“Coal Mongolia-2013” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia-2013” үргэлжилж байна

Монгол Улсад гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотод үргэлжилж байгаа билээ.  Чуулганд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болоод Монголын уул уурхайн компанийн төлөөлөл, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын чуулга уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ, “Нүүрс нь эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэл болон шингэрүүлсэн хийн түлшний түүхий эд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй үнэт баялаг юм.

Монгол орны хэмжээнд нийт 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т, нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх байранд орж байгаа юм байна. Энэ утгаараа нүүрсний салбар нь Монгол Улсын өрсөлдөх чадвартай салбарын тоонд зүй ёсоор орох нь нийтлэг ойлголт юм. Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх юм байна. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” хэмээн онцлов.

Уул уурхайн сайд илтгэлийн төгсгөлд “Нүүрсний салбар нь Монгол Улсын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар бөгөөд энэ агуулгаараа улсын эдийн засгийн хөгжилд стратщгийн чухал ач холбогдолтой салбар болж байгаа онцолж, энэ салбарыг хөгжүүлэхэд Шинэ шийдэл бүхнийг, тухайлбал шинэ техник, технологи, менежмент, маркетинг,хөрөнгө оруулалт зэргийг дэмжиж ажиллах болно” гэлээ.

“Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт “SS convention center”-т  үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж