“Дэлхийн цом”-д найман баг оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-д найман баг оролцоно

Өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх гуравдугаар сарын 2-3-нд Монголд зохион байгуулах гэж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд Канадад болсон эмэгтэй чөлөөт
бөхийн ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байрт шалгарсан Япон, АНУ, БНХАУ,
Канад, Энэтхэг, Казахстан, Беларус, Монголын шигшээ багийн тамирчид “World Cup-2013”
тэмцээнд өрсөлдөх юм.

Одоогийн байдлаар тэмцээнд оролцох багууд бүгд мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Манай улсын шигшээ багийн хувьд “Дэлхийн цом”-д 2009 оноос хойш тав дахь удаагаа оролцож байгаа юм. Зохион байгуулагчдын хэлснээр тэмцээний бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Тэмцээний зардалд одоогоор 400 сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд тэмцээнд зориулж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 200 сая төгрөг гаргасан байна. Тус тэмцээнд түрүүлсэн баг 10 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг долоон мянган ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан баг таван мянган ам.долларын шагнал тус тус хүртэх юм.

Тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт болох бөгөөд тэмцээний өдрүүдэд тус цогцолбор руу автобусаар үйлчлэх аж. Тасалбарын үнэ үдээс өмнөх тэмцээнийх 2500 төгрөг, үдээс хойшхи тэмцээнийх 5000 төгрөг, багц нь 15000 төгрөгийн үнэтэй зарагдах юм байна. 

Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний хөтөлбөр:

Гуравдугаар сарын 01-ний өдөр

09:00-12:00    Багийн мэдүүлгийн хүлээн авч, мандат олгоно
10:30-12:00    Шүүгчийн зөвлөгөөн
16:00-17:00    Техникийн зөвлөгөөн /’’Blue Sky” зочид буудлын зааланд/
17:00-18:00    Эмчийн үзлэг
18:15-18:45    Жин үзэлт, Сугалаа  /’’Буянт-Ухаа ” спорт цогцолборт/ Эмэгтэй: 48, 51, 55, 59, 63, 67, 72кг

Гуравдугаар сарын 02-ны өдөр

10:00-12:00    Нэгдүгээр тойргийн барилдаан
12:00-14:00    Завсарлага
16:00-16:30    Нээлттэй ажиллагаа
16:30-18:00    Хоёрдугаар тойргийн барилдаан
18:00-20:00    Гуравдугаар тойргийн барилдаан

Гуравдугаар сарын 03-ны өдөр

10:00-12:00    5, 6, 7, 8-р байрны төлөөх барилдаан
12:00-17:00    Завсарлага
17:00-18:00    Хүрэл медалийн төлөөх барилдаан
18:00-19:00   Алтан медалийн төлөөх барилдаан

Шагнал гардуулах ёслол

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж