“Coal mongolia”-гаас гарц хайж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

“Coal mongolia”-гаас гарц хайж байна

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдийн “Coal Mongolia” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэхүү хурал өнөөдөр өндөрлөх юм. Манай улс бол нэг хүнд ногдох нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг орон. Тийм ч учраас гадны хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож, энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол бий. Гэхдээ жил ирэх тусам энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүний тоо буурч байгаа юм. Энэ нь манай улсын хөрөнгө оруулалтын орчин, татварын бодлогоос илүүтэй энэ салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй, үргэлж өөрчлөгдөж байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулж харилцан ашигтай ажиллах сонирхол ихтэй байдаг ч энэ салбарт баримтлах бодлого өөрчлөгдөж байдаг нь тэдэнд тушаа болж хөндлөнгөөс ажиглахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Өчигдөр нээлтээ хийсэн “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр ч гадны хөрөнгө оруулагчид энэ тухай ярьж байсан.

Манай нүүрс экспор­толдог гол орон бол БНХАУ. Хятад улс өнгөрсөн онд 3.6 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн бөгөөд нийт хэрэглээнийхээ 3.2 тэрбумыг нь өөрсдөө олборлодог. Үлдсэн 400 сая орчим тонныг гадны орнуудаас импортолдог байна. Харин манай улс өнгөрсөн жил Хятадад 20 орчим тонныг экспортолсон. Дэд бүтэцгүйгээс болж одоогийн байдлаар Хятад улсаас өөр оронд бүтээгдэхүүнээ экспортолж ашиг олох боломж алга. Төмөр замынхаа асуудлыг шийдвэрлэн нэг мөр болгож чадалгүй авто замаар л багахан хэмжээний гаргаж байгаа учраас дэлхийн зах зээлд бүү хэл урд хөрш рүүгээ ч хүссэн хэмжээгээрээ нүүрс экспортолж чадахгүй байна. Дээр нь авто замаар нүүрс тээвэрлэх нь төмөр замаар тээвэрлэснээс гурав дахин их зардалтай.

Өнөөдөр Хятад улсад нүүрс экспортлох сонирхолтой маш олон орон байна. Манай улсаас гадна Австрали, Канад төдийгүй ОХУ ч нүүрсний экспортын өрсөлдөөнд хүч түрэн орж ирж байгаа. Уг нь бид тэдэнд байраа тавьж өгөх бус харин ч өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж нүүрсний экспортоос олох ашгаа нэмэгдүүлэх ёстой байх. Гэтэл өрсөлдөөнөөс сайн дураараа гарч ОХУ зэрэг оронд боломж олгож байна.

Уг нь гадны эдийн засагчид  манай улсыг нүүрсний экспортын хувьд хамгийн ашигтай байрлалтай орон гэж дүгнэдэг юм билээ. Зах зээлтэйгээ ойрхон учраас хүргэлтийн зардал бага. Ер нь газар зүйн ашигтай байрлал, баялаг их нөөц дээр нь гаднаас орох хөрөнгийн урсгал гээд “Балжинням, Дашням давхацсан” гэдэг шиг бүхий л таатай боломж бүрдчихээд байгаа боловч төрийн бодлогын тогтворгүй байдлаас болоод энэ салбарын байдал хүндэрчихээд байна. Үнэндээ тус чуулга уулзалтад оролцсон олон хүн манай улсын нүүрсний салбарыг зогсонги байдалд орчихоод байгааг хэлж байсан.

Манай улс 2005 оноос эхлэн нүүрс экспортолсон. Тухайн хөрөн­гө оруулалтаас эхлээд бүх зүйл нааштай байлаа. Харин одоо бол байдал өөрчлөгдөж эргэлзээтэй олон асуудал бий болсон. Уг нь баялаг нь байгаа юм чинь экспортлоод ашиг олоход хэцүү биш. Гол нь сэтгэл зүтгэл нь хэрэгтэй байх. Баялгаа сонирхоод байгаа гадныханд хүргэж өгч чадахгүй дотроо маргалдаж мэтгэлцсээр байтал өрсөлдөгчдөө хол хаягдаж мэдэх нь. Одоо дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрс 150-160 ам.долларын үнэтэй байна. Байгаа дэд бүтцээрээ нүүрс экспортлоод зүтгүүлээд байвал нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ам.доллар нь 250 хүрч байж л ашигтай ажиллах тооцоо гарсан байна. Ингээд бодохоор энэ салбарын шинэчлэлийн яаралтай хийж, алс хэтээ харсан бодлоготой болох шаардлагтай байгаа юм.

Мөн Уул уурхайн яамнаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус нүүрсний чанарыг сайжруулах нь чухал. Дэд бүтцээс гадна нүүрсний чанарыг дээшлүүлж байж бид дэлхийн зах зээлд өрсөлдөнө. Үүний тулд экспортын чанар стандартыг бий болгох шаардлага байгааг ч чуулгад оролцогчид дурьдаж байсан.

Энэ мэтчилэн нүүрсний салбарт олон асуудал байна. Гэхдээ асуудлаа олж харж, бүгд нэг дор чуулан ярилцаж шийдвэрлэхийг зорьж байгаа нь энэ удаагийн чуулга уулзалтын нэг олзуурхууштай явдал байлаа.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр “Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Шинэч­лэлийн Засгийн газар, Уул уурхайн яам нь кокс-хими, нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаль орчинд хор нөлөө багатай технолог бүхнийг дэмжинэ” гэв.

Ямартай ч энэ чуулга уулзалтаар бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагчид, энэ салбарт ажиллагсад нэг дор чуулан асуудлаа ярилцаж гарцаа эрэлхийллээ. Мөн Шинэчлэлийн засгийн газар нүүрсний салбарт баримтлах төрийн бодлогыг нэг мөр болгож энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон ажил хийж байна. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт үр дүнтэй болж байгааг олон хүн хэлж байсан юм.

Энэ үеэр Байгаль орчны сайд С.Оюунтай ярилцлаа.

              С.ОЮУН: АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ШИНЭ СТАНДАРТЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

-Байгаль орчны багц хуулийг дагаж цөөнгүй журмуудыг баталж байгаа. Мөн энэ хүрээнд олон стандарт шинэчлэгдсэн. Олборлолт хийсний дараа байгаль орчныг яаж нөхөн сэргээх ёстой юм бэ гэсэн стандарт 2008 оныг хүртэл байхгүй байсан. 1990-ээд оны эхний үед ажиллаж байсан алтны ордууд нөхөн сэргээлт хийдэггүй шороогоор булсан болоод л орхичихдог байсан. Үүнээс болж иргэд уул уурхайн талаар сөрөг ойлголттой болсон. Тийм учраас орон нутгийн иргэд дэмждэггүй шүү дээ. Тиймээс төрийн зүгээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хатуу шаардлага тавьж стандартыг бий болгож байна. 2008 онд алтны шороон ордуудад тулгуурласан нөхөн сэргээлтийн стандартууд гарсан. Одоо бол бүх ашигт малтмалын төрлүүдээр дэлхийн жишигт ойртуулсан стандартуудыг боловсруулах чухал бөгөөд амаргүй ажлыг манай яам хийж байна. Энэ ондоо багтаагаад гаргахаар зорьж байна. Шинэ стандарт гарсан тохиолдолд иргэд, энэ салбарт ажиллагсад байгаль орчны нөхөн сэргээлт гэж юуг хэлэх юм бэ гэдэг нэгдсэн ойлголттой болох юм. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр стандартын хүрээнд ком­паниудад хатуу шаардлага тавьж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байна.

 Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж