Хүлээлт дүүрэн “Сoal Mongolia”

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Хүлээлт дүүрэн “Сoal Mongolia”

Нүүрсний нөөцөөрөө дэлхийн улс орнуудаас 10-т ордог Монгол Улс уул уурхайн салбараараа нэгэнтээ олны хараанд өртсөн билээ. Тиймээс улс орны хэмжээнд бодлого, шийдвэрийг зөв гаргаж байж, баялагийн хараалаас зайлсхийж чадна гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. Энэ асуудлаар салбарын хэмжээнд бодлого боловсруулагчид болон гадаад, дотоодын уул уурхайн томоохон компанийн гээд нийт 700 гаруй төлөөлөгчдийг нэгэн дээвэр дор хоёр өдрийн турш “SS convention club”-т цуглуулж буй “Coal Mongolia-2013” чуулга уулзалтаар зочиллоо. Чуулга уулзалтыг эхлүүлж, сайдууд илтгэл хэлэлцүүлж, чуулганы “салхийг” хагалсан юм. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний салбарт Монгол Улс өрсөлдөх чадвар сайтай бөгөөд нүүрсээ дэлхийн зах зээлийн үнэтэй ижлээр борлуулахын тулд эрчим хүч, тээвэр, ложистикийн бодлогыг түргэн хэрэгжүүлэх шаардлагатай тухай онцоллоо.

Гурав дахь удаагаа болж буй уг чуулга уулзалт энэ жил багагүй онцлогтой. Хүлээлт дүүрэн “Coal Mongolia” гэх учир нь Шинэчлэлийн Засгийн газрын ирэх жилүүдийн бодлого төлөвлөгөөгөөр замаасаа муруйсан асуудлыг нэг чигт хөтөлж болно гэгдэх бөгөөд ялангуяа нүүрсний салбартай уялдуулан санал, санаачлагыг чуулганы үеэр хүргэх боломжтой юм. Түүнчлэн гадаадын зах зээлд арилжсан Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын  бондыг аль хаана хэрхэн зарцуулах талаар хүлээлттэй байгаа энэ үед улс орны чухал салбараа хэрхэн анхаарч хэрэлцэх нь үү гэдгийг гадаад, дотоодын төлөөлөгчид анхаарч байна.

Гадныхны хараанд байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ болон бондын зарцуулалтын талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын саналыг сонссоноо хүргэе.

-Оюутолгойн гэрээ буруу тал руугаа харчихаад байна гэх ойлголтууд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойн гэрээг зурсаных нь дараа сүүлд нь буруу гэж байна. Гэтэл Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан нөхдүүдийг буруутгах хэрэгтэй биш үү. Гадны хөрөнгө оруулагч нар гэрээ хийсэн хойноо Монголын тал яагаад ингэж асуудал үүсгээд байгаа юм бэ гэж асууж байна. Үнэхээр гэрээгээ буруу хийчихлээ гэж үзэж байвал урьдны гэрээ хийсэн нь мэдлэггүй, боловсролгүй хүмүүс байсан юм аа гээд гэрээ хэлцлээ дахин шинэчилж болно шүү дээ. Жишээ нь, “Бороо гоулд”-ын гэрээ төдийлөн сайн гэрээ байгаагүй ч монголчууд оргүй хоосон үлдээгүй, ашгаа авч чадсан. Энэ гэрээний дагуу “Бороо гоулд”-д дотоодын олон компаниуд ханган нийлүүлэгчээр ажилласан. Ингэхээр том, жижиг компанийн үйл ажиллагааны идэвхтэй байдлыг хангасан, ажлын байр нэмэгдсэн гээд багагүй ашиг Монголд үлдсэн л дээ. "Бороо гоулд"-ын талд ч энэ гэрээ хангалттай үр ашгаа өгсөн болохоор манай нэгдүгээр төрөх эмнэлгийг барьж өгч байна. Тэгэхээр бид энэ том Оюутолгойн гэрээнд үүн шиг хэл амаа сайн ололцох ёстой.

-Хөрөнгө оруулалтын гэрээний үзэл баримтлал гадныхныг түлхэж байна гэдэг.  Шинэ үзэл баримтлал хэзээ бэлэн болох вэ?

-Дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татаж, гадныханд үнэлэгдэх нэг зүйл бол хөрөнгө оруулалтын орчин. Гэтэл бид үүгээрээ хөрөнгө оруулагч нарыг үргээх байдалтай байна.  Гадныхан Монголд хөрөнгө оруулах нь алдагдалтай гэсэн дохио авчихсан гэж хэлж болмоор. Тиймээс Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульчилж байна. Гэхдээ үйлчлэх болоогүй, журмыг боловсруулж байгаа. Орон даяар Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байна. Тэгэхээр үүнтэй цуг гарах болов уу. Учир нь хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт л орно шүү дээ. Уул уурхайгаас өөр хөрөнгө оруулагчдыг татах салбар одоогоор алга. Ашигт малтмалын тухай хууль УИХ-аас хэзээ батлагдах нь уу, хөрөнгө оруулалтын гэрээ үүнээс их шалтгаалах гээд байна. Үндсэндээ Монголын уул уурхайн салбар яах нь вэ гэдгээр бид төдийгүй гадныхан хүлээлтийн байдалд орчихлоо.

-Том гэрээнүүд гадны хөрөнгө оруулагчдаас татвар авах байдлаар л ашиг олоод байх шиг. Гэрээгээ бүрнээр нь ашиглаж чадахгүй байна уу?

-Энэ бол ташаа ойлголт. Харин олон нийтийн энэ байр суурин дээр тулгуурлаад гэрээнийхээ ашгийг олохдоо эцсийн үр дүнг нь илүү бодолцох хэрэгтэй байна. Жишээ нь, Австралийн газрын доорх баялагийн 75 хувийг гадныхан эзэмшиж байна. Гэсэн хэдий боловч газраас  гаргаад ирсэн баялагийн 75 хувийг нь Австраличууд өөрсдөө авч чадаж байна. Тэр ордууд нь аль хэдийнэ том хөрөнгийн бирж дээр IPO хийгдчихсэн. Монгол яг л ийм байх хэрэгтэй. Тэр газар доор байгаа юмтай булаацалдаад байх хэрэггүй. Гараад ирсэн баялагийг өөрсдөө авч чаддаг хууль эрх зүйн орчинтой байх хэрэгтэй.

-Уул уурхайн салбарт хэрэгтэй байгаа дэд бүтцийг төр бэлэн гаргаад өгчихөж чадахгүй учир бондын хөрөнгөөр шийдэх боломжтой боллоо. Өчигдөр бондын асуудлаар бодлогын зөвлөл хуралдах үеэр бондыг хаана, хэрхэн зарцуулахаар болж байна?

– Одоо бол хэрэгтэй газарт нь хөрөнгө зарцуулах мөнгө нь бэлэн байгаад байдаг. Хаана зарцуулах нь тодорхойгүй байсан бол эхнээсээ шийдвэрүүд гарч байгаа нь сайн хэрэг. Бондын хөрөнгөөс ямар ч байсан Таван толгой Гашуунсухайтын төмөр замын төсөлд зарцуулна гэж байна. Энэ нь манай экспортын чадварыг хоёр дахин нэмэх төсөл. Мөн зам барилгын төсөл. Жишээ нь, Улаанбаатар Замын үүдийн төслийг арван жил ярьчихав уу даа. Гэтэл энэ бол хамгийн хэрэгтэй байгаа зам бөгөөд үүнийг барьж эхлэхийн оронд өдөрт тав, аравхан машин явдаг зам дээр их мөнгө хаяаад байх юм. Мөн Оюутолгой, Таван толгойд цахилгаан станц барихаар боллоо. Тэр хавь бол байнгын эрчим хүч дутагдалтай, улс орны байтугай дэлхийн хараанд өртсөн том ажил шүү дээ. Үүнийг зайлшгүй хэрэгцээгээр нь заавал хангах л учиртай.

-Бондын мөнгөнөөс гудамж, талбайн хөгжилд зориулна гэх юм?

-Тийм асуудал ч бий. Энэ бол нийслэлчүүдийн хувьд их хэрэгтэй. Мөн л нэг жишээ хэлье. Бид ажилдаа явахдаа 10 минут ямар ч байсан хоцорч очдог. Гэтэл нийгмийн баялаг  бүтээх учиртай хүмүүс цаг хугацаагаа хэрэгггүй алдаад байх ёсгүй.  Энэ байдлыг засах шинэлэг санаануудыг бондын хөрөнгөнөөс дэмжих болж байх шиг байна.  Үүнийг бүрэн тодорхой болохоор дэлгэх байх.

У.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж