Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий­лөгч асан Н.Энхбаяр шүүхээс ял сонссоныхоо яг нэг жилийн ойн дээр суллагдав.

Хаалттай торны цаана гэхээсээ илүүтэй эмнэлгийн орон дээр тарчилж, шоронгийн харгал­загчаар мануулан өдөр хоногийг өнгөрөөж бай­сан түүнд Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлснээр тэрбээр энэ сарын 1-нд ард түмэнтэйгээ гар даллан мэндчилж, бас залбирч уулзав.

Өөртөө итгэлтэй хүчтэй төрх, хэн ч атаархах чадалтай, боловсролтой улстөрч, 90 жилийн турш Монголын төрийг атгаж байсан намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн хүчирхэг дүрээрээ бас  авлигын загалмайлсан эцэг гэсэн таагүй имижээр өнөөдөр ч цоллуулж яваа тэрбээр энэ удаад ард түмэнтэйгээ огт өөр дүрээр мэндчилсэн нь танигдахын аргагүй болтлоо турж, цонхийсон, ядрангуй царай байлаа. Гэхдээ тэрбээр ийм төрхтэй ард түмэнтэйгээ мэндчилснээр муу, эсвэл муухай хүн болж харагдсангүй. Харин ч “Чадлаа даа энэ хүн.Гар өргөж бас залбирч бидэнтэй мэндчилж байна” гэсэн халуун дотно үгээр нарснаас наранд гарсан юм. Одоо тэрбээр ялтан Н.Энхбаяр бус Монгол Улсын иргэн Н.Энхбаяр.  Эмчлэгч эмч нарынх нь өгүүлснээр тэрбээр жилийн өмнөхөөсөө 30 кг турсан гэх бөгөөд түүний энэхүү төрх байдал бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүнд үзүүлсэн уучлалын талаар ард түмэн янз янзаар ярьж бас харж байна. Тэдэн дундаас Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хооронд агуу Ч.Лодойдамбын алдарт “Тунгалаг Тамир” романы “Ахаа та намайг бодоорой” гэсэн Хонгорын үг, Цахиур Төмөрийн монгол эр хүний ноён нурууг заан хамгаалсан тэр агуу сэтгэл дутчихав уу даа гэсэн яриа хөвөрч байгаа юм. Хэрэв тэдний хооронд эр улс шиг ийм яриа өрнөсөн бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал арай өөр байсан ч байж мэдэх. Нөгөө талаар ард түмэн “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэгчлэн Ц.Элбэгдорж нэгэн үе өөртэй нь адилхан алба хашиж, улс эх орныхоо төлөө хамтран зүтгэж байсан тэр хүнийг ийм болохоос нь өмнө цагаатгачих боломж байсан гэдгийг хэлж байгаа. Яагаад гэвэл энэ эрх мэдэл Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд нь бус Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн статуст нь байдаг учраас түүнийг энэ боломжоо ашиглах болов уу гэсэн найдлага олон хүнд байсан л байх. Магадгүй Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүнийг ял авсан даруйд цагаатгасан бол түүнээс Монголын төрийг хүндэлж буй агаар үнэртэх байсан нь дамжиггүй. Бас Ц.Элбэгдорж гэдэг хүний цагаа олсон цагаатгах тогтоол түүнийг одоо байгаагаас нь илүү хүчирхэг өөрсдийнх нь хэлдэгчилэн дэлхийн энтэй улстөрч гэдгийг батлаж, харуулж чадах байсан  ч юм бил үү. Гэхдээ энд Ц.Элбэгдоржийг зөвтгөж болох хэд хэдэн  шалтгаан бий гэсэн яриа бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Н.Энхбаяр гэдэг хүн хамгийн том өрсөлдөгч. Тийм ч учраас түүнийг дахин өмнөөс нь гар сарвайх тэнхэлгүй болсон хойно суллалаа гэсэн яриа.Магадгүй л юм. Яагаад гэвэл эмч нарынх нь өгүүлсэнчлэн Н.Энхбаяр гэдэг хүн өмнөх шигээ хүчтэй байж чадахгүй болсон.Түүний тархи үхэжсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан нь баттай бол Ц.Элбэгдорж хамгийн том өрсөлдөгчөө, хамгийн бохир аргаар дарж авсан болж таарч байна. Товчхондоо бол Ц.Элбэгдоржийн удирдлага дор байдаг шүүхээс уншсан ялын тогтоол түүнд асар том өрсөлдөгчөө дарахад нь тусласан байж таарах нь.Нөгөө талаар түүнийг Н.Энхбаяр гэдэг хүнийг уучлах биш цагаатгах ёстой гэсэн ч журмын анд, намын нөхөр, үнэнч туслах нь гэгддэг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тас эсэргүүцсэнээр хожимдсон уучлал үзүүлсэн гэх бор шувуу нисээд байгаа юм. Ц.Элбэгдоржийн арьсаа хамгаалах гэсэн хожимдсон оролдлого гэж болох.

Дахин хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр гэдэг хүнийг ямар ч гэм, нүгэлтэй байсан нэгэн үе өөртэй нь адил Монголын төрийг жолоодож явсан гэдгээр нь хүндэтгэн үзэж, Монголын төрөө хүндэлж хожимдсон уучлал үзүүлэх бус харин цагаа олсон цагаатгах тогтоолыг уншсан бол тэрбээр өдийд өөрийгөө дэлхийд нэртэй улстөрч гэдгээ ямар ч өчиггүй нотлох байлаа. Харамсалтай нь нэгэн цагт УИХ-ын дарга Н.Энхбаярын өмнө “Ах аа намайг бодоорой” хэмээн гэлбэлзэж зогссон Ц.Элбэгдорж өөрийнх нь ээлж ирэхэд Цахиур Төмөр мэт байж чадсангүй. Н.Энхбаяр харин Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн хүрээн дэх Цахиур Төмөр нь байж чадсан билээ.

Үүний ард хүн чанарын, хүн ёсны, хүн төвд төрийн гуниг хийгээд харуусал нуугдаж буй… Энэ харууслыг Н.Энхбаярын нүүрэнд нэмэгдсэн үрчлээ болгоноос, ядруу ч гэсэн нүднийх нь харцанд урьдын адил үлдсэн цог мэт гэрлээс харж болно.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж