ асуудлыг авч хэлэлцсэн цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг.

Хурандаа Цүжи 1941 оны зун Эзэн хааны дээд командлалын төвийн штабт байлдааны ажиллагаа төлөвлөх ахлах офицер болсон байв. Цүжи нүдэнд дулаахан, хурц илтгэгч байсан юм. Тэрээр тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг байсан бөгөөд энэхүү эрмэлзлэл нь Пёрл-Харбор руу чиглүүлэх болов. Цэргийн яамны цэргийн алба хариуцсан товчоог 1941 онд толгойлсон Танака Рюкичи дайны дараа мэдэгдэхдээ “АНУ-тай хийх дайны  талд Цүжи Масанобу тууштай зогсч байсан” гэж мэдэгдэж байжээ. Цүжи хожим нь өөрөө Номонханд үзсэн Зөвлөлтийн цэргийн галын хүч 1941 онд оросууд  довтлохоос татгалзуулсан гэж бичиж байжээ.

Хэрэв Номонханы мөргөлдөөн гараагүй байсан бол үйл явдал хэрхэн өрнөх байв? Хэн нь ч ялаагүй, эсвэл Японы ялалтаар төгссөн бол яах байсан бол? Энэ тохиолдолд Японы өмнөд чиглэлийг сонгосон дайралт өөрчлөгдөх вэ. Зөвлөлтийн цэргийн боломжийг дутуу үнэлсэн Япон Англи-Америкийн хүчний эсрэг эсвэл Германы хамт Зөвлөлтийн эсрэг дайнд оролцох гэсэн хоёр боломжоос хойд чиглэлийг шилдэг сонголт гэж үзэх байсан болов уу.

Хэрэв Япон 1941 онд хойд чиглэлээр хөдөлсөн бол дайны явц, түүх өөрөөр эргэх байсан байх. Зөвлөлт 1941-1942 онд хоёр фронтын дайныг тэсэн гарч чадахгүй байсан гэж олон хүн үздэг. Москва орчмын тулалдаан болон жилийн дараах Сталинградын тулалдаанд улаан арми маш хүндрэлтэйгээр ялсан. Энэ үед Япон зүүн чиглэлээр хүчтэй дайрсан бол дайныг Гитлерт ашигтайгаар эргүүлэх байсан болов уу. Түүгээр ч барахгүй Япон армиа Зөвлөлтийн эсрэг хөдлөгөсөн бол тэр жилдээ АНУ-д довтлохгүй байсан нь ойлгомжтой. АНУ үүнээс нэг жилийн дараа дүнсгэр 1941 онд биш нэлээд тааламжтай нөхцөлтэйгээр байжээ. Ийм нөхцөлд Европ дахь нацистуудын ноёрхолыг ямар аргаар зогсоох байсан бол? Энэ мэтчилэнгээр авч үзвэл Номонханы мөргөлдөөн дэлхийн хоёрдугаар дайны түүхийг өөрчлөх урт “сүүдэр”-тэй байсан нь харагдана.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж