Ухаарсан хүнд уучлал бол агуу том шийтгэл

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Ухаарсан хүнд уучлал бол агуу том шийтгэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн үлдсэн ялаас чөлөөлөв. Зарлигийн дагуу Н.Энхбаяр өдөртөө багтан суллагдаж энгийн иргэн болсон нь амралтын улирал эхэлж нам гүмхэн болоод байсан нийгмийн хүрээнд хамгийн дуулиан дагуулсан үйл явдал боллоо.

Сайтууд сэтгэгдлээр бялхаж, санаа бодлоо уралдуулсан иргэд хоёр талцан “үзэлцэв”.  Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа Н.Энхбаярт уучлал үзүүлсэн нь зөв гэж үзсэн нь 70 хувьтай байхад сөрөг талын сэтгэгдэл 30 орчим хувийг бүрдүүлжээ.

Н.Энхбаярыг сулласан нь буруу хэмээн үзсэн хэсэг юуны өмнө энэ үйл явдлыг авлигатай хийх тэмцлээсээ Монгол Улсын Ерөнхийлөгч ухарсан хэрэг боллоо хэмээн гэсэн байна. Бас Н.Энхбаяр өөрт нь уучлал үзүүлэхийг ямар хэлбэрээр илэрхийлсэн бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч иржээ.

Н.Энхбаярыг сулласан нь авлигатай хийх тэмцлээс ухарсан хэрэг бус, харин ч түүнийг хорьж шийтгэсэн нь олон олон авлигын хэргийг илрүүлэх сэжим болж, АТГ хэмээх дүнсгэр байгууллага жинхэнэ утгаараа ажилд орсныг олон нийт мэдэж байгаа. Өндөр албан тушаалтнууд эзэнгүй хотонд орсон чоно мэт төрийн өмчөөр нааддаг, авлига, хээл хахуулийн тороор нийгмийг хэрдэг байсан цаг өнгөрч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ял оноосноос хойш авлигатай хийх тэмцэл жинхэнэ утгаараа өрнөж, ганцхан жилийн дотор Монгол Улсын авлигын индекс 26 орноор буурч авлига нь огцом буурсан орноор тодорсон юм. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад авлигатай хийх тэмцлээс ухраагүйгээр барахгүй улам эрчимжиж буйг гэрчилнэ.

Адгийн наад зах нь нийслэл хотын гудамж талбай өмнө хэзээ ч байгаагүйгээр цэцэг навчинд умбаж, зам, талбайн ажил халуун зунаар ид өрнөж, хөдөө орон нутагт бүтээн байгуулалтаар амьсгалж байна. Урьд нь хэзээ ийм байлаа. Энэ бүхэн авлигаас чөлөөлөгдсөн нийгэм хэрхэн хурдан сэргэдгийг харуулж байгаа хэрэг. Гудамжаар алаглах цэцэг авлигын хэргийг илчлээд өгөв биш үү. Хотоо тордох мөнгө авлигачийн халаасанд оролгүй үлдэхээр ингэж цэцэг навч болон дэлгэрч утаа тоос дарж, уушги тэлэх агаар нэмдгийг энэ зун харлаа.

Гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэх онцгой бүрэн эрх Үндсэн хуулиараа зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид л байдаг. Тэр эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Төрийн тэргүүн асанд уучлал үзүүллжэ. Түүнд уучлал үзүүлснээр авлигатай хийх тэмцлээсээ ухраагүй, харин ч олныг ухааруулсан алхам хийлээ гэж хэлж болно. Ерөөсөө нэгнээ уучлах, уучлалаас ухаарах гэдэг хүн төрөлхтөний хамгийн нандин үйл байдаг билээ. Ухаарсан хүнд уучлал бол агуу том шийтгэл юм.

Н.Энхбаяр уучлалт гуйх хүсэлт ирүүлсэн үү гэсэн асуулт олноор гарах болов. Уучлалт хүссэн хүсэлт ямар ч хэлбэрээр байж болно. Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүнийг ялаас хэлтрүүлж эрүүл мэндийг нь бодох, гадаад улс оронд эмчилгээ хийлгэх хүсэлт МАХН-ын зүгээс, ар гэрээс нь, Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас удаа дараа гарч байсан билээ. Эдгээр нь ямар нэг хэлбэрээр Н.Энхбаярыг уучилж эрүүл мэндэд нь анхаарах боломж олгооч гэсэн хүсэлтүүд байв.

Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас чөлөөлөгдөн гэртээ харьж энгийн иргэн хүний амьдралаар амьдрах эрхтэй боллоо. Энэхүү уучлал ухаарал дагуулж авлигын замыг таслах нэгэн том сургамж болон үлдэнэ гэдэгт итгэж байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж