Тэнгэрээс унасан &#34мөнгө&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Тэнгэрээс унасан &#34мөнгө&#34

Сүүлийн хэд хоног сансар огторгуйгаар “зочин” олонтой байна. Шинжлэх ухаан хөгжөөд сансрын хаанаас юу ойртож байгааг хүн төрөлхтөн урьдчилаад сонсч мэддэг болчихсон болохоор энэ мэт мэдээ араасаа айдас, хүлээлт  дагуулдаг болчихжээ. Энэ сарын 15-нд “2012 DA14” нэртэй жижиг гариг  дэлхийн хажуухнаар зөрж өнгөрөв. Сансрын энэ биет дэлхийд 27700 км зайнд дөхөж ирсэн ч азаар ямар нэг муу юм болсонгүй. 

Эрдэмтдийн тооцоолсноор “2012 DA14” Энэтхэгийн далайн зүүн хэсгийн дээгүүр  7.8 км/секундын хурдтайгаар зөрж өнгөрчээ. Одон орончид сүүлийн 30 жилд сансрын биет дэлхийд ингэтлээ ойртож ирсэн нь үгүй хэмээн баталж байна.

Цаг хугацааны хувьд үүнтэй бараг давхцан    ОХУ-ын Урал, Челябинск хотын орчимд солирын бороо буулаа. Үүний улмаас  1200 хүн бэртэж гэмтэж, 3000 гаруй байшин барилга эвдэрсэн гэсэн мэдээлэл байгаа. Орон нутгийнхны ярьснаар солирын борооны дуу чимээ яг дайны үеийг санагдуулам байсан бөгөөд айж сандарснаасаа болж хүмүүсийн даралт ихсэж,  гүн цочролд орсон гэжээ. 

Ерөнхийлөгч Владимир Путин 10 тонн-ын жинтэй солир асар их хурдтайгаар дэлхийг чиглэж байсан ч агаар мандалд орж ирээд хуваагдан хүчин суларснаас учруулах хохирол нь багассанд бурхандаа талархаж буйгаа мэдэгдсэн байна. 10 тоннын жинтэй, 17 метрийн урттай солир 54 мянган км/цагийн хурдтайгаар дэлхийн агаар мандалд орж ирж 19-24 км-ын өндөрт дэлбэрчээ. Солирын дэлбэрэлтийн хүч нь 300-500 килотонн байсан гэж Америкийн сансрын агентлаг NASA  дүгнэв. Энэ нь Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс ойролцоогоор 20 дахин их хүчтэй байна гэсэн үг гэнэ. Солир  Челябинск хотоос зайдуу орших  Чебаркуль нуурын усанд унасан боловч хүчтэй доргилтын улмаас байшин барилгын шил цонх хагарч, дээвэр нурж, хана нь цуурч гэмтсэн байна. Челябинск хот  Москвагаас  зүүн тийш  1500 км зайд оршдог.

Тус мужийн  захирагч Михайл Юревичийн мэдээлснээр солирын улмаас одоогоор нэг тэрбум рубль буюу 33 сая ам.долларын хохирол учраад байгаа аж.
Гэвч үүний нөгөө талд тэнгэрийн элч болон ирсэн солир зарим нэг овсгоотой хүмүүст мөнгө босгох боломж болж байгаа тухай Оросын хэвлэлүүдэд нийтэлжээ.

Цахим худалдааны хамгийн алдартай сайтуудын нэг eBay сүүлийн хэд хоног шинэ “бүтээгдэхүүн” борлуулах захиалга ихтэй байна. Челябинскийн солирын хэл­тэрхийнүүд худалдан авагч­дын сонирхлыг ихэд татаж байгаа аж. Солирын наймаачдын дунд оросуудаас гадна америкийн иргэд ч байгаа гэнэ. Солирын хэлтэрхийний үнэ ханшид хийсэн ажиглалтаас харвал хэмжээнээсээ хамаарч 10-500 мянган рублийн үнэ ханштайгаар арилжаалагдаж байгаа аж. Энэ нь багцаалбал 500 мянгаас 25 сая орчим төгрөг гэсэн үг. Тухайлбал Санкт-Петербург хотын нэгэн иргэн эр хүний гарын алганы дайтай хар чулууг дуудлагаар худалдахаар eBay сүлжээнд мэдээллээ байрлуулсан бөгөөд одоогийн байдлаар 1125 ам.долларын үнэ хүрээд байна. Тэрбээр энэхүү хар чулуугаа хоёрдугаар сарын 15-нд унасан солир хэмээн тайлбарласан байх жишээтэй.

Өөр нэг зарлал байна. Камчатскийн хязгаарын Елизово хотын оршин суугч солир унасан газрын орчмоос цуглуулсан хар элсийг хайрцаглан дуудлага худалдаанд оруулжээ. Сайтад тавьсан тайлбартаа тэрбээр  “Энэ элс нь бүхэлдээ хав хар өнгөтэй бөгөөд ямар нэг цацраг идэвхгүй, бараг металлын үйрмэг гэсэн үг” хэмээн тодорхойлсон байв. Иймэрхүү арилжааг гадаадынхан ихэд сонирхож байна. Шүдэнзний хайрцагны дайтай хар элс сайтын худалдаанд тавигдсан даруйдаа л  10 ам.доллараас дорхноо өсч 24 ам.доллар болжээ.

АНУ-ын Лас-Вегас хотын оршин суугч хоёр см хэмжээтэй хар саарал чулууг худалдах гэж байгаагаа мөн зарлажээ. Тэрбээр энэ чулууг ОХУ-д сурвалжлагчаар ажилладаг ахаасаа авсан солирын чулуу хэмээн гарал үүслийг нь тодорхойлсон байна.  Бас үүнийгээ батлахаар солир унаж байх үеийн болон  унасаны дараах байдлыг харуулсан зургуудыг хавсаргасан байв. Солирын энэ хэлтэрхийг 999 ам.доллараас эхлэн үнэ хаялцуулж байна. Лас-Вегас хотын солирын наймаачин маань тэнгэрийн “бүтээгдэхүүн”-ээ зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт л худалдахаар зар гаргажээ. Аризон мужийн Феникс хотын нэгэн эр  мөн ийм солирын хэлтэрхийг 50 ам.доллараас эхлэн үнэ хаялцуулахаар шийдвэрлэжээ. Энэ солирыг Челябинскт очсон НАСА-гийн мэргэжилтэн олсон бөгөөд мөн үеэр дэлхийн хажуухнаар нисэн өнгөрсөн “2012 DA14” солирын нэг хэсгийн хэлтэрхий байх магадлалтай хэмээн үзэж байгаагаа онцолсон байна. Гэвч НАСА Челябинскийн солирыг “2012 DA14” солиртой огт хамааралгүй хэмээн баталж байгааг дурдах нь зөв байх.

Энэ мэтээр eBay интернет худалдааны дэлхийн хамгийн том сайт солирын наймаагаар амьсгалж байна. Тэр бүгд Челябинскийнх гэнэ. Итгэх хэцүү, итгэхгүй байх бүр ч хэцүү.  Зүв зүгээр сууж байхад тэнгэрээс мөнгө унахтай үүнийг зүйрлэж болмоор.

П.БУЛГАН

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж