Тамхины хяналтын тухай хууль

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Тамхины хяналтын тухай хууль

Тамхины хяналтын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Өнгөрсөн онд шинэчлэн батлагдсан энэхүү хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 сарын 24-ний өдөр           Төрийн ордон.                   Улаанбаатар хот

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж

2.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг;

3.1.2.”утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг;

3.1.3.”дам тамхидалт” гэж өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг;

3.1.4.”тамхи үйлдвэрлэгч” гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, импортын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;

3.1.5.”тамхины зар сурталчилгаа” гэж тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг дэмжихэд чиглэсэн аливаа хэлбэрийн мэдээлэл түгээх үйл ажиллагааг;

3.1.6.“тамхины хяналт” гэж тамхины хэрэглээ, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилго бүхий тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт болон хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээг.

3.1.7.“тамхигүй орчин“ гэж тамхи татах, тамхины утааг харах, үнэрлэх, мэдрэх, хэмжих боломжгүй орчныг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.8.“дотоод орчин” гэж дээвэр, хана, талуудаар хүрээлэгдсэн орон зай (хийсэн материал, тухайн орон зайг түр хугацаанд буюу байнга ашиглахаас хамаарахгүй)-г;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.9.“брэнд өргөтгөх” гэж тамхи, тамхин бүтээгдэхүүний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэтээр ашиглахыг;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.10.“брэнд хуваалцах” гэж тамхин бус бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, лого зэрэг бусад ялгарах онцлогийг тамхи, тамхин бүтээгдэхүүн, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой мэтээр ашиглахыг.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого

4.1.Тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг бөгөөд дараахь зарчмыг баримтална:

4.1.1. тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2.нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчдийн сөрөг нөлөөллөөс хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах;

4.1.3.тамхины хяналтын талаар бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй холбоогүй хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;

4.1.4.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээг хүртээмжтэй болгох.

4.1.5.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.6.тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.7.тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүйгээр адил тэгш хандах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.8.тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.1.9.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тамхи үйлдвэрлэгч хөндлөнгөөс оролцох стратеги, арга, уул бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах шаардлага болон тамхи үйлдвэрлэгчийн зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаар төрийн бүх шатны байгууллага, олон нийт мэдээллээр хангагдсан байх.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг

5.1.Тамхины хяналтын талаар төрийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

5.1.1.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тамхины хяналтын талаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн бус байгууллагын санаачлага, оролцоог дэмжих, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

5.1.2.төрийн бүх шатны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхийнхээ дагуу хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд дангаар буюу холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах.

5.1.3.нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.4.тамхины хяналтын тухай хууль тогтоомж боловсруулах явцад ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзсэн тохиолдолд тамхи үйлдвэрлэгчээс тавьсан саналыг хүлээн авахаас татгалзах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.5.тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн албан хаагч, бусад ажилтны ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаас татгалзах.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.2.Тамхины хяналтын талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

5.2.1.тамхины хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэнийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, дам тамхидалтаас сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.2.тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэл, хор нөлөөний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр иргэдийг хангах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.3.тамхи үйлдвэрлэгчээс төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг хүлээж авахаас татгалзах.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.3.Тамхины хяналтын талаар тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

5.3.1.тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах;

5.3.2.эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг батлагдсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/


ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тамхины үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ,сурталчилгааны зохицуулалт


6 дугаар зүйл. Тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлага

6.1.Тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаархи эрүүл мэндийн дүгнэлтийг улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тамхины төрөл тус бүрээр олгоно.

6.2.Улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

6.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэх, худалдах, импортлох, экспортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.

6.4.Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай анхааруулгатай байх бөгөөд анхааруулга нь дараахь шаардлагыг хангасан байна:

6.4.1.зурагт анхааруулга нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.2. тамхин бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөөний талаар том хэмжээтэй, тод харагдахуйц, гаргацтай бичих, зураг буюу дүрсээр харуулах.

6.5.Анхааруулгын загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Нэг удаад зургаан төрлийн анхааруулгын загвар гаргах бөгөөд анхааруулгын загварыг гурван жилд нэг удаа солино.
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.6.Анхааруулга болон бусад шаардлагатай тэмдэглэл нь монгол хэл дээр бичигдсэн байна.

6.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад дараахь зүйлийг хориглоно:

6.7.1.тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.7.2. янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.7.3.энэ хуулийн 6.4-д заасан анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй;

6.7.4.энэ хуулийн 6.1-д заасан эрүүл мэндийн дүгнэлт олгогдоогүй;

6.7.5.”Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор бусад улсад үйлдвэрлэсэн;

6.7.6.тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндын дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх;;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.7.8.тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах;

6.7.9.тамхи худалдах автомат машин ажиллуулах;

6.7.10.тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа зохион байгуулах, сугалаа гаргах;

6.7.11.хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй;

6.7.12.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдах.

6.7.13.интернэтээр тамхи худалдах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.7.14.ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.7.15.баар, цэнгээний газарт тамхи худалдах.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.8.Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

6.8.1.худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2.энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх. /Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/ 6.9.Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

7.1.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн, тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Засгийн газар олгоно. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.

7.2.Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоѐр жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана.

7.3.Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

7.4.Тамхи үйлдвэрлэх, худалдах, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар1 зохицуулна.

8 дугаар зүйл.Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох /Энэ зүйлийн гарчигт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

8.1.1.тамхи, тамхи ороодог цаас, тамхины шүүр, тамхи орооход хэрэглэгддэг төхөөрөмж, тамхины бусад дагалдах хэрэгсэл, тамхи үйлдвэрлэгчийн нэр, лого, тамхин бүтээгдэхүүн, түүний брэндийн нэр, барааны тэмдэг, тамхи үйлдвэрлэгчтэй холбоотой өнгө, өнгөний хослол, үг хэллэг, дизайн, зураг, дүрс, үнэр, дуу авиаг ашиглах, алдартай жүжигчин, тамирчин, урлаг, соѐлын ажилтан зэрэг олон нийтийн дунд нэр хүнд бүхий хүнийг оролцуулах замаар тамхийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, хувцасны загвар өмсөх үзүүлбэр, урлаг, спортын тоглолт, уралдаан, тэмцээн, гар утас, бусад шинэ технологи, ханын болон гудамжны самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз ашиглах болон бусад биет байдлаар сурталчлах; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.2.хүүхдэд тамхи татахыг зааж сургах, өөгшүүлэх;
1 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль -„Төрийн мэдээлэл“ эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

8.1.3.хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэх;

8.1.4.тамхи үйлдвэрлэгчээс эрүүл мэнд, боловсрол, соѐл урлаг, биеийн тамир, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд тамхи болон тамхины үйлдвэрийн зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

8.1.6.гадна хэлбэрээрээ тамхин бүтээгдэхүүнтэй ижил төстэй чихэр, тоглоом болон тамхин бус бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж тараах, аливаа хэлбэрийн сугалаа, уралдаан, тэмцээн, хямдрал, урамшуулал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэлбэрээр тамхи сурталчлах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.7.тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.8.тамхины хайрцаг, сав, баглаа боодлын гадна болон дотор талд үндэсний стандартад зааснаас бусад, хэрэглэгчийн анхаарал татах аливаа нэмэлт дүрс, үг хэллэг зэрэг мэдээллийг агуулсан байх;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.9.тамхи үйлдвэрлэгчийн брэнд өргөтгөх болон брэнд хуваалцах үйл ажиллагаа;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.10.тамхи үйлдвэрлэгч өөрөө, эсхүл өөр байгууллага, этгээдээр дамжуулан бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бус хэлбэрээр сурталчлах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.11.тамхины брэндийн дүрс, логог үзвэр, үйлчилгээний газрын орчинд байршуулах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.1.12.тамхины талаар худал ташаа, төөрөгдүүлсэн, эсхүл буруу сэтгэгдэл төрүүлж болох бүх төрлийн сурталчилгаа.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.2.Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.3.Тамхины хил дамнасан зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4.Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Утаат тамхи татахыг хориглох

9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;

9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

9.2.Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ зүйлийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тамхины хяналтын үйл ажиллагааны санхүүжилт


10 дүгээр зүйл. Эрүүл мэндийг дэмжих сан

10.1.Иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор эрүүл мэндийг дэмжих сан /цаашид “сан” гэх/ байгуулна.

10.2.Сан нь тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэнэ.

10.3.Санд иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн хандив, тусламж болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс хөрөнгө төвлөрүүлж болно.

10.4.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлнэ.

10.5.Сангийн хөрөнгийг Сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дараахь зориулалтаар зарцуулна:

10.5.1.тамхины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

10.5.2.тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх;

10.5.3.тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, хяналт тавих;

10.5.4.тамхинаас гаргах эмчилгээ, түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;

10.5.5.тамхины хэрэглээ, түүний эрүүл мэндийн болон эдийн засгийн хор холбогдлыг судлах.

10.6.Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Засгийн газар батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

11 дугаар зүйл. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

11.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

11.2.Аж ахуй нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
11.3.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж болно.

12 дугаар зүйл. Гомдол гаргах

Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ѐсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.

13 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

13.1.1.энэ хуулийн 6.4, 6.6, 6.7.1-6.7.8, 6.7.10-6.7.12, 6.7.14, 6.7.15, 8.2-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон сурталчилгааны материалыг хураах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.2.энэ хуулийн 6.7.9-д заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, тамхи болон хууль бусаар олсон орлого болон тамхи худалдах автомат машиныг хураах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.3.энэ хуулийн 6.7.13-т заасныг зөрчсөн тохиолдолд интернетын тухайн веб хуудсыг нэг жилээс доошгүй хугацаагаар хаах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3, 8.1.5-8.1.12-т заасныг зөрчсөн бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.5.энэ хуулийн 8.1.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.6.энэ хуулийн 9.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг, хэрэв зөрчил гаргагч нь насанд хүрээгүй бол түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.1.7.энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.3-т заасныг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.
/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.2.Энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна
/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

13.3.Энэ хуулийн 13.1.1-13.1.4, 13.1.6-д заасныг хоѐр буюу түүнээс дээш удаа зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ хуулийг 2013 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж