Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Засаг ноёд тодорлоо

Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам 12 аймаг, таван дүүрэгт, МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт олонхийн суудал авснаар эл хоёр улстөрийн хүчнээс аймаг, дүүргийг удирдах Засаг ноёд тодорч, зарим нь Ерөнхий сайдын батламжлалыг хүртээд байна. Гэхдээ Засгийн газрын тэргүүний зүгээс зарим аймгийн Засаг даргыг батламжлахаас татгалзсан тухай мэдээлэл чих дэлсч буй. Энэ нь сонгуультай холбоотойгоор дэгдсэн маргааныг хууль шүүхийн байгууллагаас шийдэж тогтоох хүртэл үргэлжилж болзошгүй гэх хардлагыг ч дагуулж байна. Юутай ч Засаг даргад хэн, хэн тодорсныг тоймлоё.

Архангай

Архангай аймгийн Засаг даргаар тус аймаг дахь Ардчилсан намын дарга Д.Бат-Эрдэнэ тодорчээ. Аймгийн хэмжээнд 37 мандаттайгаас 20-ыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан бол үлдсэн ганц мандатыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч авсан юм. Олонхийн суудал авсан нам Засаг даргад хүнээ нэр дэвшүүлдэг хуулийн дагуу тус аймгийн ИТХ-аас Д.Бат-Эрдэнийг Засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсаныг ёсоор болгожээ.

Баян-Өлгий

Баян-Өлгий аймаг 33 мандаттайгаас 20-ыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 12-ыг нь МАН-аас нэр дэвшигчид тус бүр авчээ. Үлдэж байгаа ганц мандатыг “Шударга ёс” эвсэл авсан байна. Аймгийн Засаг даргад тус аймаг дахь Ардчилсан намын даргаас эхлээд олон хүний нэр дуулдсан ч дэд дарга Х.Дарменд ИТХ нь итгэл хүлээлгэснээр ирэх дөрвөн жилд Баян-Өлгий аймгийг удирдахаар болжээ.

Баянхонгор

Баянхонгор аймгийн Засаг даргаар тус аймаг дахь Ардчилсан намын дарга Д.Жаргалсайхан томилогджээ. Нийт 41 суудлын төлөө зургаан нам, хоёр эвсэл, мөн бие даагч нар өрсөлдсөнөөс гол тулаан Ардчилсан нам, МАН-ын дунд болж, сонгуулийн дүнд Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Тодруулж хэлбэл, Ардчилсан намаас нэр дэвшигчид 25 суудлыг 15 суудлыг МАН-аас нэр дэвшигчид авсан бол үлдсэн нэг суудал МАХН-аас нэр дэвшигчид очжээ. 

Булган

Аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 17 суудлыг авснаар Засаг даргад өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй болсон юм. ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Б.Эрдэнэбат Засаг дарга болжээ. Тэрбээр Булган аймаг дахь Ардчилсан намын дарга юм. Аймгийн хэмжээн дэх 33 мандатын 17 нь Ардчилсан намынханд шилжсэн бол 14 нь МАН-аас нэр дэвшигчдэд, хоёр мандатыг МАХН-аас нэр дэвшигчид авсан байна.  Өнгөрсөн орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж байсныг өнөө жил сонгуулийн дүнгээр өөрчилж, Ардчилсан нам Засаглах эрхийг гартаа шилжүүлээд буй нь энэ юм.

Говь-Алтай

Тус аймгийн Засаг даргаар Ш.Амгаланбаяр улиран сонгогдоод байна. Нийт 35 мандаттай эл тойрогт МАН-аас нэр дэвшигчид үнэмлэхүй ялж 21 суудлыг авсан нь түүнийг улиран Засаг даргаар сонгогдох бололцоог олгосон байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигчид 12 мандатыг, хоёр мандат нь бие даагчид ногджээ. 

Говьсүмбэр

Говьсүмбэр аймаг нь 17 мандаттайгаас есийг нь МАН, долоог Ардчилсан нам, нэг мандатыг МАХН авчээ. Тус аймгийн ИТХ хуралдаад өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Батсуурийг тушаал дэвшүүлж, Засаг даргаар батламжлуулахаар Ерөнхий сайдад ханджээ.

Дорноговь

Дорноговь аймгийн Засаг даргаар аймгийн Ардчилсан намын дарга П.Ганхуяг улиран сонгогдов. Нийт 27 мандаттай тус тойргоос Ардчилсан намаас нэр дэвшигчид 16 суудлыг, 10-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, нэг суудлыг МАХН-аас нэр дэвшигч тус бүр авчээ.

Дорнод

Орон нутгийн сонгуульд өнгөө өөрчлөлгүй өмнөх сонголтоо баталгаажуулсан аймаг бол Дорнод. Нийт суудлын тоо 35, үүнээс 18-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, 14-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан бол ИЗНН нэг мандатыг, хоёр мандатыг бие даагчид тус бүр авчээ. Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнг нэр дэвшүүлснээр өмнөх Засаг дарга Ц.Жанлавыг “огцруулжээ”.

Дундговь

Дундговь аймагт Ардчилсан нам, МАН-ын гишүүдийн дунд маргаан тасрахгүй байгаагаас Засаг даргаар хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бол нийт 35 мандатын 19-ыг нь МАН, 15-ыг Ардчилсан нам, үлдсэн ганц мандатыг “Шударга ёс” эвслийн нэр дэвшигч авчээ.

Завхан

Завхан аймгийн Засаг даргаар тус аймаг дахь МАН-ын хорооны дарга Ж.Жамъянтив сонгогджээ. Ерөнхий сайд түүнийг өнгөрсөн долоо хоногт Засаг даргаар батламжлаад байна. Нийт 41 мандаттайгаас 28-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, 13 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигч авчээ.

Өвөрхангай

Тус аймгийн Засаг даргаар Д.Тогтохсүрэнг улираан томилоод байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил Өвөрхангай аймгийг удирдсан учраас шинэ хүн биш. Гэвч МАН-ын удирдлага түүнийг өөрчлөхийг хүссэнгүй, улираалаа. Завхан аймгийн нэгэн адил 41 мандаттайгаас 24-ыг нь МАН, 16-г нь Ардчилсан нам, нэг мандатыг “Шударга ёс” эвсэл тус бүр авчээ.

Өмнөговь

Тавантолгой, Оюутолгой хэмээх хоёр том стратегийн орд байрших дээрх аймгийн Засаг дарга Б.Бадраа улиран томилогджээ. Аймгийн ИТХ-аас түүнийг Засаг даргаар батламжуулахыг саналыг гаргаж, 100 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Нийт 33 мандаттайгаас 21-ыг нь Ардчилсан нам, МАН 11-ыг нь авсан бол МАХН нэг суудлын эзэн болжээ.

Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурь улиран сонгогдов. Сүхбаатарчуудын мөнгийг “Эрээн рүү ч гаргахгүй, улаанбаатар руу ч урсгахгүй” хэмээн хатуухан байр суурь илэрхийлж, аймгаа хот болгож хөгжүүлэх зорилт тавин, нэлээд ажлыг амжуулсан нь орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад том хөшүүрэг болсон юм. Аймгийн хэмжээнд 33 мандатын төлөө зургаан нам, хоёр эвсэл өрсөлдсөн ч ердөө наймыг нь МАН-аас нэр дэвшигчдэд алдаж 25-ыг нь Ардчилсан нам авч чаджээ.

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар С.Бүрэнбат сонгогджээ. Тэрбээр аймгийн Засаг даргын орлогчийн алба хашиж байгаад Засаг дарга Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут орыг нь залгуулсан. Нэр дэвшигчид аймгийн хэмжээнд 37 мандатын төлөө өрсөлдсөнөөс 20-ыг нь МАН, 14-ыг Ардчилсан нам, МАХН 3 мандатын эзэн болжээ.

 Төв

Төв аймгийнхан энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонголтоо эрс өөрчилснөөр 41 мандатын 20-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 18 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, үлдсэн гурван мандатыг МАХН-ын нэр дэвшигч тус бүр өвөртөлжээ. Аймгийн Засаг даргад тухайн аймгийн Ардчилсан намын дэд дарга Д.Баярбатыг нэр дэвшүүлэн томилсон юм байна.

Увс

Увс аймаг 41 мандаттайгаас 25-ыг нь Ардчилсан нам, 15-ыг МАН, нэг мандатыг МАХН авчээ. Ингэснээр ирэх дөрвөн жилд увсчуудыг тус аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн удирдаж эхлээд байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас түүнийг Засаг даргаар батламжлуулах саналыг гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлсэн нь ёсоор болжээ. Орон нутгийн сонгуулиар сонголтоо өөрчилж, ардчиллынханд итгэл хүлээлгэсэн аймгийн нэгд яах аргагүй Увсыг нэрлэж болно.
 
Ховд

Энэ удаагийн орон нутгийн сонгууль Ховдод нэр дэвшсэн Ардчилсан намынханд ээлтэй байж 41 мандатын 26-ынх нь эзэн болов. Үлдсэн 14 мандат МАН-ынханд ногдсон бол нэг мандат МАХН-аас нэр дэвшигчид оногдсон байна.  Ингэснээр МАН-ын гишүүн, Засаг дарга Ж.Нямдаваа албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас эхлэн гар бие оролцож явсан Д.Цэвээнравданг Ховд аймгийн Засаг даргаар томилсон гэх мэдээлэл байна.

Хөвсгөл

Тус аймагт МАН-аас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулснаар Засаг даргад “Лидер кашмер” компанийн захирал Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн юм. Аймгийн Засаг даргаа батламжлуулахаар нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл батламжлаагүй байна. Засаг даргыг батламжлахгүй байгаагаас аймгийн ажил цалгардаж, үндсэндээ зогсонги байдалд шилжлээ гэх мэдээллийг орон нутгаас ирүүлж буйг Засгийн газрын тэргүүнд уламжлая.

Нийт 41 суудлын төлөө нам, хүчнүүд өрсөлдсөнөөс 23 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 18 нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ногджээ. 

Хэнтий

Аймгийн хэмжээнд 39 суудлын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөнөөс  25-ыг нь Ардчилсан намынхан авч, 14-ыг нь МАН-аас нэр дэвшигч авсан байна. Аймгийн ИТХ-аас Засаг даргад Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд батламжилснаар өмнөх Засаг дарга Ч.Эрдэнэбаатар чөлөөлөгдөж, ирэх дөрвөн жилд Хэнтийг ардчиллынхан удирдах болов.

Орхон

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур багана болж ирсэн Орхон аймгийн сонгогчид энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынханд итгэл хүлээлгэв. Ингэснээр 31 суудлын 19-ийг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10-ыг МАН, үлдсэн хоёр суудлыг Иргэний шударга ёс эвслээс нэр дэвшигчид тус бүр авсан байна. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог жанжин шугамын дагуу тус аймаг дахь Ардчилсан намын дарга Г.Зоригт Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшин олонхийн дэмжлэг хүлээжээ. 

Дархан-Уул

Тус аймаг нийт 33 мандаттайгаас 18-ыг МАН, 11-ыг Ардчилсан нам, “Шударга ёс” эвслээс хоёр, бие даагч мөн тооны нэр дэвшигчид тодорсон нь бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй тал талын төлөөлөл оролцсон сонголтыг дарханчууд энэ удаа хийжээ хэмээн дүгнэж болохоор байна. Аймгийн ИТХ нь хуралдаад Засаг даргаар С.Насанбатыг батламжлуулахаар болж, нэрийг нь өргөн мэдүүлжээ. Тэрбээр “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж