Хасагдах шатны тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Хасагдах шатны тоглолтууд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөөх хасагдах шатны тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Хан-Уул Дүүргийн Биеийн тамир спортын зааланд боллоо.

Хасагдах шатны тоглолт буюу шөвгийн тоглолтод нийт 43 сургуулийн 110 багийн 1500 орчим тамирчид өрсөлдөж байгаа юм.

13 насны хоёр удаагийн аварга 97-р сургуулийн баг хасагдлаа

Гуравдугаар сарын 30-31-ны өдрүүдэд шөвгийн 16-д үлдэхийн төлөө тоглож буй 60 багийн нийт 30 тоглолт явагдсан. Энэхүү тоглолтууд нь хариу тоглолтгүй гэдгээрээ онцлогтой ба хожсон нь шууд шилдэг 16-д үлдэж харин хожигдсон багийн хувьд энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөх байлаа.

Дээрх 30 тоглолт улам сонирхолтой өрнөж нийт таван тоглолт нь тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор тоглолтоо шийдвэрлэсэн. Үүнд онцлон хэлбэл Шинэ Монгол сургуулийн 15 насны ангилалын баг ХасБанкны Оюуны Ундраа ЦС-тай үндсэн цагт 2:2-ийн харьцаатайгаар тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор хожсон бол тэдний 17 насны баг мөн л үндсэн цагтаа тэнцэж, торгуулийн цохилтоор өрсөлдөгч болох Дэлхийн Зөн Хайлааст ОНХХ-ийн ивээн тэтгэсэн 72-р сургуулийн багийг буулгаж авлаа. Мөн 17 насны ангилалд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан МИГ Даатгалын 92-р сургууль нь ХасБанкны ивээн тэтгэсэн 58-р сургуультай үндсэн цагт тэнцэж, торгуулийн цохилтоор ялагдсан байна.

Та бүхний мэдэж байгаагаар өнгөрсөн жилийн 11 насны аварга баг болох Ти Си Ай ХХК-ийн баг хэсгийн тоглолтондоо бүдэрсэн бол энэ долоо хоногийн тоглолтонд мөн л нэг аварга бүдэрлээ. Энэ нь 13 насны ангилалд 2 удаа дараалалн түрүүлээд байсан Шунхлай компаний 97-р сургуулийн баг юм. Тэд ХасБанкны Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн хүчтэй багтай таарч тоглон эхний үед 3:0-ийн харьцаатайгаар тэргүүлж байсан боловч үндсэн цагт 3:3-аар тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор ялагдсан байна.

Мөн торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдсэн нэг тоглолт бол БУМО спорт барааны дэлгүүрийн ивээн тэтгэсэн Цэцээ Гүн ЦС болон ХасБанкны 12-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт юм. 2 багийн тоглолт үндсэн цагт 5:5-р тэнцэж торгуулийн цохилтыг Цэцээ Гүн Цогцолбор сургууль илүү сайн хийж улмаар 9:8-аар хожиж дараагийн шатанд Оюуны Ундраа Цогцолбор сургуультай тоглохоор боллоо.

Ингээд нийт 30 тоглолтонд 268 гоол орсон бол эзэн зочдын харьцаа 161:107 байсан.

2020 дахь гоолийн эзэн тодорлоо

7 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд нийт 2316 гоол ороод байгаа ба бидний энэ жилийн 2020 дахь гоолийн эзэн тодорсон байна. Энэхүү гоолийн эзэн бол “Сэлэнгэ Пресс” ХХК-ийн ивээн тэтгэсэн V сургуулийн 17 насны ангилалд багийн ахлагчаар тоглож байгаа Балдорж овогтой Мөнхболд юм. Тэрээр Худалдаа Хөгжлийн Банкны ивээн тэтгэсэн I сургуулийн эсрэг хийх тоглолтонд гоол хийснээр энэ жилийн 2020 дахь гоолийн эзэн боллоо.

Хамгийн олон гоол орсон тоглолтоор “Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 28-р сургууль болон 53-р сургуулийн 15 насны ангилалын тоглолт юм. Тоглолт үндсэн цагт 10:7-ийн харьцаатайгаар 28-р сургууль хожсон ба энэ тоглолтонд нийт 17 гоол орсон байна.Харин өрсөлдөгчдөө ямарч боломж өгөлгүйгээр хожсон баг бол Keisy Fine-ийн ивээн тэтгэсэн 75-р сургуулийн 15 насны баг юм. Тэд Бага Хангай цогцолбор сургуулийг 16:0-н харьцаатайгаар буулгаж авлаа. Эсрэгээр Бага Хангай Цогцолбор сургуулийн 17 насны баг нь ХасБанкны 57-р сургуулийг 13:2-р хожиж мөн л эсрэг багтаа боломж өгсөнгүй.

“Дуулиан-2020” тэмцээний шөвгийн 16-ийн тоглолтууд энэ сарын 6-7-ны амралтын өдрүүдэд Хан-Уул Дүүргийн БТСЗааланд үргэлжлэх бол мөн энэ сарын 13-14-ны өдрүүдэд ивээн тэтгэгч байгууллагуудын хоорондох 11 дэх удаагийн тэмцээн явагдах юм.

Хөлбөмбөг сонирхогч та бүхнийг амралтын өдүүдэд хүрэлцэн ирж Монгол Улсын хөлбөмбөгийн ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудыг дэмжээрэй гэж уриалмаар байна.

 Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.duulian2020.mn болон Facebook, Twitter  хуудаснаас авч болохоос гадна 99851029, 95699778, 99500214 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

Их Талын Дуулиан ТББ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж