Эмэгтэй баг аваргын төлөө шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй баг аваргын төлөө шалгарлаа

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний эхний өдрийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд зохион байгуулагч манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцож байна. А хэсэгт БНХАУ, Беларусь, АНУ, Казахстан, В хэсэгт Монгол, Япон, Энэтхэг, Канадын багууд багтсан байна.

Манай улсын шигшээ баг эхний барилдаанд Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, удаах тойрогт Японы шигшээ багийг 4:3-ийн буулган авснаар шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Манай бүсгүйчүүд аваргын төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөнө. Монголын эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон
эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан бөгөөд түнээс
хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан
байна. Энэ удаагийн тэмцээнд манай бүсгүйчүүд шийдвэрлэх барилдаанд Японы багийг 4:3-ийн харьцаагаар ялснаар түүхэн ялалтыг байгуулаад байна. Япон улсын хувьд тус цомын тэмцээнд зургаан удаа түрүүлээд байсан. 

Монгол улсын шигшээ багт 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 72 кг-д МУГТ О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар багтсан.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аварга дөрөв, медальт 11, залуучуудын дэлхийн аварга дөрөв, медальт 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглож байна.

Маргаашийн тэмцээний хуваарийг танилцуулья.

10:00-12:00-7-8 дугаар байр, 5-6 дугаар байрын төлөөх барилдаан
12:00-17:00-Завсарлага
17:00-18:00-Хүрэл медалийн төлөөх барилдаан
18:00-19:00-Алтан медалийн төлөөх барилдаан (Монгол-БНХАУ)
(Шагнал гардуулах ёслолын ажиллагаа)

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж