“Дуулиан 2020”-ийн шөвгийн тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020”-ийн шөвгийн тоглолтууд эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнийн шөвгийн 16-н эхний тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул Дүүргийн Биеийн тамир спортын зааланд боллоо. 

Нас насны ангилалд шилдэг 16 баг үлдэж, энэ шатнаас эхлэн аваргуудын лигийн системээр буюу хариу тоглолттой явагдаж байгаа. Иймд дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд шөвгийн 16-ийн эхний тоглолтууд эхэллээ. Нийт хөвгүүдийн дөрвөн насны ангилалын 32 тоглолт явагдсан бол охидын хоёр насны ангилалын тоглолтууд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эхлэх юм.

32 тоглолтонд 19 шар, нэг улаан картыг өгчээ

Нийт явагдсан 32 тоглолтонд 315 гоол орсноос эзэн зочдын харьцаа 186:129 байна. Харин нэг тоглолтонд дунджаар 9 гоол орсон байна. Энэхүү 32 тоглолтонд нийт 19 шар, 1 улаан карт өгөгдсөн байна.  Хамгийн олон гоолийн зөрүүтэй тоглолт бол 17 насны ангилалын “Хасу Мегаватт” ХХК-ийн ивээн тэтгэсэн 10-р сургууль болон “Шинэ Монгол” сургуулийн хоорондох тоглолт юм. Энэ тоглолт 17:3-ийн харьцаатайгаар эзэн багаар тоглосон 10-р сургуулт илт давуу буюу 14 гоолийн зөрүүтэйгээр хожсон байна. Энэхүү тоглолтонд мөн хамгийн олон гоол буюу 20 гоол орсон байна. Дашрамд дуулгахад 17 насны ангилалд хамгийн хүчтэй гэгдэж байгаа баг бол 10-р сургуулийн баг юм.

Харин шөвгийн тоглолтууд өнгөрсөн долоо хоног эхэлсэн ба хамгийн анхны улаан картын эзнээр “Ти Си Ай” ХХК-ийн 17 насны ангилалын багийн хамгаалагч энэ долоо хоногийн хамгийн сүүлийн тоглолтондоо  улаан картаар торгуулж тодорсон байна. Гэхдээ баг нь 53-р сургуулийг 10:3-аар илүүрхэж, 17 насны ангилалд мөн л хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа.

13 насны ангилалын шигшээ баг ОУ-ын тэмцээнд оролцоно

Та бүхэндээ дуулгахад манай Монгол Улсын 13 насны ангилалын шигшээ баг Хонгконг улс руу Олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Шигшээ багийн 15 хөлбөмбөгч “Дуулиан-2020” тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд ажээ. Тэдний хувьд Монгол Улсынхаа нэрийг гаргахын тулд бэлтгэлээ базааж байсан тул, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Дуулиан-2020” тэмцээний тоглолтонд оролцож чадаагүй юм. Харин үндсэн тоглогч нар нь байхгүй үед ялагдал хүлээсэн баг бол “Саммит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 24-р сургуулийн 13 насны ангилалын баг юм. Тэдний багийн гарааны дөрвөн тоглогч, тэр дундаа А.Мөнх-Оргил  тоглоогүй учраас тэд “ХасБанк”-ны ивээн тэтгэсэн 6-р сургуулийн багт 12:6-аар хожигдсон байна. 24-р сургуулийн үлдсэн тоглогч нар нь бусдаасаа дутахааргүй тоглож чадна гэдгээ харуулсан ч, 6-р сургуулийн баг тамирчид маш сайн бэлтгэлтэй байгаагаа харуулан эхний толголтондоо хожиж чадлаа. Харин хариу тоглолтонд шигшээ багийн тамирчид багтаа буцаж ирж амжих учраас тоглолт маш сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. 24-р сургуулийн 15 болон 11 насны багууд өрсөлдөгчдөө ямар ч боломж өгөлгүйгээр хожиж чадлаа. (15 нас нь 15:3-аар, 11 нас нь 14:0-оор) Хариу тоглолтонд гайхамшиг л тохиолдохгүй бол тэд шөвгийн наймд үлдэх нь тодорхой боллоо.

Эргэн эрэлтийг Амгалан ЦС-ийн 13 насныхан харууллаа

Хамгийн сайн эргэн эрэлтийг Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ивээн тэтгэсэн Амгалан цогцолбор сургуулийн 13 насны ангилалын баг хийлээ. Тэд Дэлхий Зөн Хайлааст ОНХХ-ийн ивээн тэтгэсэн 72-р сургуулийн багтаа тоглосон ба сүүлийн гурван минут хүртэл 4:0-ийн харьцаатайгаар хожигдож байсан боловч “Амгалан” цогцолбор сургуулийн 11 дугаартай тамирчин Мөнхбаяр гурван гоол, 12 дугаартай тамирчин Энхбилэг хоёр гоол хийснээр тэд эцэст нь 5:4-р тоглолтыг бүрэн эргүүлж чадлаа.

Мөн өнгөрсөн долоо хоногт та бүхний мэдэж байгаагаар манай “Дуулиан-2020” тэмцээний 2020 дахь гоолийн эзэн тодорсон ба энэхүү азтан болсон “Сэлэнгэ Пресс” ХХК-ийн ивээн тэтгэсэн 5-р сургуулийн 17 насны ангилалын н.Мөнхболд тодорч улмаар шагналаа хүртсэн байна. н.Мөнхболд нь өөрөө 17 насны ангилалын багийн ахлагч ба тэд энэ удаад ХасБанкны 58-р сургуультай таарч тоглон Мөнхболдийн 6 гоолийн ачаар 8:6-аар эхний тоглолтондоо ялалт авч чадлаа.

33-р сургуулийн баг эхний ялалтаа авлаа

Хамгийн баг нас болох 11 насны ангилалын багуудын хооронд сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтууд мөн боллоо. Үүнээс хамгийн сонирхолтой явагдсан тоглолт бол “Деллоит Онч Аудит” ХХК-ийн ивээн тэтгэсэн 28-р сургууль болон “Шүрт Булаг” ХХК-ийн ивээн тэтгэсэн 33-р сургуулийн хооронд явагдсан. Тэд тоглолтын турш ээлж дараалан гоолдсоор эцэст нь 3:3 байхад 28-р сургуулийн баг маш олон гоолийн боломжийг алдаж, улмаар эсрэг баг болох 33-р сургууль харин гоолдож 4:3-аар эхний тоглолтондоо ялалт авч чадлаа. Энэ хоёр багийн хариу тоглолт маш сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

15 насны ангилалд хүчтэй гэгдэж байсан Keisy Fine –ийн ивээн тэтгэсэн 75-р сургууль сүүлийн мөчид хоёр гоол оруулснаар “Деллоит Онч Аудит” ХХК-ийн 28-р сургуулийг 4:3-р хожсон бол DDISCH TV-ийн ивээн тэтгэсэн 65-р сургууль мөн л сүүлийн мөчид илүү тоглож өрсөлдөгч болох ХасБанкны 6-р сургуулийг 5:4-р хожсон байна. Харин Шунхлай компаний ивээн тэтгэсэн 97-р сургууль өрсөлдөгчөө асуудалгүйгээр 12:2-р хожиж энэ насны ангилалд хүчтэй багуудын нэг гэдгээ улам баталж чадлаа.

“Дуулиан-2020” тэмцээний дараагийн долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 13-14-ны өдрүүдэд ивээн тэтгэгчдийн 11 дэх удаагийн тэмцээн явагдана. Та бүхэн ивээн тэтгэж байгаа байгууллагын хамт олноо дэмжэхээр хүрэлцэн ирээрэй. Харин шөвгийн 16-ийн хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 20-21-ны өдрүүд явагдана.

Бусад багуудын тоглолтын харьцаа болон хуваарийг www.duulian2020.mn болон Facebook, Twitter  хуудаснаас авч болохоос гадна 99851029, 95699778, 99500214 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

Хөлбөмбөг сонирхогч та бүхнийг амралтын өдүүдэд хүрэлцэн ирж Монгол Улсын хөлбөмбөгийн ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудыг дэмжээрэй гэж уриалмаар байна.

Их Талын Дуулиан ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж