• Зурхай

Энэтхэг охин нас баржээ

2013 оны 5 сарын 1


Энэтхэгийн төв хэсгийн Мадхья-Прадеш мужид бусдад хулгайлуулж, 48 цаг гаруй хугацаанд цоожтой хаалганы цаана хоригдон хүчирхийлэлд өртсөн таван настай охин гэмтлээ даалгүй нас баржээ. Энэтхэгийн албаныхны мэдээлснээр бяцхан охин даваа гаригийн шөнө Нагпур хотын эмнэлэгт нас барсан байна. Одоогоор цагдаа нар таван настай охиныг хулгайлан, бузарласан хэрэгт сэжиглэн нэг эрэгтэйг баривчлаад байгаа аж. Охин 48 гаруй цагийн хугацаанд жигшүүрт этгээдийн гарт тарчилсан бөгөөд гэмт этгээдийн хөрш нь охины уйлахыг сонсож, цагдаад мэдэгдснээр энэ бузар хэрэг илэрчээ.

Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Дэлхи хотод таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч байсан. Энэтхэгт удаа дараа гарч буй охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргийн талаарх мэдээлэл олон нийтийн сонорт хүрснээр тус улсын ард иргэдийн төдийгүй, дэлхий нийтийн дургүйцэл, жигшлийг төрүүлээд байгаа юм.

Энэтхэгийн Дэли хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сард 23 настай оюутан бүсгүй автобусанд зорчиж явахдаа бүлэг этгээдийн хүчинд автаж, зодуулснаас болж нас барсан билээ. Энэ хэргээс улбаалаад Энэтхэгийн охид, эмэгтэйчүүд Засгийн газраасаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардан жагсаал цуглаан хийснээр тус улсад болж буй бусармаг хэргүүд гадаадын хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөх болжээ.

Б.АНХТУЯА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна