”Хүнд даацын машинд ногоон дэвсгэртэй улсын дугаар олгоно”

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

”Хүнд даацын машинд ногоон дэвсгэртэй улсын дугаар олгоно”

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас эко улсын дугаар олгох төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслөө Авлигатай тэмцэх газар, Зам тээврийн яам, Замын цагдаагийн газарт хүргүүлж, улмаар дэмжигдсэн байна. Энэ талаар Авто тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Батболдоос тодрууллаа.

-Хүнд даацын автомашинуудад технологийн дугаар буюу ногоон дэвсгэртэй улсын дугаар олгохоор болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүнд даацын автомашинууд нийтийн хэрэгцээний авто замыг ихээр эвдэж байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ дагуу өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэдний хөдөлгөөнийг хорих, тэвшийг нь тайруулах гэхчлэн олон арга хэмжээ авсан. Манай улсад хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 45982011 тээврийн хэрэгслийн ерөнхий шаардлага гэх стандартад нийтийн хэрэгцээний замаар явах автомашины жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхой заасан байдаг. Гэтэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрснийг нь яах вэ гэсэн асуулт тавигдах болсон юм. Гаалиар орж ирэхийг нь зогсоох тухай санал хүртэл гарч байсан ч, бүтээн байгуулалтаа бодохоор хүнд даацын автомашинуудыг хориглох ямар ч аргагүй. Тиймээс хүнд даацын автомашинуудыг хорих бус харин хязгаартай, хяналттай хөдөлгөөнд оролцуулах үүднээс "Технологийн дугаар" буюу ногоон дэвсгэртэй улсын дугаар олгоё гэсэн шийдвэрт хүрсэн л дээ.

-Ногоон дэвсгэртэй улсын дугаартай болсноор тодорхой төвшинд хязгаарлагдах юм байна. Тэгэхээр хэрхэн замын хөдөлгөөнд оролцох вэ?

-Цагаан дэвсгэр бүхий улсын дугаартай автомашин стандартаас хэтрээгүй учраас нийтийн хэрэгцээний авто замаар хөдөлгөөнд урьдын адил оролцоно. Харин зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан жин бүхий технологийн дугаартай автомашин нь нийтийн эзэмшлийн замаар хөдөлгөөнд оролцохгүй. Зөвхөн тухайн уул уурхай, аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн талбайд эсвэл нүүрс зөөвөрлөх зэрэг батлагдсан тээврийн маршрутаар хөдөлгөөнд оролцож болохоор зохицуулалт хийнэ гэж шийдсэн. Мэдээж, нэг уурхайгаас нөгөө рүү шилжих шаардлага гарах эсвэл зам барилгын ажил явуулах гэхчлэн нийтийн хэрэгцээний замаар явах зайлшгүй шаардлага гарна. Энэ мэтчилэн гарцаагүй тохиолдолд хүнд даацын автомашин Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авч нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцож болно.

-Технологийн дугаарыг яагаад ногоон дэвсгэртэй байхаар шийдсэн юм бэ?

-Цагаан дээрээ үсэг нь өөр байвал яасан юм бэ гэхчлэн олон санал гарсан. Харин хяналт тавих байгууллагын зүгээс өнгөөр ялгах санаа дэвшүүлсэн юм. Улсын дугаарын өнгө өөр байх нь хяналт тавихад дөхөм болно гэж үзсэн. Нарны зам дээр ногоон дугаартай тээврийн хэрэгсэл ороод ирлээ гэхэд явах ёсгүй машин яагаад ороод ирэв гээд шалгана биз дээ. Хэрэв бүгд адилхан цагаан дугаартайгаа байх юм бол ачааны машин бүрийг зогсоож шалгах хэрэг гарна шүү дээ. Бид бусад улс орны жишгийг ч судалж үзсэн. Ингэхэд улсын дугаар гэдэг нь зөвхөн машинд зүүдэг төмөр биш хяналт зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь харагдсан. Тухайлбал, зарим улсад автомашины улсын дугаар дээр нь чип суулгаж, хаана явааг нь бүртгэдэг болсон байна шүү дээ.

-Технологийн дугаарыг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Технологийн дугаар олгох болсонтой холбоотойгоор Улсын дугаарын стандартад өөрчлөлт орж, Стандартын үндэсний зөвлөлийн тогтоол гарсан. Ийм дугаарыг хэнд олгох вэ гэдгийг заасан эрх зүйн зохицуулалт байхгүй л дээ. Тиймээс Зам тээврийн сайдын баталсан Улсын дугаар олгох бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт оруулахаар төслөө яам руу явуулсан байгаа. Нийтээр дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт орж байгаа учраас Хууль зүйн яам бүртгэх ёстой. Үүний дараа хэрэгжих асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, журмаа хүлээж байна. Удахгүй олгож эхлэх байх.

-Эл дугаарыг авах хэр олон автомашин байгаа бол?

-Нүүрс зөөдөг машины олонхи нь стандартаас хэтэрсэн байдаг. Ийм машин гэхэд 5000-6000 орчим бий. Манайх бүх жинг бүртгэдэггүй учраас нарийн тоо гаргаж чадаагүй байна. Ямар ч байсан урьдчилан тооцсоноор 6000 машины дугаар солигдохоор байна. Шинээр орж ирж буй машины тухайд гаалийн бичиг, техникийн паспортыг нь үндэслэн дугаар олгоно.

-Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автомашиныг нийтийн хэрэгцээний замаар явуулахгүй гээд тусад нь дугаар олгоод гаргадаг юм байж. Гэтэл зөвшөөрөгдсөн хэмжээний жинтэй хэрнээ даацаа хэтрүүлэн ачаад зам эвдээд байдаг шүү дээ?

-Энэ асуудлыг зохицуулахын тулд өнгөрсөн жил Авто тээврийн газраас таван зам дээр хяналтын жин байрлуулахаар болсон. Ажлын хөрөнгө нь төсөвт суугдсан. Тендер зарлаж дүгнэсэн. Аравдугаар cap гэхэд тавина гэж тооцож байгаа. Хяналтын жинг байрлуулбал автомашины нэг тэнхлэгт тохогдох ачаалал хэтэрсэн байна уу, үгүй юу гэдгийг хянах боломжтой болно.

-Хүнд даацын автомашинд технологийн дугаар олгохоос гадна газраар явдаг автомашинд "Эко" дугаар олгоно гэсэн. Энэ талаар?

-Нэгэнт технологийн дугаарыг ногоон дэвсгэртэй байлгана гээд стандарт баталсан хойно Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас "Эко" дугаарын тухай санал орж ирсэн л дээ. Бусад улс орны туршлагыг судалж үзэхэд агаар орчинг бохирдуулдаггүй автомашиныг дэмждэг улс олон байна. Ингэхдээ ногоон дэвсгэртэй номер олгоод байдаггүй юм байна. Салхины шилэн дээр нь ч юм уу "Эко" тэмдэг нааж өгдөг. Ийм тэмдэгтэй бол хотын төв рүү нэвтэрдэг байх жишээтэй.

-Тэгэхээр "Эко" дугаар гэж олгохгүй гэсэн үг үү?

-Бидэнд төлөвлөсөн зүйл бий. Агаарын бохирдлын хуульд зааснаар нэг километр явахад машины утаанаас нь 120 милограмм хорт бодис ялгарч байвал агаар бохирдуулсны татвар төлөх ёстой. Тэгэхээр жил бүрийн автомашины үзлэг оношилгооны үеэр өгдөг техник хяналтын наалтыг ялгаатай болгож, өөрчлөхөөр ярилцсан. Үнэхээр бага утаа ялгаруулдаг, хий эсвэл цахилгаан хөдөлгүүртэй машины техник хяналтын наалтыг нь ногоон болгоод өгье. Ийм наалттай машин агаар бохирдуулсны татвараас чөлөөлөгдөнө. Манай улсад бензин болон хийн хосолмол хөдөлгүүртэй автомашин олон байдаг. Тэд "Эко" дугаар авчихаад бензинээр яваад байвал яах вэ. Мөн машин ашиглагдах тусмаа элэгдэл хорогдолд орж, хорт утаа ялгаруулах нь нэмэгддэг. "Эко" дугаартай машин их утаа ялгаруулдаг болбол өнөө улсын дугаараа солих шаардлага гарна. Мэдээж, нэгэнт олгосон улсын дугаарыг байнга солиод байж болохгүй. Тиймээс дугаарын оронд нь наалт өгөөд, тэр нь солигдож байсан ч хялбар шүү дээ.

-"Эко" наалтыг энэ жил олгох уу?

-Жил бүрийн зургаа, долдугаар сард ирэх жилийн оношилгоонд орох машинуудад ямар загвартай, ямар бичилттэй техник хяналтын гэрчилгээ олгох вэ гэдгийг Авто тээврийн газрын дарга баталдаг. Бид батлуулахаар төслөө боловсруулж байна. Батлагдвал он гараад хэрэгжинэ.

Х.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж