“Coal Mongoliа-2013”-д 700 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

“Coal Mongoliа-2013”-д 700 төлөөлөгч оролцоно

Нүүрсний салбарынхныг нэгэн дор цуглуулдаг “Coal mongolia 2013” олон улсын чуулга уулзалт гурав дахь жилдээ болох бөгөөд 10 орны 700 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцохоор болжээ. Хоёрдугаар сарын 21,22-ны өдрүүдэд “SS Convention Center”-д болох энэ удаагийн чуулга уулзалт багагүй онцлогтой. Учир нь нүүрс, уул уурхайн салбарт дэлхийд танигдаад эхэлсэн Монгол Улс энэ жил шинэ Засгийн газартайгаар чуулга уулзалтыг угтаж буй бөгөөд ирэх жилүүдийн хандлага, орчин нөхцлийг зөв тийш нь залах боломжтой тухай салбарынхан нь хэлж байна. Хэлэлцэх асуудлын тухайд,

-Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага
-Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа,
-Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар,
– Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг
-Эрчим хүч, дэд бүтэц
-Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи
-Засгийн газрын цаг хэлэлцүүлэг гэсэн долоон чиглэлээр илтгэл хэлэлцүүлэх ажээ. Түүнчлэн хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулга уулзалтаар Ашигт Малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санааны талаар мэдээлэл өгөх, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, бусад талуудын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын нүүрсний салбарт баримтлах бодлогыг хөрөнгө оруулагч нарт танилцуулах юм байна.

Сайдууд илтгэл хэлэлцүүлнэ

Монгол Улсын нүүрсний салбар дахь төр засгийн байр суурийг илэрхийлэхээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомж, нөхөн сэргээлт, усны менежментийн талаар илтгэл хэлэлцүүлэхээр болжээ.

“Монголын Уул уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын металлургийн нүүрсний салбар, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн ач холбогдолын талаар, дэлхийд нүүрсний салбартаа тэргүүлэгч “Пийбоди Энержи”-гийн Монгол, Энэтхэгийг хариуцсан ерөнхийлагч Аршад Саейд дэлхийн нүүрсний чиг хандлага болоод Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар хөндөнө. Гадаадын төлөөлөгчдийн хувьд, дэлхийд тэргүүлэгч нүүрсний салбарын эдийн засгийн шинжээчид хүрэлцэн ирэх бөгөөд дэлхийд судалгаа, зах зээлийн шинжилгээ хийдэг “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон Далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран Хятадын нүүрсний зах зээл Монголд хэрхэн нөлөөлөх зэрэг дээр дурьдсан илтгэлүүд чуулганы эхний өдөр хэлэлцүүлэх гэнэ. Нүүрсний салбарын хамгийн том асуудлын нэг болох төмөр зам, дэд бүтцийн асуудлаар Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээ болон Монголын газар нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлт болон хамтран ажиллах боломжуудын талаар ярих бол Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв цаашид Засгийн газар эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг танилцуулах ажээ.

“Coal Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд 62 компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэх аж.  Харин хоёрдугаар сарын 23-нд 45 гадаад, дотоодын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Ухаа худаг, “Эрдэнэс Таван Толгой” ХХК-ийн төслүүдтэй танилцах аялал хийх юм байна. Ийнхүү олон улсын хэмжээний уг чуулга уулзалт нүүрсний салбарт хамтрагчаа хайсан, хөрөнгө оруулалт хэрэг болсон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд гүүр болох учиртай тухай албаныхан нь онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж