Дайтах урлаг буюу амьд үлдэх стратеги

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Дайтах урлаг буюу амьд үлдэх стратеги

Дайн хэмээх
зүйл нь хүчтэй нь ялж хүчгүй нь ялагддаг
, төлөвлөсөн нь ялж төлөвлөөгүй нь
ялагддаг хатуу дүрэмтэй
.
Магадгүй ялагдсан бол та үхнэ.
Амьд үлдэхийн тулд стратеги буюу төлөвлөлт хэрэгтэй болж таарч байна. Гэвч яаж
?
Орчин үеийн бизнесийн маркетинг менежмент гэх ойлголт нь хүртэл энэхүү дайны
стратегээс үүссэн байдаг. Олон зүйл ярилгүй үндсэн сэдэврүүгээ оръё …

Стратеги гэж юу вэ ?
Стратеги гэдэг үг нь эртний Грекийн Strategos буюу цэргийн удирдагч гэсэн
утга бүхий үгнээс гаралтай ажээ. Stateos гэдэг үг нь өөрөө Stratos ( цэрэг,
арми ) болон Ago ( удирдах, удирдлага ) гэсэн үгсээс үүссэн хэмээн үздэг байна.
Цэрэг дайны стратеги судлал нь их эртний түүхтэй бөгөөд хамгийн анхны ( нийтэд
мэдэгдсэн ) бичмэл эх сурвалж болох “ Дайтах урлаг ” хэмээх бүтээлийг МЭӨ 400
–аад оны үед амьдарч байсан Хятадын алдарт цэргийн жанжин Сун Цу туурвисан
байдаг.

1-р Бүлэг
Урьдчилсан тооцоо

1. Сүн Цу хэлж
гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин
тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог
билээ.

3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль. Зам нь
ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн
байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал
Зам засагдсан болно.
Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм.
Газар бол хол ба ойр, тэгш ба гүдгэр, өргөн ба нарийн, амьдрал ба үхэл юм.
Жанжин бол ухаан, үнэнч шударга зан, энэрэнгүй, зориг ба шударга хатууг хэлнэ.
Хууль бол цэргийн жагсаал, удирдлага ба хангалт билээ.
Энэ 5 үзэгдлийн тухай сонсоогүй, дуулаагүй боловч ялалт гавьяа байгуулсан
жанжин гэж үгүй. Энэ бүгдийг тогтоон тунгаасан хүн ялж, тогтоож ухаараагүй хүн
ялагдана.

4. Дайныг тийм учраас 7 тооцооны аргаар тооцож, оршин буй байдлаа гаргана.
Хаадын хэн нь Замыг олсон бэ? Жанжидын хэн нь авьяас билигтэй бэ? Хэн нь Газар
Тэнгэр ашигласан бэ? Хэний дүрэм ба тушаал мөрдөгдөж байна? Хэний цэрэг бага
дарга нар сайн бэлтгэгдсэн бэ? Хэн зөв шагнаж, хэн зөв шийтгэж байна?
Үүгээр би хэн нь ялалт байгуулж, хэн нь ялагдахыг тодорхой харах болно.

5. Жанжин хүн миний тооцоог дагавал, заавал ялалт байгуулах учиртай; би түүнтэй
цуг байх болно. Жанжин миний тооцоог ашиглах боловч, эс ойлговол заавал ялагдал
амсана; би түүнээс холдох болно. Тооцоог ойлгож, ашиг сонирхлын дагуу
ашиглаваас, түүнд сүр хүч бий болж, тэр нь хилийнх нь чанадад даган тус
хүргэнэ.

6. Сүр хүч бол тактикийг ашиг сонирхолтой нийцүүлэн хэрэгжүүлэхийг хэлнэ.

7. Дайн бол худал хуурмагийн зам. Тийм учраас, чамд ямарваа нэгэн чадвар бий
бол, чадваргүй мэт харуул. Ямар нэгэн арга хэрэглэвэл, хэрэглээгүй мэт харуул;
хол байваас, ойр мэт харуул; ойр байвал хол мэт харуул. Ашгаар тат; үймээнд
автуулж дайснаа хүл; бүх юм нь бэлэн байвал чи ч мөн адил бэлэн бай. Хүчтэй
байвал тойрч яв; уур хилэнг нь бадрааж самуунд автуул; даруу зан харуулж
бардамнуул. Хүч нь илбэг байвал ядраа; эв нэгдэлтэй бол эв нэгдлийг нь хагалан
бутраа; бэлэн бус үед нь довтол.

8. Энэ бүгд удирдагчид ялалт авчирна, гэвч бүгдийг урьдчилан хэлэх боломжгүй.

9. Тулалдааны өмнө тооцоонд ялалт буувал, ялах боломж их. Тулалдааны өмнө
тооцоонд ялагдсан бол, түүнд ялах боломж бага. Боломж ихтэй нь ялж, боломж
багатай нь ялагдана. Ер боломжгүй үед ялагдах нь гарцаагүй. Тэр учраас энэ
бүгдийг харснаар, би ялалт ба ялагдлыг тодорхой харна.

2-р Бүлэг
Дайны явц

1. Сүн Цу хэлж гэнэ: дайны явц бол:

2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал;
хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын
зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага
нь мянган алтан зоос болно.

3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан
эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр
үгүй болдог.

4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь
чиний сул доройг ашиглан чиний эсрэг босох болно. Чамд ухаантай зарц байлаа ч,
энэ тохиолдолд чи юу ч хийж чадахгуй.

5. Тийм учраас дайны ялалтын тухай хичнээн муу явагдсан ч, зөвхөн хурдан түргэн
нь дуулддаг. Хичнээн уран мэргэн явагдсан ч, урт удаан явагдахад ялалт ховор.

6. Дайн удаан явагдах нь төрд ашиг хэзээ ч байхгуй. Тийм учраас дайны хор
уршгыг бүрэн ойлгоогуй хүн, дайнаас олох ашгыг ойлгохгуй.

7. Дайныг явуулж чаддаг хүн хэзээ ч хоёр удаа цэрэгт дуудахгуй, гурван удаа
хүнсээ бэлдэхгүй. Сэлгээгээ нутагтаа бэлдээд, хүнсээ дайснаас нийлүүлдэг. Тийм
учраас цэрэгт хүнс хоол нь хүрэлцдэг.

8. Дайны үед хүнс хол зөөснөөс Төр ядуурдаг. Хүнс хол зөөх хэрэгтэй бол, ард
түмэн ядуурдаг.

9. Цэрэгт ойр байгаа нь өндөр үнээр зардаг; их үнэтэйгээр зарахад ард түмэн
ядуурна; ард түмэн ядуурахад татвар хураах хэцүү болно.
10. Хүч доройтож, нөөц дуусаж, өөрийн оронд хүн ядуурвал, ард түмний өмч 10-ны
7-оор буурна; Эзэн Хааны тэрэг өмч хугарч, морьд ядарч сульдвал; хуяг дуулга,
нум сум, сүлбүүр ба бага бамбай, жад ба том бамбай, үхэр ба тэрэг бүгдийн тоо
6/10-аар буурна.

11. Тийм учраас ухаантай Жанжин дайсны дансаар хооллохыг хичээнэ. Иймд дайснаас
булаасан 1 жин хоол нь өөрийн хоолны 20 жинтэй тэнцэж, нэг пүү хивэг ба сүрэл
өөрийн хивэг ба сүрлийн 20 пүүтэй тэнцэнэ.

12. Дайсныг уур хилэн нь ална, шунахай сэтгэл нь баялгийг нь алдагдуулна.

13. Тулалдаанд арваас дээш тэрэг эзэлж авбал, эзэлсэн цэрэгт нь шагнал болгоно
өг, тугийг нь өөрчил. Тэр тэргүүдээ өөрийхтэйгээ хольж, тэрийгээ ашигла.
Цэргүүдээ хайрлаж, асарч хамгаал. Үүнийг дайнсаа дарж, хүчээ зузаатгах гэж
нэрлэнэ.

14. Дайн ялалтанд дуртай, сунжралтанд дургуй.

15. Тийм учраас дайныг ойлгох жанжин ард түмний хувь заяаны ноёрхогч, төрийн
аюулгуйн байдлыг эзэн мөн.

3-р бүлэг
Стратегийн довтолгоо

1. Сүн Цу хэлж гэнэ: Дайны дүрэм хуулийн дагуу хамгийн эхэнд дайсны төрийг
хэвээр нь үлдээж, дараа нь Төрийг нь сүйтгэх ашигтай болно. Хамгийн сайн нь:
дайсны армийг хэвээр үлдээж, хоёрдугаар байранд тэр армийг устгах. Хамгийн сайн
нь дайсны түмэн цэргийг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр түмэн цэргийг
устгах. Хамгийн сайн нь дайсны зуутыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр
зуутыг устгах. Хамгийн сайн нь дайсны аравтыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар
байранд тэр аравтыг устгах. Тийм учраас, зуун удаагийн дайн тулаанд зуун ялалт
байгуулах нь хамгийн сайн нь биш; хамгийн сайн нь дайснаа тулалдаангуй дарах нь
хамгын сайн.

2. Тийм учраас дайны хамгийн сайн явц бол дайсныхаа санааг эвдэж, дараагийн
байранд түүний холбоог тасдахад оршино. Хамгийн муу нь цайз балгас эзлэх. Цайз
балгас эзлэх нь зөвхөн дүрмийн дагуу, зөвхөн шаардлагатай үед явуулах зүйтэй.
Том бамбай ба бэхлэлттэй тэргэнцэр бэлдэх, хамгаалтын овоо босгох, хангамж
бэлтгэл нь гурван сарын хугацаа эзлэдэг. Гэвч жанжин үл тэвчин, цэргүүдээ
шоргоолж мэт довтлуулахад, нийт цэргүүдийн 1/3 нь устгуулж, мөн цайз
эзлэгдээгүй хэвээр үлддэг. Энэ бол цайз эзлэлтийн аюулт тал.

3. Тийм учраас, дайны эрдэм эзэмшссэн хүн дайсны цэргийг тулалдаангүй дарж,
цайзыг эвдэлгүй эзлэдэг, цэргээ ядраалгүй дайснаа устгадаг. Тэр бүгдийг
устгалгүй эзэлснээр Тэнгэрийн доод улсыг ноёрхох эрх олдог юм.Тийм учраас
зэвсгээ мохойлолгуй ашиг олж болно- энэ бол стратегийн довтолгооны дүрэм юм.

4. Дайны дүрэм хууль хэлдэг: чамд дайснаас илүү 10 дахин их хүч байвал- бүх
талаас нь бүслэ гэдэг. 5 дахин их бол шууд довтло; хоёр дахин их байвал түүний
хүчийг нь таслаж, хуваа. Хүч тэнцүү аваас, түүнтэй тулалдах зоригтой бай. Хүч
бага байвал түүнээс хамгаалж мэд. Түүнээс бүр долоон дор бол түүнээс холдон зайлж
сур. Тийм учраас бага хүчтэй тэмцэгч нар хүчтэй дайсны олз болдог юм.

5. Төрийн хувьд жанжин хүн бол тэрэгний дугуйтай адил. Tэрэгний дугуй нь бат
бэхлэгдсэн бол төр мөн адил хүчтэй байдаг. Дугуй нь санжигнаад байвал төр нь
мөн адил сул байдаг.

6. Тийм учраас арми муу жанжингаас болж, 3 шалтгаанаар зовно: Хэзээ цэргийн
хүчээ хөдөлгөхөө мэдэлгүй хөдөлгөснөөс. Хэзээ ухрахаа мэдэлгүй, ухрах тушаал
өгсөнөөр. Энэ нь армийг хөдөлгөөнгүй хадаж байна гэсэн үг. Арми гэж юу байдгийг
мэдэлгүй, төрийн хэргийг шийддэг шиг армийг захирвал их цэргийн жанжид хийх
учраа мэдэлгүй төөрөгдөлд ордог.

7. Арми төөрөгдөл, учраа мэдэхгүй байдалд орсон нөхцөлд гамшиг тайж нарын
зүгээс ирнэ. Хэлдгийн учир энэ: ич цэргээ үймээнд автуулж, ялалтаа дайсанд
гардуулж өгөх.

8. Хүн мэднэ: таван нөхцөл байдал бүрдэж, хэзээ тулалдаж хэзээ болохгүйг
мэддэг, бага болон том хүчээ зөв ашиглаж, томчуул болон багачууд нэгэн хүсэл
тэмүүлэлтэй байж, өөрсдөө сонор сэрэмжтэй байж, дайсныг сэрэмжээ алдахыг
хүлээж, болгоомжтой жанжинуудтай удирдагчид ялна. Жанжинг төрийн тэргүүн хашиж,
заахгүй бол байсан тохиолдолд ялна.

9. Тийм учраас хэлдэг: өөрийгөө болон дайснаа таньдаг бол зуун удаа ч тулалдаад
аюул учрахгүй. Өөрийгөө таниад, дайснаа танихгүй бол нэг удаа ялж мэднэ, харин
дараагийн удаа ялагдал хүлээнэ. Харин өөрийгөө ч, дайснаа ч мэдэхгүй бол
тулалдах болгонд ялагдал хүлээнэ.

4-р бүлэг
Хэлбэр

1. Дээр үед
сайн тулалддаг нэг нь хамгийн түрүүнд өөрийгөө ялагдашгүй дийлдэшгүй байдалд
оруулж байж, тэр байдалтайгаа дайснаа хүлээн отдог байж. Үл дийлдэх байдал бол
чамд өөрт бий. Ялалтын боломж дайсанд бий. Тийм учраас сайн тулалддаг нэг нь
өөрийгөө ялагдашгүй болгож чаддаг боловч, дайснаа өөрийгөө ялагдуулах байдалд
оруулж чаддаггүй. Тийм учраас: “Ялалтыг мэдэж байж болно, гэвч хүрч чадахгүй“ гэж
хэлдэг.

2. Үл ялагдалт бол хамгаалалт, ялах боломж бол довтолгоо.
Хамгаалж буй тохиолдолд, ямар нэгэн сул тал бий гэсэн үг. Довтолж буй
тохиолдолд бүх юм элбэг буйн шинж. Өөрийгөө сайн хамгаалдаг нэг нь өөрийгөө
тамын ёроолд нуудаг, сайн довтолдог нэг нь тэнгэрийн өөдөөс хийсэн ирдэг. Тэгж
өөрийгөө хамгаалахдаа ялах боломжоо хардаг.

3. Ялалтыг бусад хүмүүсээс ялгаагүйгээр хардаг хүн шилдэгийг шилдэг биш. Хэн
нэг нь тулалдаанд ялалт байгуулж, Тэнгрийн доорх улсад „Сайн“ гэж магтан хэлсэн
ч шилдэгийн шилдэг байж чадахгүй.

4. Хөнгөн өд өргөхийг том хүч гэж нэрлэхгүй. Нар сарыг харваас, хурц хараатайн
шинж биш. Тэнгэр ниргэхийг сонсвол, соргог чихтэй нэг гэж тооцогдохгүй. Эртний
үед сайн тулалддаг гэж хэлдэг. Тэр хүн ялалт байгуулахад амархан үед ялдаг
байсныг хэлж буй. Тийм учраас сайн тулалддаг нэг нь эцэстээ ухааны алдар ч, эр
зоригын гавъяагуй үлддэг байв.

5. Тийм учраас: Тулалдаад ялахдаа, тэр нь тооцоотой нь зөрдөггүй байсан.
Тооцоотой нь зөрөхгүй байна гэдэг нь төлөвлөсөн бүх хэрэг нь түүнд ялалт өгөх
байж- ялагдсан хүнийг дийлдэг байж.

6. Тийм учраас: Сайн тулалддаг нэг нь өөрийн дийлдэхсгүйн байдлын сууриндээр
бат зогсож, дайснийг дарах боломжийг алддаггүй юм. Тийм учраас, сайн тулалдсан
нэг нь эхэндээ ялж байж, дараа нь тулалдаанаа эрж хайдаг байв. Ялагдах заяатай
арми эхэлж тулалдаж байж, дараа нь ялалтын боломж хайна.

7. Сайн тулалддаг нэг нь Замыг хэрэгжүүлж, Хуулийг дээдэлдэг. Тийм учраас тэр
ялалт ба ялагдлийг залж удирдаж чадна.

8. Дайний хуулийн дагуу Нэгт: Урт, Хоёрт: Хэмжээ, Гуравт: Тоо, Дөрөвт: Жин,
Тавт: Ялалт орно. Газрын шинж уртыг бий болгоно, урт нь хэмжээг бий болгож,
хэмжээ нь тоо бүрдүүлж, тоо нь жин төрүүлж, бий болсон жин нь ялалт бий
болгодог.

9. Тийм учраас: ялалт байгуулах заяатай арми нь үлгэрчилбэл: сохор зоосыг алтан
ембүүгээр тоочиж: ялагдах заяатай арми нь алтан ембүүг сохор зоосоор тоолж
дүйцүүлж байгаа юм.

10. Ялагч тулалдахад, олон мянган бээрийн өндрөөс ниргэн буух ус мэт адил
байдаг. Энэ бол хэлбэр.

5-р бүлэг
Сүр хүч

1. Сүн Цзэ хэлж
гэнэ: Олныг удирдах нь багыг удирдахтай мөн адил. Ялгаа нь хэсэг болон тоонд
оршдог юм.

2. Олныг тулалдаанд удирдаж оруулна гэдэг багыг тулалдаанд оруулахтай адил. Бүх
юм нь хэлбэр болон нэрэнд нь оршино.

3. Цэргийн хүчийг дайсантай тулахад үл ялагдах болгодог хүч нь зөв тулаан болон
зөв маневр.

4. Цэргийн цохилт нь чулуугаар өндөг цохиж хагалахтай адил; энэ бол дүүрэл ба
хоосрол юм.

5. Тулалдаанд зөв тулалдаж, ялахдаа зөв жагсаалаар ялна. Тийм учраас тулалдаанд
зөв тулалдаж чаддаг , зөв маневр хэрэглэж чаддаг нь Тэнгэр Газар мэт өргөн,
Хуанхэ Янзы мөрөн мэт дүүрэн байдаг.

6. Дуусдаг, дахин дүүрдэг- энэ бол нар сарны учир. Үхэж, дахин сэргэдэг- энэ
бол цаг үеийн жам. Таван төрлийн дуу чимээ байдаг ч, тэр таван чимээний
өөрчлөлт болгоныг сонордон мэдрэх боложгүй. Таван өнгө байдаг ч, тэр таван
өнгөний өөрчлөлтийг харж мэдэх боломжгүй. Таван амтны хэлбэр байдаг ч, тэр
таван амтны өөрчлөлтийг амсаж мэдрэх боломгжүй. Тулалдаанд зөвхөн хоёр л үйлдэл
бий: зөв тулалдаан ба зөв маневр. Зөв тулалдаан ба зөв маневр нэг нэгнээ
төрүүлэн бий болгодог. Энэ нь эцэс төгсгөлгүй эргүүлэг мэт, хэн тэрийг
дундруулж чадах бэ?

7. Хүчит мөрний урсгал чулуу турхиран эргүүлэх хүч бол сүр хүч нь юм. Харцага
шувуу гөрөөсөө хурдан цохих чадвар нь цохилтын тэнцвэр юм. Тийм учраас, сайн
тулалддаг нэгний: сүр хүч нь Хүч нь нум эвшээлгэх адил. Цохилтын тооцоо сумыг
тавих мэт.

8. Бүгд хоорондоо хутгалдаж холилдож байсан ч, эмх замбараагүй тулалдаан өрнөж
байсан ч, будлианд үл автана. Бүгд хоорондоо буцлан холилдон, жагсаалаа алдсан
байлаа ч, ялагдал үл хүлээнэ.

9. Замбараагүй байдал эмх замбараагаас үүснэ, хулчийлт зоригоос үүдэлтэй, сул
дорой байдал хүчнээс үүдэлтэй. Замбараа болон эмх замбараагүй байдал бол тоо.
Зориг болон хулчийлт бол сүр хүч, хүч ба сул дорой байдал бол хэлбэр юм.

10. Тийм учраас, дайснаа хөдөлгөж чаддаг хүн бол хэлбэр харуулахад, дайсан
түүнийг байнга дагадаг. Дайсанд өгөхөд тэр авдаг. Ашигаар горьдоож хөдөлгөн,
гэнэдүүлж түүнийг угтдаг.

11. Тийм учраас, сайн тулалддаг нэг нь хүнээс бүгдийг харалгүй, бүгдийг сүр
хүчинд хайдаг. Тийм учраас тэр хүнийг сонгож, сүр хүчнийх нь дагуу тавьдаг юм.

12. Хүмүүсийг сүр хүчинд тааруулж тавьдаг нэг нь тулалдаанд оруулахдаа мод
чулуу уруугаар өнхрүүлэх мэт оруулдаг. Чулуу модны байгаль нь газар тэгш байвал
тэд өнхрөхгүй. Хэрэв уруу газар бол тэд хөдөлгөөнд орно. Хэрэв хэлбэр нь
дөрвөлжин бол тэд хөдлөхгүй, хэрэв дугуй хэлбэртэй бол тэд өнхөрдөг.

13. Тийм учраас бусдыг тулалдаанд оруулж чаддаг хүний сүр хүч нь дугуй
хэлбэртэй чулууг уулын уруу мянган бээрийн өндрөөс түлхдэг хүний сүр хүч юмаа.

6-р бүлэг.
Дүүрэл ба хоосрол

1. Сүн Цу хэлж
гэнэ: хэн тулалдааны талбарт анхлан ирсэн нь хүчээр дүүрэн буй. Хэн тулалдааны
талбарт удаж ирнэ- тэр сульдаж доройтсон болно. Тийм учраас сайн тулалддаг нэг
нь дайснаа удирдаж, дайснаа өөрийгөө хянах боломжгүй болгодог.

2. Дайснаар өөрийг нь ирүүлэх чадвар бол түүнийг ашигаар дуудаж ирүүлэх гэнэ.
Дайснаа хажуугаар өнгөрүүлэхгүй байхыг хороор дайснаа барих гэнэ. Тийм учраас
хүчээр дүүрэн дайсныг ядрааж болно, цатгаланг ч хүртэл өлсгөж болно, бат бөх
суусан нэгнийг ч хөдөлгөж болно.

3. Дайсны зайлшгүй очих газарт нь очиж, өөрөө түүний хүлээгээгүй газар чиглэх.
Мянган бээрийг ядарч цуцалгүй туулдаг нь хүнгүй газраар явдаг.

4. Довтолж, заавал авна гэдэг бол хамгаалтгуй газар довтолоно гэсэн үг;
хамгаалах боловч, байрлалаа баттайгаар үл алдахыг түүний довтолж үл чадах
газрыг хамгаалхыг хэлнэ. Тийм учраас довтолж чаддаг нэгний өрсөлдөгч хаана нь
довтлохыг мэддэггүй; сайн хамгаалж чаддаг нэгний дайсан хаана нь довтлохоо үл
мэднэ. Нарийн ухаан! Гайхамшигтай ухаан! Яруу тодоор харуулах хэлбэр ч байхгуй.
Тэнгэрлэг урлаг! Тэнгэрлэг урлаг!- хэлж ойлгуулах үг ч алга. Тийм учраас ялагч
дайсныхаа хувь заяаны эзэн болж чаддаг юм.

5. Довтлоход дайсан эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаа бол түүний хоосонруу
довтолж буй хэрэг. Ухрахад дайсан хөөн нэхэж чадахгүй байгаа бол гүйцэxээргүй
хурдтай байна гэсэн үг.

6. Тийм учраас, би тулалдаанд орох санаатай байлаа ч, дайсан өндөр бэхлэлт
босгож, гүн шугам ухсан ч бай тэр надтай тулалдаанд орж чадахгүй. Учир нь би
түүний заавал хамгаалах хэрэгтэй хэсэг рүү нь довтолно. Би түүнтэй тулалдах
шаардлагагүй бол, би нэг газар зогсоод хамгаалсан ч, дайсан надруу довтолж
чадахгүй. Учир нь би түүнийг явж буй замаас нь өөр зүг залж буй хэрэг.

7. Тийм учраас, хэрэв би дайсанд нэг хэлбэр харуулсан атлаа, тэр харуулсан
хэлбэргүй бол би эв нэгдэлтэйгээ байж, дайсан тарж сарнина. Эв нэгдлээ
хамгаалснаар, би нэгэн нэгж байх болно. Дайсан сарниснаар арав болно. Тэр үед
нь би нэг хүчээр түүний аравны нэгийг довтлох болно. Тэгвэл бид их болж, дайсан
бага байх болно. Хэн их хүчээр багыг дарна, тэр хүнтэй тулалдах дайсан бага
байх болохоос гадна, тэднийг ялах хялбар байх болно.

8. Дайсан хаана тулалдахаа үл мэднэ. Хэрэв түүнийгээ мэдэхгүй бол түүнд
хамгаалах газар их байх болно. Хэрэв түүнд бэлэн байх газар олон бол, надтай
тулалдах хүн бага байх болно. Тийм учраас, тэр урдаа бэлэн байвал, ардаа хүч
багатай гэсэн үг. Хэрэв тэр ардаа бэлэн байвал, урд нь хүч багатай байна гэсэн
үг. Хэрэв тэр баруун жигүүртээн бэлэн байвал, зүүн жигүүртээ хүч багатай байна.
Бэлэн байх газар ихтэй боловч, хүчээ сарниулаагуй байх учиргүй. Хаа сайгүй
бэлэн байх ёстой нь бага хүчтэй. Өрсөлдөгчөө байнга бэлэн байлгадаг нэг нь
хүчтэй.

9. Тийм учраас, тулалдааны газар болон өдрийг мэдвэл, мянган бээрийн цаанаас ч
довтолж болно. Харин болох тулалдааны байршил болон өдрийг мэдэхгүй бол зүүн
жигүүрээр баруунаа хамгаалж, баруун жигүүрээр зүүнээ хамгаалж, урд эгнээ арын
эгнээг, арын эгнээ урдын эгнээг халхалж чадахгуй. Тэр тусмаа том зайнд тэр нь
харагддаг- хэдэн арван бээр, бага зайнд- хэдхэн бээр.

10. Над шиг ярьж дүгнэвэл; Юэ гүрний цэргүүд их байлаа ч, тэд нарт ялалтыг
авахад юу дутах бэ? Ийм учраас “Ялалтыг хийж болно” гэдэг. Дайсны цэрэг их
байлаа ч, түүнд тулалдах боломж өгөхгүй байж болно.

11. Тийм учраас, дайснаа шинжихдээ түүний төлөвлөгөөг нь, бүх давуу болон сул
талтай нь мэдэж авдаг. Дайсантай шөргөлцөж, түүний хөдөлгөөн ба тайван байдлийг
захирах хуулийг ажигладаг. Түүнд ямар нэгэн хэлбэр харуулснаар түүний амьдрал
үхлийн цэгийг нь мэдэж авдаг. Түүнтэй тулалдаж, хаана нь давуу, хаана нь дутагдал
бийг хардаг.

12. Тийм учраас, армид өгөх дээд хэмжээний хэлбэр нь хэлбэргүйд оршино. Хэлбэр
үгүй байхад, гүн нэвтэрч орсон туршуул хүртэл юм олж харалгүй, хурц ухаантан
хүртэл ямар нэгэн дүгнэлт хийж дөнгөхгүй. Уг хэлбэрийг ашиглан, ялалтын хэргийг
олонход даатгадаг. Олонх нь гэвч үүнийг мэдэж чадахгүй.
Бүх хүн миний ялалт олсон хэлбэрийг мэдэх боловч, ялалтыг байгуулсан зохион
байгуулалтын хэлбэрийг мэдэхгүй. Тийм учраас, тулалдаанд дахь ялалт дахин
давтагдаггүй. Тэр нь хэлбэрийн үл төгсөшгүйтэй тэнцэнэ.

13. Цэргийн хэлбэр нь устай адил: усын хэлбэр нь өндрөөс эмээж, доош тэмүүлдэг.
Цэргийн хэлбэр нь дүүрлээс эмээж, хоосныг цохьдог жамтай. Ус урсгах нь газрын
хэлбэрээс шалтгаалдаг; цэрэг ялалтыг дайснаас шалтгаалж байгуулдаг.

14. Тийм учраас цэрэг байнгын хүч гэж үгүй. Усанд тогтмол хэлбэр гэж үгүй.
Дайснаас шалтгаалан өөрчлөлт хувиралтыг эзэмшин, ялалт байгуулж сурсан нь
бурханлаг нэгэн гэж дуудагддаг.

15. Тийм учраас, байгальд байнгын ялдаг махбодь гэж үгүй. Жилийн дөрвөн улирлын
байнгын тогтмол гэж үгүй. Наранд урт удаан гэж бий, саранд амьдрал ба үхэл гэж
бий.

7-р бүлэг
Дайн дахь тэмцэл

1. Сүн Цу хэлж
гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ
бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд
тэмцэл шиг хэцүү юм үгүй.

2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг
хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар
самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх
арга ухааныг ойлгож байна.

3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг
хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, зорилгодоо хүрдэггүй. Мөн ашиг
хонжооны төлөө их цэргээ орхивол, арын хангамжийн хүч алдагдана.

4. Зуун бээрийн тэртээгээс хөө хуягаа тайлан хөнгөлж, өдөр шөнөгүй, мөн
чиглэлээ уртасган, нүүдлээ хурдасган яаруулбал бүх гурван их цэргийн хүчний
жанжид дайсны олзонд алдагддаг. Хүчтэй нь явж, сул нь хоцорно- улмаар хамаг
хүчнээс аравны нэг хүрэх газартаа хүрдэг. Ашгийн төлөө 50 бээрийн цаанаас
довтолбол, цэргийн хүчнээс хагас нь хүрэх газартаа хүрдэг. Гучин бээрийн
цаанаас тэмцэхэд, гуравны хоёр нь байрандаа хүрдэг.

5. Цэргийн хүчинд хангамжийн хүч байхгүй бол, цэргийн хүч сүйрнэ. Хоол хүнс
үгүй бол сүйрнэ, сэлгээ үгүй бол мөхнө.

6. Тэр учраас тайж нарын бодож буйг мэдэхгүй бол, холбоо сүлбээ босгож
чадахгүй. Байдлыг ба уул ус, мод, жалга хонхорхой, уул хадны уруу намыг ба
намаг шавхайтай байршил мэдэхгүй нэгэн цэрэг хөтлөн явж чадахгүй. Нутгийн замчидтай
холбоо тогтоогоогүй нэгэн газар зүйн байршлын давуу тал ашиглаж чадахгүй.

7. Дайнд хуурмаг байдлыг сонгож, ашигтайгаар сэтгэж, хуваалт ба нийлэлтийн
өөрчлөлтийн дагуу өөрчлөлтөө явуулдаг.

8. Салхи мэт хүчтэй; ой мод мэт аажим тайван, гал мэт хоослон шатааж, уул мэт
нам тайван, харанхуй мэт битүүлэг, хөдөлгөөн бүр аянга ниргэх мэт.

9. Тосгон дээрэмдэхэд цэргийн хүчээ хуваана; газар нутаг эзэмдэхэд өөрийн
хүчээр ашигтай газар эзэлнэ.

10. Бүгдийг сайтар бодож тунгаан хөдөлдөг. Хэн чиг ба тойруу замын арга барил
мэднэ үү- тэр нь л ялна. Энэ бол дайн дахь тэмцлийн эрдэм юм.

11. Их Цэргийн Удирдах сударт бичсэн байдаг: нэг нэгэнтэйгээ ярьлаа ч, юу ч
сонсохгүй. Тэр учраас бөмбөр хэнгэрэг бэлддэг. Нэг нэгнээ хардаггүй, тэр учраас
туг дарцаг бэлддэг” гэж. Бөмбөр хэнгэрэг, туг дарцаг хүмүүсийг хооронд нь
нийлүүлж, нүд чихийг нэгэн чигт чиглүүлдэг. Бүгд нэг юманд төвлөрч, зоригтой нь
ганцаараа урагшаа гарч чадалгүй, хулчгар нь ганцаараа зугтаж үл чадна. Энэ бол
олныг удирдах эрдэм юм.

12. Тэр учраас мөн шөнийн тулаанд олон гал асааж ба бөмбөр нүддэг. Үүгээр
дайсны чих нүдийг төөрөгдөлд оруулж, дайсны цэргийн сүнсийг нь, жанжных нь
зүрхийг үхүүлж болно.

13. Өглөөгүүр цовоо сэргэлэн, өдөр нь нозоорон залхуурч, шөнө нь гэртээ харих
бодолд автдаг. Дайтаж чаддаг нэгэн, дайснаа өглөөгүүр цовоо сэргэлэн байх үед
тулахаас сэргийлж, залхуурч нозоорсон эсвэл гэртээ харих бодолд автсан үед
довтолдог. Энэ бол сэтгэлийг залан удирдах эрдэм.

14. Эмх цэгцтэй байдалд эмх цэгцгүй байдал хүлээнэ, тайван байдалд үймээн хүлээнэ;
энэ бол зүрхийг залан удирдах эрдэм юм.

15. Ойр байж, хүчээ сойн холыг хүлээнэ, бүрэн хүчтэй байж ядарсныг хүлээнэ,
өөрөө цатгалан байж өлөнгүүдийг хүлээнэ. Энэ бол хүчийг залах эрдэм юм.

16. Дайсны бүрэн бүтэн жагсаалын эсрэг бүү довтол; дайсны туг эзлэх боломжгүй
үед бүү дайр; энэ бол өөрчлөлтийг залан удирдах эрдэм юм.

17. Дайтах эрдмийн дүрэм бол: дайсан өндөрлөг газар дээр байвал чигээр бүү
дайр. Түүний ард өндөрлөг байвал өөдөөс нь харж бүү байрла. Хуурамчаар зугтаж
байвал бүү дага. Өгөөш өгч байвал, бүү ав. Дайсны цэрэг гэртээ харьж байвал,
бүү зогсоо. Дайснаа бүсэлбэл нэг талыг нь нээлттэй орхиж бай. Дайсны цэрэг
гарцаагүй байдалд орсон байвал бүү шах. Энэ бол дайтах эрдмийн дүрэм юм.

8-р бүлэг
Есөн өөрчлөлт

1. Сүн Цу хэлж
гэнэ: дайтах эрдмийн дүрэм бол: Жанжин Эзэн Хааныхаа тушаалыг авч, цэргээ
бүрдүүлнэ гэж.

2. Замгүй газар бүү буудаллаж бай. Уулзвар газар хөрш ноёдтой холбоо байгуулж
бай. Усгүй хоосон цөл бүү уд. Бүслэлтийн газар сэтгэж бай. Үхлийн байршилд
тулалдаж бай.

3. Туулдаггүй зам гэж бий, мөн довтолж оролддоггүй цэргийн хүч гэж бий. Мөн
эзэлж тулалдах ашиггүй цайз гэж бий, мөн Эзэн Хааны зөрчих ёстой зарлиг гэж
байна.

4. Есөн өөрчлөлтийн ашгийг ухаж ойлгосон жанжин, дайтах эрдмийг мэднэ. Есөн
өөрчлөлтийн ашгийг гүйцэд ойлгоогүй жанжин, газар зүйн онцлогийг мэддэг ч
гэсэн, бүрэн ашиглаж чадахгүй. Есөн өөрчлөлтийн эрдмийг мэддэггүй жанжин бол,
Таван ашгийг мэддэг ч байсан хүнийг удирдах чадвар суралцахгүй.

5. Ухаантай хүний үйлээ сайтар тунгааж бодохдоо, ашиг ба хохирол хоёрыг нийлүүлдэг.
Ашигтай хор уршиг нийлүүлэхээр чармайлт ямар нэгэн үр дүнд хүргэдэг. Мөн хорыг
ашигтай нийцүүлснээр, гамшгийг арилгаж болно. Тайж нарыг өөртөө хороор тогтоож,
хүчээр өөртөө үйлчлүүлж, ашгаар нэгэн зорилго руу тэмүүлүүлдэг.

6. Дайны эрдмийн дүрэм бол, дайсныг ирэхгүй гэж найдах бус, харин би түүнийг
юутай угтаж авах бэ юм. Түүнийг довтлохгүй болов уу гэж найдвар үгүйгээр,
түүний довтолгоог боломжгүй болгох юм.

7. Жанжинд таван аюул бий: тэр заавал үхэх гэж зүтгэвэл тэр алуулж мэднэ.
Заавал амьд үлдэхийг хичээвэл, тэр олзлогдож мэднэ. Хурдан ууртай бол, түүнийг
хүмүүс зэвүүцнэ. Өөртөө хэт их шаардлага тавьдаг бол, доромжлуулж мэднэ. Хүнд
хайртай бол, түүний хүчийг сулруулж мэднэ.

8. Энэ таван аюул бол жанжин хүний дутагдал ба дайны явцад гардаг гамшиг юм. Их
цэргийг бут цохиж, жанжныг уг таван аюулаар устгадаг. Үүнийг сайтар ойлгох
хэрэгтэй.

9-р бүлэг.
Аян дайн

1. Сүн Цу хэлж
гэнэ: цэргийн байрлал ба дайсныг ажиглах нь дараахад оршино:

2. Уул давж байхдаа заавал хөндийг дагаж, өндөрлөгт байрлаж, наран талыг сайтар
ажиглан байрлаж бай. Өндөрлөгт байрлах дайсантай битгий өөдөөс нь дайрч бай.
Энэ бол уулан дахь цэргийн байршил.

3. Гол гаталж байвал, голоос холуур байршилж бай. Дайсан гол гаталж байвал,
голд байхад нь бүү довтол. Тал нь гарахыг хүлээж, дараа нь цохивол зүгээр. Мөн
чи тулалдаанд орохыг хүсэж байвал, өндөрлөг дээр байрлаж, наран талыг
анхааралдаа аваарай. Урсгалын эсрэг бүү зогс. Энэ бол голын хажууд цэргийг
байрлуулах юм.

4. Намаг давахдаа, хурдан гатлахыг хичээ, бүү уд. Намагт тулалдах болбол, зүлэг
ус байхаар, мөн ардаа ой модтой байхаар байршлаа эзэл. Энэ бол намаг дунд
цэргээ байршуулах.

5. Тал нутагт тэгш газарт: баруун тал ба ард өндөрлөгүүд байхаар байрла. Тэгвэл
чиний урд уруу, ард өгсүү байг. Энэ бол тал нутагт цэргээ байрлуулах юм.

6. Энэ дөрвөн цэргээ ашигтайгаар байрлуулах арга Хуандид дөрвөн Эзэн Хаадыг
дарах ялалт авчирсан юм.

7. Их цэрэг өндөр газарт дуртай, уруу нам газарт дургүй, мөн нарны гэрлийг
сайшаан сүүдрээс холдож, амин бодож хатуу дээр байршил авбал цэргүүдийн дунд
өвчин үүсэхгүй. Энэ бол гарцаагүй ялах юм.

8. Өндөрлөг ба толгодын хажууд байрлавал, наран талд нь байршлаа ав. Бусад
өндөрлөг ба толгод хойно ба баруун талд байвал газар зүйн тусламж юм.

9. Голын эхэнд бороо орж, ус хөөсөрч байвал, гатлах хүн нь бүү яараг- голыг
тайвшрахыг хүлээх хэрэгтэй.

10. Хэрэв тухайн газар байгалийн хавх, мөн хавцал, гүн жалга ба мухар байвал,
түүнээс хурдан зайлсxийж, дайснаа нуруугаар нь түүнд ойртуул. Тулахдаа дайсны
ард мухрыг оруулах хэрэгтэй.

11. Хэрэв цэргийн аянд замд нь жалга, бургас ба ой мод байвал, сайтар тагнан
ажиж үз. Энэ бол дайсны отдог ба тагнадаг газар байж мэднэ.

12. Хэрэв дайсан миний ойр байгаа боловч, тайван байвал байгалийн хамгаалтад
найдаж байна гэсэн үг. Дайсан надаас хол боловч, намайг тулаанд дуудаж байвал,
намайг давшихыг хүсэж байна гэсэн үг. Хэрэв дайсан тэгш газар байрласан бол,
өөрийн ашиг сонирхолтой гэсэн үг.

13. Мод хөдөлбөл тэр ойртож байна. Зүлгэн хана босгосон бол, төөрөгдөлд оруулах
гэж буйн шинж. Шувууд хөөрвөл, отолт ойртож буйн шинж. Амьтан айж үргэвэл, хэн
нэгэн нуугдаж буйн шинж. Тоос дээгүүр босож байвал, байлдааны тэрэг ойртож буйн
шинж, тоос доогуур намирч байвал явган цэрэг ойртож буйн шинж. Олон газар нэг
дор бөөн тоос босож байвал, шатахуун түүж буйн шинж. Энд нэг, тэнд нэг багахан
хэмжээгээр босож байвал, буудаллаж буйн шинж.

14. Дайсны үг номхон дөлгөөн боловч, хүчээ зузаатгаж байвал довтолж буйн шинж.
Хэрэв үг нь онгироо, мөн бардам байж, өөрөө урагшаа зүтгэж байвал, ухарч буйн
шинж. Хэрэв хөнгөн морин тэрэг урагшаа гарч, харин цэрэг хоёр талд нь байрлавал
байлдааны жагсаал авч буйн шинж. Хэрэв тэр сульдаж дордоогүй боловч, энх
тайвныг хүсвэл түүнд ямар нэгэн далд бодол буйн шинж. Хэрэв цэргүүд нь гүйлдэж,
тэргээ үрж эхэлбэл цаг нь ирсний шинж. Хэрэв тэр нэг ухарч, нэг довтолж байвал
өгөөш өгч буйн шинж. Цэргүүд нь зэвсгээ тулан зогсож байвал өлсөж буйн шинж.
Хэрэв ус авч, өөрсдөө ууж байвал цангаж буйн шинж. Хэрэв дайсан ашиг харсан
боловч, довтлохгүй байвал, ядарсны шинж.

15. Хэрэв шувууд сүргээрээ цуглан хурж байвал, хүн байхгүй гэсэн үг. Хэрэв
буудалласан дайсан шөнө дунд нэг нэгнээ дуудаж байвал айж буйн шинж. Дайсны
цэрэг дэг журмаа алдаж байвал, жанжнаа хүндэтгэдэггүйн шинж. Хэрэв туг нь байн
байн шилжин солигдож байвал, замбараагүй байдал үүссэний шинж. Түүний цэргийн
дарга нар цэргээ загнаж байвал, цэргүүд ядарсны шинж. Адуундаа буудай өгч,
өөрсдөө мах идэж, дарсны лонхоо модонд өлгөж, буудаллаж гал асаахгүй байвал
туйлдаа хүрсэн дээрэмчдийн шинж.

16. Хэрэв жанжин эелдгээр зөөлнөөр цэргүүдтэйгээ харьцаж байвал, цэргээ алдсаны
шинж. Шагнал баруун зүүнгүй тарааж байвал, цэрэг нь хэцүү байдалд орсны шинж.
Хэрэв шалтгаангүйгээр шийтгэж байвал, цэрэг маш хүнд байдалд орсны шинж. Хэрэв
жанжин эхэндээ цэргүүдтэйгээ хэрцгий харьцаж, дараа нь өөрийн цэргээсээ айж байвал,
дайны эрдмийн үл ойшоохын оргил мөн.

17. Хэрэв дайсан золионы хүн явуулж, уучлал гуйвал амьсгаа авах хэрэгтэйн шинж.
Хэрэв түүний их цэрэг уур хилэнгээр дүүрсэн боловч, чиний өөдөөс зогсон
хөдлөхгүй байвал, маш анхааралтайгаар түүнийг аж.

18. Цэргийн тоог байнга өсгөхөд биш. Байнга цэргийн хүчээр довтлуулж байж
болохгүй. Дайснаа дарах их биш, бага биш, хэрэгцээтэй тооны хүн авч явах
хэрэгтэй; үүнд: цэргийн хүчээ зузаатгаж, дайснаа зөв үнэлэх хэрэгтэй. Хэрэгт
бодолгүй хандаж, дайсандаа бардамнан үл тоомсролно уу- тэр заавал дайсныхаа олз
нь болно.

19. Хэрэв цэргүүд чамд наашгүй хандаж, чи тэднийг шийтгээд байвал- тэд чамд
захирагдахаа больж, чи тэднийг зөв ашиглаж чадахгүй. Хэрэв цэргүүд чамд нааштай
хандаж, чи шийтгэл явуулахгүй байвал, чи тэднийг зөв ашиглаж чадахгүй.

20. Тийм учраас: тэдэнд иргэний үүргийг нь сануулж нөлөөл. Чамд нэг хүн шиг
захирагддаг болгохын тулд, цэргийн үүргийг нь сануулан нөлөөл.

21. Хууль зарлиг гаргаж, мөрдөгдөж байвал, хүн ард чамд захирагдана. Хэрэв
хууль зарлиг гаргахад мөрдөгдөхгүй, хүн ард чамд захирагдахгүй байвал, чиний
хэлснийг хүн ард мөрдөхгүй. Хэрэв хууль зарлиг ойлгомжтой ба итгэлтэйгээр
хүлээн авагдвал, чи хүн ард хоёр нэг нэгнээ олсон гэсэн үг.

10-р бүлэг
Газрын хэлбэр

1. Сүн Цу хэлж
гэнэ: Газар ус дараах шинж чанар агуулсан байдаг: нээлттэй, уруу, ээдрээтэй,
хөндийрхэг, уулархаг ба тэгш байдаг.

2. Би болон дайсан чинь ирж чадаж байвал, энэ газрыг нээлттэй гэнэ. Нээлттэй
газар өндөрлөг газрын наран талд нь байрлаж, хүнс залгах замыг нээлттэй байлга.
Энэ байдалтай тулаан эхэлбэл ашигтай.

3. Явахад амар, буцахад хэцүү газрыг налуу гэж нэрлэнэ. Налуу газар дайснаа
бэлэн биш байхад дайрвал ялна. Гэвч дайсан тулаанд бэлэн байвал, довтолсон ч
дийлэхгүй. Буцахад маш хүндрэлтэй, мөн ашиггүй.

4. Надад мөн дайсанд довтлох ашиггүй бол, энэ газрыг ээдрээтэй гэнэ. Ээдрээтэй
газар дайсан ашиг харуулсан ч бүү довтол.
Цэргээ холдуулаад, дайсан өөрөө орж ирэхийг хүлээ. Талыг нь оруулж ирсний дараа
цохивол, чамд ашигтай.

5. Хөндийрхэг газар, заавал хамгийн түрүүнд өөрөө бүхлээр нь эзлээд хүлээж бай.
Дайсан чамайг түрүүлж эзлэвэл, хойноос нь бүү ор. Талыг нь эзэлсэн бол, араас
нь дага.

6. Уулархаг газар өндөрлөг газрын наран талыг эзлээд, дайснаа хүлээ. Дайсан тэр
газрыг түрүүлж эзэлсэн бол, хойноос нь бүү дага- цэргээ холдуул.

7. Холорхог газар хүч тэнцүү бол дайснаа тулаанд дуудах хэцүү. Тулаан эхэлбэл
чамд ашиггүй.
Энэ газрын зургаан шинж чанарын сургаал юм. Жанжны хамгийн тэргүүн дээд зорилго
бол үүнийг ойлгоход оршдог юм.

8. Цэрэг хэтэрхий хурдан ухрах үед, цэрэг самууран ялзарч, эцэстээ дайсны гарт
ордог; нурж сүйрдэг; үймээнд автагддаг; зугтдаг. Энэ зургаан гамшиг бол
байгалиас хамааралтай биш, харин жанжны түмэн алдаа.

9. Арваны нэг тохиолдолд цэрэг хурдан ухрах нь ойлгомжтой болдог: хэрэв цэрэг
нь хүчтэй боловч, дарга нар нь сул байвал цэрэг нь самуурсны шинж. Хэрэв цэрэг
сул, дарга нар нь хүчтэй бол цэрэг дайсны гарт орохын шинж. Бага дарга нар дээд
даргадаа уурлаж, өөрийн дураар тулаан эхэлж байвал жанжин нь авьяас чадварыг нь
мэдэхгүй байгаагийн шинж. Энэ нь цэргийн хүч самууран нурж буйн шинж. Мөн
жанжин сул дорой ба зөөлөн, цэргийн бэлтгэл ойлгомжгүй, мөн бага дарга цэрэг
нарт тогтмол юм гэж үгүй, цэрэг жагсахад бүх юм буруугаар эргэж байвал цэрэг
замбраагаа алдсаны шинж. Мөн жанжин дайснаа үнэлж чадалгүй, сул дорой мөн
шилдэг цэргийн салаагүй байвч хүчтэй цэргийн эсрэг дайрвал, тэр довтлох цэрэг
гарцаагүй зугтана.
Энэ зургаан сургаал дайсны ялагдлын шинж юм. Жанжны тэргүүний дээд зорилго нь
үүнийг ухаж ойлгоход оршино.

10. Газрын онцлого нь зөвхөн цэргийн туслалцаа юм. Дээд жанжны эрдэм бол
дайсныг зөв үнэлж, ялалтыг зохион байгуулж, газар зүйн онцлого ба зайг
тооцоолох юм. Тулалдааныг мэдэн байж хийвэл, заавал ялна; мэдэлгүй тулалдаанд
орвол, лавтай хожигдоно.

11. Дайны эрдмийн дагуу заавал ялах гэж буувал, Эзэн Хаан бүү тулалд гэж зарлиг
буулгасан ч заавал тулалд. Хэрэв дайны эрдмийн дагуу ялагдал буувал, Эзэн Хаан
тулалд гэж зарлиг буулгасан ч, бүү тулалд.

12. Довтлохдоо өөрийн алдар гавьяаг бодолгүй, ухрахдаа шийтгэлээс зугтддаггүй,
зөвхөн ард түмнийхээ мөн Эзэн Хааныхаа эрх ашгийг боддог жанжин бол төрийн
эрдэнэ юм.

13. Цэргүүдээ хүүхэд мэт харж байвал, хамгийн гүн хавцалд ч хамтдаа орж чадна;
хайрт хөвгүүдээ мэт харж байвал үхэлд ч хамтдаа явж болно. Гэвч тэд нарыг хэт
их хайрлавал тэднийг ашиглаж чадахгүй; үймээн үүсвэл дарж чадахгүй- учир нь тэр
дуулгаваргүй хүүхэд мэт болж, тэднийг ашиглах боломжгүй болно.

14. Хэрэв цэргүүдтэйгээ дайсан уруу довтолж болно гэдгийг харах боловч, дайсныг
довтолж болохгүй гэдгийг харж чадахгүй бол ялалтын талыг нь л амсана. Хэрэв
дайсныг довтолж болох боловч, өөрийн цэргүүдтэйгээ довтолж болохгүй гэдгийг
харва, ялалтын талыг нь амсана. Хэрэв дайсныг довтолж болох, мөн өөрийн
цэргүүдтэйгээ довтолж болно гэдгийг олж харсан боловч, довтолж болдоггүй газрын
шинжийг үл анзааран, довтолбол ялалтын хагасыг амсана.

15. Дайныг мэддэг нэгэн хөдөлсөн ч алдахгүй, боссон ч гаа барцад учрахгүй.

16. Хэрэв өөрийгөө мөн дайснаа мэдэж байвал ялалт холгүй. Хэрэв үүнд мөн Тэнгэр
Газрыг танин мэдэж байвал ялалт
гарцаагүй болно.


11-р бүлэг
Газрын есөн шинж
1. Сүн Цу хэлж
гэнэ: энэ бол дайны эрдэм: тарахын газар, тогтворгүй газар, ээдрээтэй нутаг,
холилдох нутаг, уулзвар нутаг, бартаат нутаг, замгүй нутаг, бүслэлтийн нутаг ба
үхлийн нутаг гэж бий.

2. Ноёд өөрийн нутагтаа тулалдвал, задран тарахын газар гэнэ. Харин нутаг орж,
гүн орохгүй байвал тогтворгүйн нутаг. Хэрэв би нэгэн нутаг эзэлж, надад тэр нь
ашигтай, мөн дайсан тэр нутгийг эзэлж түүнд мөн адил ашигтай байвал ээдрэтэй
нутаг гэнэ. Хэрэв би мөн дайсан гарч чадаж байвал, холилдох нутаг гэнэ. Хэрэв
ноёны нутаг бүх гурван талынх бол, хэн тэрийг хамгийн түрүүнд эзэгнэнэ үү, тэр
Тэнгэрийн Улсыг бүхлээр нь захирна- энэ бол уулзвар нутаг юм. Хэрэв дайсны
нутагт гүн орж, ардаа хамгаалалт бэхлэлт сайтай хот үлдээж байвал, хурцадмал
байдлын нутаг; хэрэв уул ус хад чулуу, намаг шавхайг даван туулж байвал замгүй
нутаг мөн. Хэрэв ухрах зам тойруу, мөн дайсан бага хүчээр ихийг довтолж болдог
нутаг бол бүслэлтийн нутаг гэнэ. Хэрэв тулалдаанд хурдан орж амьд мэнд үлдэж,
тулалдаан удаж байж орвол мөхдөг нутаг бол үхлийн нутаг.

3. Тэр учраас: задран тарахын нутаг бүү тулалд. Тогтворгүй газар бүү зогс.
Ээдрээтэй нутагт бүү ор, холилдох нутагт холбоо бүү тасал. Уулзвар нутагт
холбоотон хай, эрсдэлтэй нутагт дээрэмдэж тоно, замгүй нутгаар яв, бүслэлтийн
нутагт сэргэлэн бай, үхлийн нутагт тулалд.

4. Эртний цагт сайн тулалддаг нэгэн, дайсны урд эгнээг хойд эгнээний холбоог
тасалж чаддаг байсан. Мөн бага хүч нь их хүчээ, их хүч нь бага хүчээ дэмжиж
чадалгүй, дээд гаралтай нь доод гаралтайгаа аварч чадалгүй, язгууртныг нь
ардуудтай нь нэгдүүлэлгүй, дайсныхаа цэргийг нэг нэгнээс нь тасалж, жагссан ч
нэгдмэл байлгадаггүй байсан. Ашиг харуулан хөдөлгөж, ашиггүй бол байран дээр
үлдээдэг байсан.

5. Ийнхүү хичээнгүйлэн асууя: хэрэв дайсны их хэмжээний цэрэг мөн бүрэн
жагсаалаар ирвэл, юугаар угтан авах бэ? гэж. Хариулья: хамгийн түрүүнд түүний
хамгийн үнэтэй зүйлийг нь булаа. Хэрэв булааж чадвал, тэр чамд дуулгавартай
болно.

6. Дайнд хамгийн түрүүнд хурд чухал. Түүний хүрсэн зорилгыг нь өөрийн болгож,
түүний санаагүй замаар явж, хүлээгээгүй газар нь дайрах хэрэгтэй.

7. Зочноор айлд зочилбол, дайсны нутагт аль болгон гүн нэвтэрч, санаа бодлоо
нэгэн чигт хандуулах хэрэгтэй гэж, дайны дүрэм ийнхүү хэллээ. Тэгвэл эзэн нь
дийлэхгүй.

8. Тарган цатгалан тариалан талбай дээрэмдэн тонож байвал, өөрийн цэргийн
хүнсийг хангалттай байлга. Цэргүүдээ сайтар анхаарч, бүү ядраа. Сэтгэлийг нь
нэгтгэж, хүчийг нь холбо. Цэргүүдээ нүүлгэхдээ, хамаг төлөвлөгөөг өөрийн
тооцооны дагуу хэрэгжүүлж, хэнийг ч тэр төлөвлөгөөнд бүү оруул.

9. Цэргүүдээ гарцаагүй байдалд шахан оруулж, тулбал амьд үлдэж, зугтвал үхэхээр
байдалд оруулж бай. Хэрэв тэд үхэхээс айвал, яаж ялалтад хүрэх билээ. Цэрэг
ардууд бүх хүчээ шавхана. Цэргүүд үхлийн аюулд тулбал тэд юунаас ч айхгүй. Гарц
үгүй бол тэд бат бөх зогсдог. Дайсны нутаг орвол, тэднийг юу ч зогсоож
дийлэхгүй. Арга барагдсан үед тэд тэмцэнэ.

10. Энэ учраас цэргүүд өөрсдөө сонор сэрэмжтэй болж, ямар нэгэн шахалтгүйгээр
хүч орж, ямар нэгэн яриагүй хоорондоо эвтэй болж, ямар нэгэн тушаалгүй
жанжиндаа итгэдэг.

11. Хэрэв эргэлзээ тээнэгэлзэл хоривол цэргүүд үхэн үхтлээ ухаанаа
сатааруулахгүй.

12. Хэрэв цэргүүд “Эд хогшил хэрэггүй” гэж байвал, тэд эд хогшилд дургуй гэсэн
үг биш. Хэрэв цэргүүд “Амьдрал хэрэггүй” гэж байвал, амьдралд хайргүй гэсэн үг
биш. Тушаал ирэхэд, цэрэг даргаггүй уйлж, суугаа нэгний нулимс эрүүгээр нь
урсаж, хэвтээ нэгний нулимс захаар нь урсана. Гэвч хүмүүсээ гарцаагүй байдалд
оруулбал, тэд Жуан Чу ба Цай Куй мэт эр зоригтой болдог.

13. Дайныг сайн явуулдаг хүн шуайжан могой мэт байдаг. Шуайжан бол чаншаны
могой юм. Түүнийг толгойруу нь цохивол, тэр сүүлээр цохидог. Сүүлрүү нь
цохивол, толгойгоороо хатгадаг. Гол уруу нь цохивол, толгой ба сүүлээрээ
цохидог.

14. Ийнхүү асууж зүрхэлье: цэргээ чаншаны могой мэт болгож болох уу? Хариу
өгье: болно. Ү ба Юэ гүрэн нэг нэгэндээ дургүй- хэрэв тэд нэгэн завинд сууж,
гол гатлахад шуурга болбол, баруун гар зүүнээ аврах мэт тэд нэг нэгнээ аврах
болно.

15. Энэ учир шалтгаанаар агт морьдоо чөдөрлөөд, байдлааны тэрэгний дугуйг газар
буллаа ч гэсэн, үүнд найдаж болохгүй. Цэргүүдээ зориг тэмүүлэл нэгэн чиг
зүглэсэн байвал жинжэнэ дайны эрдэм юм.

16. Тэгвэл хүчтэн ба сүл дорой нь нэгэн дор зориг орвол, газрын шинж юм. Хэрэв
эрдэмтэй жанжин цэргээ нэг хүүхэд мэт дагуулан, нэг хүн мэт барьж чадаж байвал-
гарцаагүй байдал үүссэн гэсэн үг.

17. Жанжны үүрэг: тэр үргэлж тайван тогтуун байж, бусдад нууц үлдэх ёстой. Мөн
сахилга баттай байж, бусдад үлгэр дууриалал байх ёстой. Тэр өөрийн бага дарга
цэргүүдийнхээ чих нүдийг хуурч, ямар нэгэн юм мэдхээс хорьдог. Өөрийн бодлоо ба
төлөвлөгөөгөө өөрчилж, бусадд мэдүүлэх ёсгүй. Мөн байршлаа байн байн сольж,
бусдад сэтгэх цаг өгөх ёсгүй.

18. Цэргүүдээ дагуулахдаа, өндөрдээр гарч, араасаа шатаа авах мэт байдалд
оруулах хэрэгтэй. Хэрэв тайжийн нутаг орж, шийдэмгийгээр усан онгоцоо ба
тогоогоо хагалах хэрэгтэй. Цэргээ хонин сүрэг мэт дагуулан, наашаа гэвэл наашаа
ирдэг, цаашаа гэвэл цаашилдаг, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байх ёстой. Хамаг
цэргээ цуглуулж, аюулд өртүүлэх хэрэгтэй- энэ бол жанжны эрдэм юм.

19. Есөн нутгийн өөрчлөлт, агшилт ба суналтын ашиг, хүний мэдрэмжийн хууль энэ
бүгдийг сайтар ойлгох хэрэгтэй.

20. Хэрэв дайсны нутаг гүн орвол, нэг юманд сэтгэл санаагаа төлөврүүлдэг. Хэрэв
гүн орохгүй бол, ухаан самуурдаг гэж дайны эрдэмд заадаг.
Өөрийн нутгаас гарч дайтвал, хил давсан цагт эргэн буцалтгүй нутаг болно. Хэрэв
зам тал тал тийшээ нээлттэй байвал уулзвар нутаг мөн. Хэрэв дайсны нутагруу гүн
орвол, аюулын нутаг мөн. Хэрэв гүн ордоггүй нутаг бол, тогтврогруйн нутаг.
Хэрэв ард давах боломжгуй бартаа, урд нарийн хавцал байвал бүслэлтийн нутаг
мөн. Хэрэв явах газар үгүй бол- үхлийн нутаг мөн.

21. Энэ учраас би задралын нутагт бүгдийг нэгтгэж, тогтворгүй нутаг харилцаа
холбоогоо сайжруулж, ээдрээтэй нутагт дайсныхаа дараа очиж, холилдох нутагт
хамгаалалтандаа анхаарлаа хандуулж; уулзвар нутагт холбоогоо бататгаж; бартаат
нутагт хүнсний тасралтгуй хангалт залгаж; замгүй газар зам тавьж; бүслэлтийн
газар гарцыг өөрөө бөглөж; үхлийн нуагт цэргүүддээ хэн ч амьд үлдэхгүй гэж
ойлгуулна. Цэргүүд бүслэгдсэн тохиолдолд, биеэ хамгаалж эхлэнэ; гарцаагүй
байдалд орохоор тэд тулалдана. Хэрэв байдал маш хэцүү бол тэд захирагдана.

22. Тайж нарын бодож байгааг мэдэхгүй хүн бол холбоотон болж чадахгүй. Хэрэв
уул ус, хад чулуу, жалга, намаг мэдэхгүй байвал, тэр цэргээ дагуулж чадахгүй.
Хэрэв нутгийн замчидтай харилцаа тогтоохгүй бол, газрын давуу талыг ашиглаж
чадахгүй,

23. Энэ есөн зарчмын нэгийг нь ч мэдэхгүй бол, даян цэрэг байж чадахгүй.

24. Хэрэв даян цэрэг том улс гүрний эсрэг довтолбол, тэр хүчээ цуглуулж
чадахгүй. Хэрэв даян цэрэг дайсны эсрэг эргэвэл, тэр холбоотон олж чадахгүй.

25. Тэр учраас даян хаан холбоотны араас хөөн мөрдөж, Тэнгэрийн Улсад эрх мэдэл
хуримталдаггүй. Тэр зөвхөн өөрийн сэтгэлийн тэнхээгээ тархааж, дайсандаа сүр хүчээрээ
нөлөөлдөг. Энэ учраас тэр цайз балгас эзэлж, төрийг унагаж чадна.
26. Тэр энгийн хуулийг даган шагнал тараадаггүй. Энгийн захиргааны хууль зарлиг
буулгадаггүй. Тэр цэргээ нэг хүн мэт залан удирддаг. Цэргийн тухай ярьвал,
ажлын тухай ярь, тодорхойлоод хэрэггүй. Цэргээ удирдахдаа алдагдал биш, ашгийн
тухай ярьж бай.
27. Цэргүүдийг үхлийн ирмэгт хүргэсний дараа тэд амьд үлдэнэ, тамын ероолд
хаявал тэд амьдарна; зөвхөн гай барцад тохиолдосны дараа тэд тулааны эцсийг
шийдвэрлэнэ.

28. Дайны эрдэм бол дайснаа төлөвлөгөөнийх нь дагуу явуулж, сайтар ажиглахад
оршдог. Дараа нь ямар нэгэн юмандээр санаагаа төлөврүүлж, мянган бээрийн цаана
ч байсан, жанжныг нь устгахад оршино. Энэ бол эрдмээ чадварлаг хэрэгжүүлэх юм.
29. Энэ учраас, аян дайнд гарахдаа хамаг хилээ хааж, гаднаас хүн орж гарахыг
хорино. Эзэн Хаан өөрийн зөвлөлдөө хуралддаг тул, дайны хамаг бурууг жанжнаасаа
асууна.

30. Хэрэв дайсан нээгдэж хаагдаж эхэлбэл, эрчимтэйгээр түүн уруу довтол. Хурдан
түүний үнэтэй болгоныг эзэлж, аяар түүнийг хүлээ. Нэг зорилгыг дагаж, дайснаа
мөрд. Энэ маягаар дайныг шийднэ.

31. Энэ учраас гэмгүй бүсгүй мэт бай, тэгвэл дайсан үүдээ нээнэ. Дараа нь сул
тавьсан туулай мэт бай- тэгвэл дайсан чамайг гүйцэхгүй.

12-р бүлэг
Галт довтолгоо

1. Сүн Цу хэлж
гэнэ: галт довтолгоо таван төрөл байдаг: хүн шатаах; хүнс шатаах; хангамжийг
шатаах; агуулаг шатаах; зуутыг шатаах.

2 . Галаар ажиллахад шалтгаан хэрэгтэй. Галт довтолгоонд шатахуунаа эхэлж
бэлдэх хэрэгтэй. Галдахын тулд зөв цаг сонгох хэрэгтэй; мөн гал дуудахад зөв
өдөр сонгох хэрэгтэй. Хуурайшвал цаг нь мөн, сар Ци, Би ба И, Жэн хэлбэрт
ороход өдөр нь мөн. Сар ийм байхад, их салхитай байдаг.

3. Галт довтолгоонд таван төрлөөр дэмжих хэрэгтэй: Дотор гал гарвал, гаднаас нь
дэмжинэ. Хэрэв гал гарсан боловч, дайсан хөдлөхгүй байвал хүлээ, бүү довтол.
Хэрэв гал оргилдоо хүрч, боломжтой бол араас нь ор. Хэрэв довтолх боломжгуй
бол, хүлээ, бүү дайр. Хэрвээ гаднаас гал тавих боломжтой бол, дотроос хэн
нэгнийг бүү хүлээ- цаг тохируулж галд. Хэрэв гал салхи даган асвал, салхийг
ажиж бүү дайр- өдөр нь их салхитай байвал, шөнө нь салхи намждаг.

4. Дайнд галт довтолгооны таван төрлийг сайн мэдэж ойлго. Бүх арга барилаар
түүнээс хамгаал. Галт довтолгооны ач тус ойлгомжтой. Ус довтолоход их тус
болдог. Гэвч түүгээр тасалж болох боловч, эзэлж болохгуй.
Хэрвээ тулалдаж ялмаар байгаа бол, довтлоод булаамаар байгаа бол энэ аргыг бүү
хэрэглэ, гай гамшиг болж мэднэ. Үүнийг гай барцад ба хохирол гэж нэрлэнэ.
Гэгээрсэн хаан энэ аргуудад найдаж, сайн жанжин энэ аргуудыг хэрэглэдэг.

5. Хэрэв ашиг байхгүй бол, бүү хөдөл. Булааж чадахгүй бол цэргээ бүү түлх. Аюул
байхгүй бол бүү дайт. Эзэн хаан уураасаа болж дайн эхлэх ёсгүй, жанжин
хилэнгээсээ болж тулаанд орох ёсгүй. Ашиг сонирхолд нийцсэн үед довтолж, ашигт
нийцэхгүй байгаа бол, довтолдоггүй. Уур хилэн баяр хөөрөөр солигдож, уур инээд
баяслаар солигдоно. Гэвч устсан төрийг юуч нөхөн сэргээж чадахгүй, мөн амь
үрэгсэд буцаж амилахгүй. Тийм учраас гэгээрсэн хаан дайнд маш болгоомжтой
хандаж, сайн жанжин ихээр болгоомжилдог. Энэ бол төрийг энх амгалан, цэргийг
бүрэн бүтэн авч үлдэх арга зам юм.

13-р бүлэг.
Туршуул ашиглах

1. Сүн Цу хэлж гэнэ: зуун түмэн эрчүүдийг мянган
бээрийн цаана болох дайнд босгоход, Эзэн Хааны ба ард тариачдын зардал нэг
өдөрт мянган алтан зоос болдог. Дотоод мөн гадаад байдал тогтворгүйжиж, 70
түмэн гэр бүл зүдэрч ажлаа хийж чадахаа болино.

2. Нэг нэгэнтэйгээ олон жил хатгалзан дайтах боловч, ялалтыг нэг л өдөрт
шийддэг. Ийм цагт цол хэргэм, шагнал мөнгө харамлаж, дайсны байршлыг мэдэхгүй
гэдэг энэрэнгүй чанарын ба хүнлэг ёсноос гажууд, мунхагийн дээд болно. Хайрлан
харамладаг нь эрчүүддээ жанжин биш, Эзэн Хаандаа туслагч, Ялалтын эзэн байж
чадахгүй.

3. Энэ учраас, гэгээрсэн Хаад ба мэргэн Жанжин нар хөдөлж бусдыг дарж ялдаг
байсны учир нь бүгдийг түрүүлж мэдэж байсанд юм.

4. Эрдэм мэдлэгийг бурхад чөтгөрөөс авч болдоггүй, харьцуулан шалгаж олж
чадахгүй, мөн олон өдрийн тооцоогоор олж дийлэхгүй. Дайсны дотоод байдлыг
зөвхөн хүнээс олж болно.

5. Энэ учраас, тагнуул туршуул дотроо 5 янз байдаг: нутгийн туршуул, дотоод
тагнуул, эргэсэн тагнуул, үхлийн тагнуул ба амьдралын тагнуул.

6. Энэ тагнуул туршуулын таван янз нь ажиллахад, тэдний замыг мэдэж үл болно.
Үүнийг Ухаарч үл болох нууц гэнэ. Энэ бол Эзэн Хааны эрдэнэс юм.

7. Нутгийн туршуулыг дайсны нутгийн иргэдээс бүрдүүлж ашиглана. Дотоод
туршуулыг дайсны түшмэд бичээчээс бүрдүүлэн ашигладаг. Эргэсэн туршуулыг дайсны
туршуулыг өөрийн болгож ашиглана. Би ямар нэгэн хуурмаг юм сэдэж байвал, уг
туршуулуудад мэдэгдэхэд тэд дайсанд мэдээ хүргэдэг. Энэ бол үхлийн туршуулууд.
Амьдралын туршуул гэдэг, мэдээ сурагтай эргэж ирдэг нэгэн юм.

8. Энэ учраас цэрэгт туршуулаас ойр хүн гэж үгүй; туршуулд ихдэх шагнал гэж
үгүй; тагнуулын хэргээс илүү нууц хэрэг гэж үгүй. Төгс эрдэмгүй тагнуулыг
ашиглаж үл чадна; хүнлэг ба шударга ёсгүй тагнуулыг ашиглаж үл чадна; гярхай
хурц ухаангүйгээр тагнуулаас үнэн мэдээлэл авч чадахгүй. Нарийн бай! Гярхай
бай! Туршуулыг үл ашиглаж болох үе гэж үгүй.

9. Хэрэв тагнуулын мэдээ хүргэгдээгүй боловч, нууц задарсан бол: тагнуул ба
түүний мэдээ хүргэсэн хүн бүрийг устгах хэрэгтэй.

10. Хэрвээ дайснаа довтлон дайрч, цайзыг нь булааж, хүнийг нь устгахаар
шийдвэл, туршуулаа эхэлж жанжных, туслахуудынх нь, харуулынх нь дайчдын нэр
усыг мэдэж ав. Туршуулууддаа үүнийг заавал мэдэж авах тушаал буулга.

11. Хэрэв дайсны туршуул чамайг ажиглаж байвал, заавал түүнийг ашгаар өөртөө
татаж, өөрийн хажууд байлга. Учир нь чи эргэсэн тагнуултай болж, түүнийг
ашиглаж болно. Түүгээр дамжуулан чи бүгдийг харах болно. Тэр хүнээр чи нутгийн,
дотоод тагнуултай болж, тэднийг ашиглаж болно. Энэ учраас ямар нэгэн заль мэх
хэрэглэвэл, үхлийн туршуулдаа дайсныг төөрөгдөлд оруулахаар явуул. Түүгээр
дамжуулан чи бүгдийг мэдэх болно. Үүний дараа амьдралын тагнуулаа өөрийн
зорилгын дагуу ашиглаж болно.

12. Бүх таван төрлийн туршуулын хэргийг Эзэн Хаан өөрөө мэднэ. Гэвч дайсны
тухай эргэсэн туршуулаар л мэдэж авч болно. Энэ учраас эргэсэн туршуултай нэн
анхааралтай хандах хэрэгтэй.

13. Эртний цагт Инь гүрэн мандахад Ся гүрэнд И Жи байсан. Жоу гүрэн мандахад,
Инь гүрэнд Лю Я байсан. Зөвхөн гэгээрсэн хаад ба мэргэн жанжин нар өөрийн
туршуулаа өндөр боловсролтой хүмүүсийг болгож, их хэрэг бүтээдэг. Туршуул
ашиглах бол дайнд хамгийн ноцтой салшгүй хэсэг нь бөгөөд, их цэргээр бүтээдэг
хэргийн чухал багана нь юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж