Төмөр замын гармын мэдлэгийг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Төмөр замын гармын мэдлэгийг дээшлүүлнэ

“Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” –ийг Монгол Улс анх удаа өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ.  Замын хөдөлгөөнд оролцогсдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой тэмдэглэлт өдрийн хүрээнд өнөөдөр Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Удирдах газар хамтран мэдээлэл хийсэн юм. Төмөр замын гармын талаарх мэдлэгийг ийнхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд авч үзэх болсон олон талын онцлогтой тухай албаныхан хэлсэн юм. Уг өдрийг Европын  27 орон тэмдэглэдэг бөгөөд улс орнууд гарамын техник, технологи, тоноглолыг сайжруулах, хотжилттой холбоотойгоор авто зам, төмөр замыг хоёр төвшинд огтлолцуулахыг төрийн бодлогоор авч хэлэлцэж,  иргэдийг мэдлэгжүүлсний дүнд төмөр замын гарам дээр гардаг зөрчлийн тоо 40 хувь буурчээ. Тиймээс ийм туршлагыг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж буй.

Монголын хувьд энэ талаарх хууль, эрх зүйн орчин хангалттай байдаг буюу 2007 онд Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсаны 28 дугаар зүйлд нь гарамын тухай заасан байдаг ажээ. Үүнд үндэслэн 2008 онд төмөр замын гарам ашиглах журам батлагдсан байна. Хүний аюулгүй амьдралд зайлшгүй шаардлагатай замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах уг хууль, дүрмийг хэрэгжүүлэх үүднээс төмөр замын гарамын өдөр гэж тодорхой нэг өдөр ч болов энэ талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд түлхүү өгөх, сургалт сургалтыг хийж байгаа ажээ. Тухайлбал, төмөр замчид Дархан, Чойр хотын төмөр замын вокзал, гарамууд дээр гарамын аюулгүй байдлын талаарх мэдээлэл, сурталчилгааг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулж буй талаар албаныхан мэдээллээ.

Монгол Улсад 2013 оны эхний дөрвөн сарын байдлаар төмөр замын гармууд дээр зам тээврийн осол зургаа гарчээ. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, жолооч нар анхааралгүй байснаас болсон аж. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэмд 14-ийн 1-д  “жолооч зөвхөн төмөр замын гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ урд байгаа галт тэрэг, зүтгүүрийг урьдчилан өнгөрөөнө”  гэсэн заалтыг зөрчсөнөөс дийлэнх осол гардаг ажээ.  Мөн гэрлэн дохио асч байгаа үед гэрлэн дохиог санаатай болон санамсаргүй байдлаар зөрчдөгөөс шалтгаалж осол, зөрчил гардаг  байна. Уг зөрчлийг албаныхан зөвхөн нийслэлийн дагуух төмөр замын гармаар шалгадаг байсан бол төмөр зам дагуух бүх л хэсгээр шалгалт хийх болжээ. Цаашдаа төмөр замын гарамаа шинээр тоногжуулах, гарамын ачааллыг зохицуулах, иргэдийг мэдлэгжүүлэх шаардлагатай гэнэ.

Сонирхуулахад, 3000-6000  тонн жинтэй, 90-100 км /цаг хүртэл хурдалж байгаа галт тэрэг гарам дээр зайлшгүй тохиолдолд яаралтай зогсолт хийхээр болвол 800-1200 метр шаардлагатай ажээ.  Авто машин гурван тонн жинтэй, 70 км /цагийн хурдтай явж байлаа гэхэд 40-70 метрт авто машин зогсох боломжтой юм байна. Үүнээс харахад, төмөр замын тээвэр нь авто замын тээврээс 10 дахин их аюулын эрсдэлтэй аж. Төмөр замын гарам дээр осолдсон тохиолдлын 50 хувь нь золгүй явдлаар төгсдөг бол, авто тээврийн ослын 5 хувь нь золгүй тохиолдлоор төгсдөг судалгаа байдаг ажээ. 

Төмөр замын гарамд зөрчил гаргасан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн жолооч нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хүртэлх арга хэмжээ авдаг байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтойгоор төмөр замын гармаар гарах, замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан уриаллаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж