Н.Энхбаярын бие дордсоор байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын бие дордсоор байна гэв

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний тайлбараар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдал сүүлийн үед дордсоор тун хүнд байдалд ороод байгаа гэнэ. Өнгөрсөн оноос эхлэн шоронд хоригдож, энэ үедээ өлсгөлөн зарласнаас эрүүл мэнд нь доройтсон. Эмч нарын дүгнэлтийг үндэслэн түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас эхлүүлэн эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийсэн ч жин хаяж, нойргүйдэж, хоолны дуршилгүй болсон аж. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө Н.Энхбаяр дарга 93 кг жинтэй байсан ч жин хассаар өдгөө 66 кг болсон гэлээ.

Н.Удвал сайд хэлэхдээ “Засгийн газрын гишүүд маргаашнаас эхэлж 10 хоног амрах гэж байна. Намайг амрахын өмнө өнөөдөр эмнэлгээс бичиг ирүүллээ. Н.Энхбаяр даргын бие илт муудсаар одоо хүнд байдалд ороод байгаа юм байна. Түүнийг эмчлэгч эмч нар эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ялаас чөлөөлөх хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд өргөн барьсан. Өнөөдөр долдугаар сар дундаа орж байхад хариу ирүүлсэнгүй. Намайг амарч байх хооронд энэ хүнд ямар нэг зүйл тохиолдох вий гэж санаа зовнин мэдээлэл хийлээ” гэж хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж