Челябинск дээгүүр өнгөрсөн солир усанд унажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Челябинск дээгүүр өнгөрсөн солир усанд унажээ

Орон нутгийн цагаар өнөө өглөөнөөс ОХУ-ын Урал орчмоор буусан солирын бороо Челябинск, Свердловск, Тюмень, Курганск муж, Башкортостаны Бүгд найрамдах улс, Казахстаны зарим бүс нутгийг хамарчээ. Солирын бороонд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа газар нь Челябинск муж юм.

Челябинск хотын Цайрын завод солирын хэлтэрхийд оногдож хана нь нурсан бол нэлээд байшин барилгын цонх хагарч хана, таазанд ан цав үүсчээ. Тус хотод хасах 18 градусын хүйтэн, мөн байгалийн таагүй үзэгдэл болж буй учир бүх сургууль, цэцэрлэгийг хааж, хүүхдүүдийг эрсдэлд учруулахгүйн тулд гэр гэрт нь хариулжээ. Одоогоор 474 орчим хүн эмнэлэгт хандаад байгаагийн нэлээд нь айснаас болж даралт тогтворгүйтсэн, бие нь хямарсан байдалтай байгаа бол ихэнхнь  цонхны хэлтэрхийд зүсэгдэж гэмтэгсэд ажээ.  Ноцтой хүнд гэмтсэн болон амь үрэгдсэн хүн байхгүйг эмч нар мэдээлсэн байна. Нутгийн оршин суугчид “Оддын дайн” кино амьдрал дээр биелсэн юм шиг санагдлаа. Асар хурц гэрэлт зам татуулан шатаж буй солирууд тэнгэрээс бууж байсан” гэж ярьцгаажээ.

Мужийн захирагчийн шийдвэрээр байгуулсан Шуурхай штабын сүүлийн үеийн мэдээгээр бол Челябинскийн дээгүүр өнгөрсөн солир Чебаркуль нуураас нэг км-ийн зайд орших усан санд унасан гэжээ. Энэ талаар мужийн захирагчийн сайтад мэдээлээд байна.

НЭМЭЛТ: 00:16 цагт:

Солирын борооны дагуулсан гамшигт өртөж гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бараг 1000-д хүрсэн тухай "Associated Press" мэдээлэв. ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээгээр 985 хүн ямар нэг байдлаар эмнэлгийн тусламж авсан, тэдгээрээс 44 хүнийг эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа гэнэ. 10 тонн орчим жинтэй гэгдэж буй солир ойролцоогоор 54 мянган км/цагийн хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирсэн бөгөөд дэлхийн гадаргуугаас 30-50 км зайд хуваагдаж, бутарсан тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академиас мэдэгдсэн байна. Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 09:20 цагийн орчимд тэнгэрт ямар нэг биет хурдтай явж буй бичлэгийг Оросын телевизээр нэвтрүүлсэн бөгөөд нар мандсаны дөнгөж дараахан эхэлсэн солирын бороо тэнгэрт хурц гэрэл үүсгэж байсан гэнэ. Мөн солирын борооны улмаас байшин барилгын шил, цонх бутран хагарч, нийт 3000 гаруй барилгын 100 мянган кв.метр талбай бүхий шил, цонх хагарсан гэх мэдээллийг Челябинскийн удирдлагууд өгчээ. Челябинск нь ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн зүгт 1500 км зайд оршдог, нэг сая гаруй оршин суугчтай юм байна.

 
Д.ОЮУН




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж